Хувьцаа худалдаж авах эх үүсвэрийг цагдаагийн байгууллагаар шалгуулна гэв
“Тавантолгой”-н 1072 хувьцааны 30 хувийг  арилжааны банкаар дамжуулан худалдаж авах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэгчид ээлж, дараалан мэдээлэл хийсээр байна. Дөнгөж сая ИЗНН-ын гишүүн  С.Батбаатар мэдээлэл хийж, 1072 хувьцааг худалдаж авч байгаа нь Сонгуулийн тухай хуулийн зургаан  зүйл заалтыг зөрчиж байна гэв.  

Энэ талаар С.Батбаатар дараах зүйлийг ярилаа. “Иргэдийн хувьцааг худалдаж авах мөнгө өнөөдөр Монгол улсад байхгүй бөгөөд бонд гаргаж иргэдэд мөнгийг нь өгнө гэж мэдэгдсэн. Гэвч одоогоор зах зээл дээр гаргах бонд байхгүй тул энэ мөнгөний эх  үүсвэр хаана байгаа нь тодорхойгүй байгаа. Тиймээс энэ нь цаашлаад залилан мэхлэх үйл ажиллагаа ч болж магадгүй. Учир нь иргэдийн хувьцааг эхний ээлжинд худалдаж авах 100 мянган төгрөгийг өгч болох ч дараагийн удаад өгөх мөнгө байхгүй тул  энэ нь залилан болж магадгүй. Тиймээс бид хувьцаа худалдаж авах эх үүсвэрийг хаанаас гаргаж буйг цагдаагийн байгууллагад шалгуулах болно” гэлээ.  

ИЗНН-ынхан хувьцааны эх үүсвэрийг шалгуулахаар өчигдөр буюу зургаадугаар сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт ханджээ. Улмаар өнөөдөр тэд шүүхэд мөн  хандаж, шалгуулах хүсэлтээ өгөхөөр болсон байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus