Мартагдаж буй тавдугаар цахилгаан станц
Засгаас засгийн хооронд дамжин өнөөдрийг хүртэл бодит ажил болж чадаагүй зүйл бол тавдугаар цахилгаан станц. Шинэ станцтай болох сураг дуулдаад арав гаруй жилийг үдлээ. Засгийн газрын 2012 оны 191 дүгээр тогтоолоор V цахилгаан станц барьж байгуулах тухай тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж,  Ургах наран хорооллын урд талын автозам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газрыг “Улаанбаатар дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм.

2013 оны зургадугаар сарын 20-нд “ДЦС-5”-ыг барих тендерт ялсан консорциумтай Эдийн засгийн хөгжлийн сайд уг станцыг барих ашиглах шилжүүлэх нөхцөлтэй концессийн гэрээ байгуулсан.

Тодруулбал, Францын “Жи Ди Эф Суэз”, Японы томоохон худалдааны корпорац “Сожитц”, дэлхийн тэргүүлэгч гангийн үйлдвэр БНСУ-ын “Поско”, Монголын “Ньюком” групп багтсан консорциумд Тавдугаар цахилгаан станцыг хөрөнгө оруулж барих эрхийг олгосон хэрэг.

Гэвч өнөөдрийг хүртэл станцыг суурийг тавьсангүй. Уг станцын барилгын ажлыг 2014 онд эхлүүлээд 2017 онд дуусгахаар төлөвлөж байлаа. Гэвч  станцын ажил төрийн хайр халамжид бялуурч, хугацаа нь хойшилсоор байна.
Нийслэлд дэх хүн амын нягтралшил өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Гэр хорооллын айлуудад цахилгааны хязгаарлалт хийж цахилгаангүй хэдэн цаг суух нь жирийн үзэгдэл болчихлоо. Улаанбаатар утаанбаатараас шөнийнбаатарт шилжих нь энүүхэнд болоод байна.

Их хэмжээний хөрөнгө эргэлдэх Тавдугаар цахилгаан станц өнөөдрийг хүртэл зөвхөн цаасан дээрх төсөл хэвээр гараас гарт дамжсаар байана. Хөрөнгө оруулалт олдоогүйгээс бус, хувь хүртэх гэсэн хүслээс үүдээд энэ станцыг барих ажил хойшлоод байсан юм биш үү.

Тавдугаар цахилгаан станц барих газрыг гурван удаа өөрчилж, одоо Хөлийн гол буюу олны нэрлэдгээр “Хонхор” орчимд барихаар тогтоод байгаа. Уг станцыг барих ажил 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл яригдаж байгаа учраас бол олон нийтийн дунд нэгэнт үлгэр домог мэт сонсдох болж.

 
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus