“Улаанбаатарын яриа хэлэлцээ” өнөөдөр эхэллээ
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эрдэм шинжилгээний III Бага хурал өнөөдөр эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх хурлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, Монгол Улсын ГХЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Хуралд ОХУ, БНХАУ, АНУ, Энэтхэг, Өмнөд Солонгос, БНАСАУ, Япон, ХБНГУ, БНФУ, Авсрали, Монгол Улсаас гадна НҮБ болон Швейцарийн Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөл болох нийт 150 төлөөлөгч оролцож байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн "Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачилгын хүрээнд зохион байгуулдаг тус бага хуралд эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд оролцон, харилцан санал солилцдог уламжлалтай. Гурав дахь удаагийн хурлаар ЗХА-ийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, учирч буй сорилт, бүс нутагт харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох тодорхой алхам, ЗХА-ийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, дэд бүтцийн хэлхээ холбоог хөгжүүлэх асуудлаар эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Үүний зэрэгцээ бүс нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалах, гамшгийн менежментийн хамтын ажиллагааны талаар талууд анх удаа туршлага солилцоно.

Монгол Улс ЗХА-ийн бүх улс оронтой найрсаг харилцаатай бөгөөд тус бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой тул “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г бүс нутгийн мэргэжилтнүүдийн бие даасан хурал болгон хөгжүүлэхээр зорьж байна.

Судлаач, эрдэмтдийн санаа, санаачилгыг бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эрдэм шинжилгээний хуралд цаашид ЗХА-ийн улс орны ГХЯ болон БХЯ-ны төлөөллийг оруулах талаар анхаарч ажиллахаар төлөвлөжээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus