Ажилгүйдэл, ядуурал иргэдийг гэмт хэрэгтэн болгож байна
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас энэ оны эхний таван сарын нийгэм, эдийн засгийн байдлыг өнгөрөгч баасан гарагт танилцууллаа. Ажиллах хүчний судалгааны 2016 оны 1 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажилгүй иргэд 143.5 мянга байсан. Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны 5 дугаар сарын эцэст 47.3 мянга болсны 24.5 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 33.7 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7 мянган хүн буюу 5.2 хувиар, өмнөх сарынхаас 0.3 мянган хүн буюу 0.9 хувиар өссөн байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.6 мянга буюу 52.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2016 оны эхний 5 сард ажилгүй 50.7 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 9.2 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 40.6 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 4.6 мянган хүн буюу 9.9 хувиар, ажилд зуучлагдан орсон иргэд 2.7 мянган хүн буюу 42.3 хувиар өсчээ. Харин ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд өмнөх оны мөн үеийнхээс 4.0 мянган хүн буюу 8.9 хувиар буурчээ.

Ажилгүйдлийн түвшин ийн  нэмэгдэх болсныг мэргэжилтнүүд ажил олгогч байгууллагууд үүдээ барьсантай холбож байна. Сүүлийн гурван жилийн турш  эдийн засгийн хямралаас үүдэн ААН-үүд цомхотгол хийж, зарим нь хаалгаа барьж байгаа. Цаашид эдийн засаг сэргэхгүй бол ажилгүй иргэдийн тоо улам нэмэгдэх хандлагатай байна. 

Тэгвэл ажилгүйдэл, ядуурлыг дагасан гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг цагдаагийн байгууллага мэдээлж байна. Тухайлбал өнгөрөгч онд 27 мянга 757 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнийг 2014 онтой харьцуулахад 439 хэргээр буюу 1.6 хувиар өсчээ. Эдгээр гэмт хэргийн 64.7 хувь Нийслэлд орон нутагт 35.2 хувь нь гарсан байна. Нийлэлд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өссөн бол орон нутагт дахь гаралт 1.3 хувиар буурчээ.

Гэмт хэрэг ихэвчлэн гэр болон орон сууцанд үйлдэлддэг байна. Үйлдэгдэж буй гэмт хэрэгт хүүхэд оролцсон хэрэг нэмэгджээ. 2015 онд 1144 өмнөх онд 1076 хүүхэд оролцсон гэмт хэрэг гарсан аж.Хүүхэд гэмт хэрэгт их холбогдох нь улс орны ирээдүйд нүүрлэж буй хар толбо юм. Боловсролын салбарт суралцаж буй залуучууд болон сургуулийн насны хүүхдийн дунд явуулах хүмүүжлийн ажлыг орхигдуулсан нь гэмт хэрэг үйлдэхэд ихээхэн нөлөөлж байгаа гэдгийг ч судлаачид онцолдог.

Гэмт хэрэг үйлдсэн нөхөдүүдийн 33 хувь нь Эрүүгийн хуулийн 145-р зүйл ангийг зөрчсөн байна. Тодруулбал, 1.1 Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно гэж заажээ.

Дээрхээс харахад, ажилгүйдэл, ядуурал хулгай нь гэмт хэргийг гарахад голчлон нөлөөлж буй бололтой. Ийн хардахын учир нь 2015 онд гарсан гэмт хэргийг 12 мянга 532 нь ажилгүй иргэн үйлдэж. Насны ангиллаар нь ач үзвэл 18-24 насныхан 5768 гэмт хэрэг хийжээ. Ажилгүй түүний амиа зогоох арга нь бусдын хөрөнгөнөөс хумслах. Ид хийж бүтээх насандаа бусдын эд зүйлсийг тонож явна гэдэг даанч харамсалтай.

Ажилгүйдэл, эдийн засгийн хямрал, иргэдийн амьдрал ядуурч байгааг гэмт хэргийн гаралтаас ч бас харж болдог гэдгийг та мэдэх биз ээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus