Ерөнхийлөгч бизнес уулзалтад оролцов
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол, Мьянмарын бизнес уулзалтад оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Мьянмарын бизнес уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхитэй хөгжиж, бизнес эрхлэгчдийн түншлэл эрчимжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын түүх соёл, байгалийн баялаг гэх мэт салбарт адил төстэй зүйл их, цаашид харилцан туршлага солилцон хамтдаа өсөн дэвжих боломж бололцоо өргөн гэдгийг тэрбээр онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ ардчилал, хүний эрхийг хөгжүүлэх, хууль, шударга ёсыг сайжруулах чиглэлд улс орныхоо хуримтлуулсан туршлага, алдаа онооны талаар хуваалцан ярихдаа үргэлж нээлттэй байхаа мэдэгдэв. Тэрбээр Монгол Улс уул уурхайн салбараас олсон орлогоо үр хойчдоо үлдээх зорилгоор санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай хууль, мөн түүнчлэн уул уурхайн түүхий эдийг бүрэн боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаадын улс орнуудад экспортлон гаргахын ач холбогдол, өмч хувьчлалын талаар дурдав. Аж үйлдвэр, мал аж ахуйн салбарын хөгжлийг онцолж, энэ тал дээр хоёр орны бизнесийн салбарын хамтын ажиллагаа чухал болохыг хэллээ.

Мөн хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийг ашиглах таатай нөхцөл бүрдсэнийг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Мьянмарын бизнес уулзалтыг зохион байгуулагч, нийт оролцогчдын цаашдын ажил үйлсэд амжилт хүсэн ерөөснөөр хэлэх үгээ өндөрлөлөө.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Нэйпидо хотын Мьянмарын Үндэсний музейд зочлон, хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
Бусдад түгээх
  • gplus