Дугуй түрээсэлмээр байна

Улаанбаатар хотдоо дугуйн замтай болох санаачилгыг улстөрч нэртэй хүн болгон гаргасан нь үнэн. Ядаж л ярьдаг. Яг үнэн хэрэг дээрээ өнөөдрийг болтол хэрэгжүүлсэн нь цөөхөн байна. Өнгөрсөн дөрвөн жилд энд тэнд бага сага дугуйн зам шийдлээ. Яахав оргүйгээс гэдэг шиг эхлэлийг нь ч болов тавиад өгчихлөө. Угаасаа дугуйн битгий хэл машин замгүй байсан Улаанбаатар хот харин ч өнгө орчихсон. Эвдэрхий замаа засаад овоо болгочихлоо. Эхнээсээ дугуйн замтай болж байна. Яваандаа энэ мэтээр асуудлаа шийдээд явбал дугуйн зам нэмэгдэх нь тодорхой. Энэ сонгуулийн дараа гарч ирж, төр барих хүмүүс хэн ч байлаа гэсэн дугуйн зам, бүтээн байгуулалтын асуудалд анхаарлаа хандуулах байх. Ингэж өөдрөгөөр төсөөлж байна.
 
Тийм болохоор манай бизнесмэнүүд дугуй түрээсийн үйлчилгээнд анхаарлаа хандуулаад, хөгжүүлэх гээд үзвэл яасан юм бэ. Манайхаас гадаад явж, туршлага судлах дуртай. Тийм ч оронд очиж, тэгж ч туршлага судаллаа гээд л төрийн албан хаагчид бөөн бөөнөөрөө тив алгасан бизнес ангилалаар нисдэг нь худлаа биш. Тэгвэл дугуйн зам болоод дугуй түрээсийн үйлчилгээг манай өмнөд хөршийнхөн жинхэнэ утгаар нь хөгжүүлчихэж. Бээжин, Хөххот зэрэг томоохон хотуудад дугуй түрээсийн үйлчилгээ ид цэцэглэн хөгжиж байгаа юм билээ. Тэгэхдээ иргэдэд бүр амар байх шийдлийг хүртэл олчихсон.
 
Дугуй түрээсийн газар гээд байшин барилга байхгүй байна. Зүгээр л гудамжид, дугуйн зогсоолтой, тэндээ түгжээд тавьчихсан байдаг. Түрээслэх хүн нь карттай байдаг аж. Тэгээд дугуйн зогсоол дээр нь очоод, картаа уншуулж мөнгөө төлөөд, цоож нь тайлагдаад дугуйгаа унаад явчихна. Хамгийн гоё нь тийм дугуй түрээслүүлдэг зогсоол хотын хаа сайгүй байдаг юм билээ. Нэг газраас дугуй түрээсэлж авсан хүн заавал буцааж аваачиж өгөх гэж цаг заваа гарздах шаардлагагүй. Харин очих гэж байгаа газрынхаа ойролцоо байгаа өөр нэг зогсоолд тавиад, картаа уншуулаад л гүйцээ. Хэдэн минут, цагийн хугацаанд хэрэглэснээсээ шалтгаалаад картнаас нь мөнгө нь хасагдаад явчихна.
 
Дээрээс нь түрээсийн дугуй нь нэг загварын, ижил өнгөтэй. Бусад дугуйнуудаас эрс ялгарахаар. Хаана ч явж байсан энэ түрээсийн дугуй байна гэдэг нь мэдэгдэхээр, танигдахаар юм билээ. Манайх энэ үйлчилгээг яагаад хөгжүүлж болохгүйгэж. Гэхдээ Монголд яаж шийдвэр зүгээр вэ гэдэг аргыг нь бас олох хэрэгтэй байх. Манайхан их хотын соёл, орчинд арай л суралцаагүй байгаа хүмүүс шүу дээ. Тийм болохоор дугуй түрээслэнэ гэхээр тэр чигт нь унаад явчихаж мэдэх л хүмүүс. Тийм болохоор картандаа тэдэн төгрөгтэй, барьцаа маягаар байрлуулдаг байх хэрэгтэй ч байж болох юм. Ямар ч байсан нэг шийдэл байгаа.
 
Бид өнөө цагт машины утаанаас үүдэлтэй агаарын бохирдолттой тэмцэж байгаа. Дээрээс нь замын түгжрэлтэй ч бас тэмцэл хийж байна шүү дээ. Энэ тэмцэлд оруулах нэг том хувь нэмэр бол дугуйн зам. Цаашлаад дугуй түрээсийн үйлчилгээ. Хүн бүр шууд дугуй аваад унах боломж хомс. Тиймээс зайлшгүй дугуй түрээсийн үйлчилгээ хэрэгтэй байгаа юм. Бид одооноос л бага багаар хөгжүүлж эхэлж байж, 5, 10 жилийн дараа огт өөр хэмжээнд очно шүү дээ.


Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus