Сүйрсэн онгоцны хэсэг олдлоо
Газар дундын тэнгист өнгөрсөн сард сүйрсэн Египетийн онгоцны зорчигчдын хэсгийн бүхээгний зарим хэсэг олджээ. Тус онгоцны сүйрлийн шалтгааныг тогтоох комиссын мэдээлснээр онгоцны хэлтэрхийг эрэн хайх багт харьяалагдаж буй Францын шумбагч усан онгоц хэд хэдэн хэлтэрхийг олсон аж. 
 
Францын нийслэл Парис хотоос Египетийн Кайро хотыг чиглэн ниссэн Эйрбус A320 нисэх онгоц тавдугаар сарын 19-ний өдөр 66 зорчигч тээвэрлэж яваад ор сураггүй болсон юм. Улмаар энэ сарын эхээр Газар дундын тэнгист онгоцны хар хайрцагны дохио илэрч, далайн 3000 метрийн гүнд онгоцыг хайх ажиллагаа эхэлсэн.  
 
Хар хайрцаг гэж нэрлэгдэх нислэгийн бичлэг болон онгоцны бүхээгийн дуу хураагуур нь баттерэй нь хангалттай цэнэгтэй тохиолдолд 4-5 долоо хоногийн хугацаанд дохио дамжуулдаг  байна. 
 
Гэвч эрлийн багийнхан энэ сарын сүүлч болохоос өмнө хар хайрцгийг олох шаардлагатайг анхааруулж байгаа юм. Онгоцны ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа. Гэхдээ террорист халдлага байж магадгүй хэмээн албаныхан таамаглаж байгаа билээ. 

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus