Эрх баригчдын мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт байжээ

УИХ  болон аймаг, нийс лэлийн ИТХ-ын ээлжит сонгууль болоход 13 хоног үлдлээ. Зургадугаар сарын 29-нд болох сонгуулийн сонголтод нөлөөлөх гол хүчин зүйл бол улс төрийн нам, эвслийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл, иргэд  саналаа өгөхөөс өмнө нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, бодлогыг судалж, хувийн дүгнэлт хийдэг. Түүнчлэн дөрвөн жилийн өмнө амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар хэмжээнд байгаа нь бас нэгэн шалгуур.  Энэ ч утгаараа өнгөрсөн 2012 онд сонгогчдын дийлэнх нь АН-д итгэл хүлээлгэсэн боловч эцэст нь ам руугаа “алгадуулав”. Одоогоор ард түмнийг хамгийн их цочирдуулсан зүйл бол 2012 оны сонгуулиар амласан АН-ынхны мөрийн хөтөлбөрийн биелэлт юм. Товчхондоо, АН-ынхны боловсруулсан мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт байжээ. Улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөр гэдэг сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жилийн турш хийж,  хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, боловсруулсан бодлого юм. Гэтэл АН-ынхан үүнд тийм ч их ач холбогдол өгөөгүйг дөрвөн жилийн үйл явцаас тольдож болно. Тодруулбал, АН-ын амлалт бодит байдалд биеллээ эс олсон хэрэг. Тэд сонгогчдыг уран үгтэй мөрийн хөтөлбөрөөр хуурч, саналыг нь авч, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн, шаргал ордны зөөлөн сэнтийд заларч, төрийн сүлдний дор дөрвөн жил нуугдав. Цаг хугацааг ухрааж болохгүй ч аливаа зүйлийг эргэж санан, гаргасан алдаагаа дахин давтахгүй байх боломжтой нь сайхан. Тиймээс 2012 оны сонгуулиар АН-ын амласан сайхан нэртэй, биелэлтгүй мөрийн хөтөлбөрийн зарим  хэсгийг нэхэн саная. Тухайн үед АН “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэж тунхаглаж байсан. Үүнийг ард түмэн одоо ч мартаагүй. 2012 оноос өнөөдрийг хүртэлх бүхэл бүтэн дөрвөн жилийн хугацаанд манай улсад юу өөрчлөгдөж, шинэчлэгдэв. Өсөлттэй байсан эдийн засаг унаж, бараа бүтээгдэхүүн, гадаад өр, валютын ханш өсч, түүхий эдийнх буурч, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэн, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт  дордлоо. Бүр тодруулбал, иргэдийн амьдрал кг-аас граммын эдийн засаг руу огцом шилжив. Ийм л өөрчлөлт нийгэм болон иргэдийн амьдралд  гарав.  Хэрэв АН 2012 оны сонгуулийн үеэр уран ярьж байсан шигээ мөрийн хөтөлбөрөө сайн биелүүл сэн бол өнөөдөр эдийн засаг ингэтлээ унахгүй, иргэдийн амьдрал ийм болтлоо дордохгүй л байв.


Тухайлбал, 2012 онд АН ажил орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аюулгүй орчинтой, эрх чөлөөтэй монгол хүн гэсэн таван дэд бүлэгтэй мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байжээ. Нэг бүлэг нь дотроо уул уурхай, үйлдвэржүүлэх, ноос, ноолуур, арьс шир, нийгэм, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбарт чиглэсэн байх бөгөөд түүн дотроо мөн нэлээд заалтыг тусгасан. Ямартай ч 30-аад хуудас амлалтаас биелүүлээгүйг нь бус хэрэгжүүлэх гэж оролдсоныг нь тоолбол цаг хэмнэх биз. Гэхдээ  энэ удаад бид олны дунд нэлээд хүлээлт үүсгэж, горьдлого төрүүлсэн боловч хэрэгжүүлээгүй зарим нэг амлалтыг нь эргэн сануулж байна.


ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫГ СӨХРҮҮЛЭВ


Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд шууд хамааралтай олон салбарыг сөхрүүлсэн түүх ганцхан АН-д л бий. Үүнийгээ хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараар үргэлжлүүлж байна. Тариаланчид тариагаа тарьж чадахгүйд тулж, жагсаал зохион байгуулж, төрийн бодлого алдаатай байгааг шүүмжилж явсан цаг саяхан. Ийм л дүр  зураг жил бүрийн хавар бий болдог нь энгийн үзэгдэл мэт болов. Таван хошуу малынхаа ашиг шимийг хүртэж  амьдардаг хэдэн малчид нь өдөр хоногийг зутруухан л өнгөрүүлж явна. Учир нь, түүхий эдийн үнэ сүүлийн дөрвөн жилийн дотор байж болох доод хэмжээнд хүрлээ. Тухайлбал, энэ жилийн хувьд хонины нэхий 500 төгрөгийн ханштай байв. Малын гаралтай түүхий эд ийм хэмжээнд үнэлэгдсэнээр малчдын амьдрал тэр хэрээр доошилж буй юм. Тийм ч учраас энэ салбарынхан “Салбарын яамнаас баримталж буй бодлого хийгээд төрөөс авч хэрэгжүүлж буй ажил хөрсөн дээр буухгүй байна” хэмээн гомдоллож байна. Учир нь АН 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөртөө “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарыг бие даасан, цөөн улс орноос хамааралгүй болоход анхаарч өрсөлдөх чадварыг бэхжүүлнэ” гэж амлаж байсан. Улс оронтой өрсөлдөх гэсэн гоё амлалт салхинд хийсч тэр ч бүү хэл дотооддоо учраа олж чадахгүй гүн хямралд орчихоод буй нь үнэн юм.

ӨМНӨХӨӨ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БАЙЖ  ӨӨР ОЛНЫГ НЭМЖ АМЛАСААР Л ЯВНА 

АН-ынхны хэрэгжүүлээгүй амлалт энэ мэтээр цааш үргэлжилнэ. Жишээлбэл, “Замын Үүд” эдийн засгийн чөлөөт бүс, “Алтанбулаг” болон “Цагааннуур” худал­дааны чөлөөт бүсийн дэд бүтцийг цогцоор нь барьж дуусгана. “Чойр” ложистикийн төвийн эхний ээлжийн дэд бүтцийг барьж байгуулна” гэж амлаж байлаа. Гэвч энэ зорилтоо бас л хэрэгжүүлсэнгүй. Түүнчлэн   “Улаанбаатар-Замын-Үүдийн авто замыг тэргүүн ээлжид ашиглалтад оруулж, Замын-Үүдийн хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлснээр инфляцийн зохиомол хөөрөгдлийг бууруулна” гэсэн үлгэрийн гэмээр заалт АН-ын 2012 оны  мөрийн хөтөлбөрт байсныг тодотгох нь зүйтэй. Хэдий зам ашиглалтад орсон ч инфляцийг бууруулахад ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Товчхондоо,  манай улсын инфляцийн төвшин төрийн бодлого, төгрөгийн ханшаас шууд хамааралтай гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдав. Зам тавьснаар инфляцийн зохиомол хөөрөгдөл хэзээ ч буурдаггүй гэдгийг эдийн засагчид онцолж байна. Ийм л инээдмийн гэмээр заалт АН-ын 2012 оны мөрийн хөтөлбөрт ар араасаа хөвөрч байжээ. Уг нь улс төрийн намууд судалгаа, шинжилгээнд тулгуурлаж, хэрхэн хэрэгжүүлэхээ төлөвлөж мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг баймаар юм. Харин эрх баригчид буюу АН-ынхан албан тасалгааны цонхоор харж байгаад мөрөөдлийн жагсаалт гаргасан бололтой. Өмнөхөө биелүүлээгүй байж энэ удаад өөр олныг нэмж амласаар л байгаа. Тэд ард түмнийхээ төлөө жаахан ч гэсэн сэтгэл, зүтгэл гаргасан бол иргэд хүнсний бүтээгдэхүүнээ  граммлаж, ломбард болон арилжааны банкны зээлэнд барьцаалагдахгүй л байлаа. Дөрвөн жилийн амлалтаа биелүүлээгүй намд энэ удаад “баяртай” гэж хэлэхээс өөр сонголт үлдсэнгүй.

 
АН-ын 2012 оны мөрийн хөтөлбөр хөрсөн дээр бууж, иргэдийн амьдралд өгөөжөө өгсөн эсэх талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Ж.ГАНТУЯА: ТЭДНИЙ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ЭСРЭГЭЭРЭЭ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ

-2012 он АН ажилтай, орлоготой Монгол хүн гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсныг сайн санаж байна. Гэтэл энэ нь бодит байдалд эсрэгээрээ байгаа нь харамсалтай. Мөрийн хөтөлбөрийнхөө бүх заалтыг нэг бүрчлэн хэрэгжүүлэхгүй ч гэлээ ядаж үүнийгээ биелүүлчихсэн бол нийгэм арай л өөр байх байсан. Хүн бүр ажилтай байхад л бүх юм аяндаа болно доо. Тухайн хүн ажлаа хийгээд хэдэн төгрөгөө аваад амьдралаа болгоод л байна шүү дээ. Түүнээс ажил олдохгүй, олдсон нь цалингаа өгөхгүй байхад иргэдийн амьдрал яаж дээшлэх вэ. Одоо ч яахав нэр дэвшигчид хороолол дунд гүйгээд л хүн болгонтой уулзаж сайхан амлалт өгч байна. Эргээд иргэдтэйгээ холбоотой ажилладаггүй.  Тухайн улс орны иргэдийн амьдрал ямар байх нь төрийнх нь бодлого, шийдвэрээс шалтгаалдаг гэж би боддог.
 

С.ЮМСҮРЭН
Монгол Ардын намын сонгуулийн төв штаб

 
Бусдад түгээх
  • gplus