Ухаалаг 00-той болъё
Манай улсад аялж буй жуулчдын хамгийн их хүсдэг зүйл бол энэ. Хүний хэрэглээний юм бүхэн ухаалагжиж, боловсронгуй болж буй өнөөгийн нийгэмд ганц л зүйл хөгжөөгүй өнөөдрийг хүрсэн нь хөдөө орон нутаг явах зам зуурт таарах хоолны газар, амралтын газруудын жорлон гэдэгтэй хэн ч маргахгүй. Монголбанк, Аялал жуулчлалын төвөөс өнгөрсөн онд манай улсад аялсан жуулчдын зардлын түүвэр судалгааг гаргасан байдаг. Түүвэр судалгааны хүрээнд 2015 оны долдугаар сарын 6-13-ний өдрүүдэд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Улаанбаатар төмөр замын буудлаас Монгол Улсад аялаад буцаж буй 1233 жуулчнаас анкетын аргаар мэдээлэл цуглуулж, судалгаа авчээ. Улмаар судалгаанд оролцсон жуулчдын Монгол Улсад аялсан шалтгаан, сэтгэл ханамжийг дүгнэхэд дийлэнхи буюу 76 хувь нь Монголын уламжлалт зан заншил, соёл болон үзэсгэлэнт байгаль, зэрлэг ан амьтанд татагдан хүрэлцэн ирсэн гэдгээ хэлж, дахин ирнэ гэдгээ илэрхийлсэн аж.
 
Тэгвэл эсрэгээр аялал жуулчлалын үйлчилгээг илүү сайжруулахын тулд юу хийх шаардлагатай вэ гэсэн асуултад судалгаанд оролцсон жуулчид дуу нэгтэйгээр угаалгын өрөө, жорлонгийн асуудлыг нэрлэсэн байх юм. Өнгөрсөн оны судалгаа ийм байна. Харин яг одоо аялал жуулчлалын улирал эхэлж буй энэ үед жуулчид хүлээн авахад бэлэн үү гэсэн асуултыг салбарт ажиллаж буй шат шатны аж ахуй нэгжээс асуумаар байна. Аялал жуулчлалын салбар аль ч улс орны эдийн засгийн чухал салбарын нэг байх учиртай. Тиймээс ч төр засгийн хэмжээнд жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа нь сайшаалтай. Гэхдээ 21-р зууны монголчууд “Хол замд явахад нүхэн жорлон ч байдаггүй”, “Зам зуур дахь хоолны газруудынх нь нүхэн жорлон нь дүүрчихсэн бие засахын аргагүй өмхий үнэртэй”, “Монголчууд ийм жорлонг яаж ашигладаг юм бол” гэх зэргээр гадны жуулчдад чичлүүлсээр байх нь ичгэвтэр зүйл биш гэжүү. Арга ядсан орчуулагчид нь дэмий л маасайн инээвхийлэх ийм дүр зураг хэдий болтол үргэлжлэх вэ.
 
Нэгэн жишээ дурьдая. Өнгөрсөн жил зуны амралтаараа гурав хоногийн хугацаатай морин аялалд оролцов. Монгол хэл, ёс заншлыг 20 гаруй жил суралцсан нэгэн япон эрийн аялалын багт багтаж Төв аймгийн нутгаар мориор аялсан хэрэг. Хөтөч нь өөрөө япон хүн болохоор ч тэр үү, надтай хамт аялсан хүмүүс бүгд л японы жуулчид байсан юм. Төв аймгийн Аргалант гэх нэртэй газраас эхэлсэн аялал минь Элсэн тасархай, Хустайн нуруугаар дамжиж, Улаанбаатар хүртэл морины нуруун дээр л өнгөрсөн. Харин замдаа буудаллах үед нөгөө жуулчдаасаа маш ихээр ичиж билээ. Хээр буудаллах үеийг яалтай билээ гэж бодоход, Элсэн тасархайд бол харин нүүр хийх газаргүй болдог юм байна. Баруун аймгууд руу явах хүмүүс энд буудаллаж хоол иддэг учраас хүний хөл ч тасрахгүй шинжтэй. Гэсэн ч хоёр, гурван цаг морин дээр сэгсчүүлсэн хэсэг жуулчид боловсон жорлон хайгаад олсонгүй. Олсон ганц нүхэн жорлон нь гишгүүр хүртлээ өтгөнөөр дүүрчихсэн байхыг хараад үнэндээ санаа зовсон гэж жигтэйхэн. Нөгөө жуулчид ч хамраа дарж, хээр газар бараадсан нь дээр бололтой гэх нь тэр.
 
Ер нь манайхан мөнгө нэхэж мэдэхээс үйлчилгээндээ, бүр 00-доо анхаарах нь ховор юм билээ. Ганц энэ жишээ ч биш. Дархан хот явах замд “Урьхан” гээд хоолны газар бий. Боловсон 00-той үйлчилгээ нь ч дажгүй гэж үнэлэгддэг тэр газар суултуураа том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр үнэлж байх юм. Энэ бол зөвхөн манайд л байх дүр зураг. Дэлхийн хаана ч үйлчилгээний байгууллага үйлчлүүлэгчиддээ 00-ын суултуураа үнэлж, мөнгө нэхдэггүй юм билээ. Жуулчдын Монголоос жийрхэх цөөхөн шалтгааны нэг нь энэ.
 
Гэхдээ үүнийг шийдэх гарц бий. Эрүүл мэнд, спортын яам дөрвөн төрлийн нүхэн жорлонгийн стандартыг баталж гаргасан байдаг. Уг стандарт өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Тиймээс төвийн цэвэр, бохир усны шугамд холбогдох боломжгүй хөдөө орон нутгийн үйлчилгээний газрууд дээрх стандартын жорлонг ч болов нэвтрүүлэх хэрэгтэй байна. “Чингис хаан”-ы төрсөн нутаг гэдгээрээ дэлхийд нэрээ тамгалсан манай улсад жуулчдыг татах олон зүйл бий. Байгалийн үзэсгэлэнт газрууд, Монголын уламжлалт ахуй, морин аялалаас эхлээд уламжлалт соёлыг харуулсан урлаг соёлын наадмууд тэдний Монголд дахин ирэх шалтгаан болдог юм билээ. Харин үйлчилгээ тэг хувийг заах аж ахуй нэгжээс үүдээд жуулчдаа үргээсээр байх уу. Энэ жил ирсэн 200, 300 мянган жуулчдыг бүгдийнх нь биш юм аа гэхэд 90 хувийг нь сэтгэл хангалуун буцаахад эргээд манай улс руу “ноён ногоон”-ыг барьсан эрхмүүд мянга мянгаараа цувах нь гарцаагүй.
 
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus