“Шангри Ла” дахь АСЕМ-ийн  “Хэвлэлийн төв”-ийн байрыг хүлээн авлаа

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулж “Хэвлэлийн төв”-ийн зориулалтаар ашиглах талбайг “Шангри Ла” зочид буудлаас АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлын хэсгийнхэнд 6 дугаар сарын 15-нд албан ёсоор хүлээлгэн өглөө.

“Хэвлэлийн төв”-ийн байрыг албан ёсоор ийнхүү хүлээн авснаар дотоод засал, тохижилт, тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх туслан гүйцэтгэгчид ажлаа эхлэх боломжтой болж байгаа бөгөөд ирэх 7 дугаар сарын 1 гэхэд бүрэн тохижуулахаар зорьж байна.

“Шангри Ла” худалдааны төвийн В1 давхарын 2400 м.кв талбайг АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдэд зориулан “Хэвлэлийн төв” болгож, уг төвд мэдээлэл өгөх цэгээс гадна дуу дүрсний 49  өрөө, 450 орчим сэтгүүлч ажиллах ажлын ширээг байрлуулна. “Хэвлэлийн төв” хорин дөрвөн цагаар ажиллах бөгөөд нэг ээлжинд 600 гаруй сэтгүүлч, сурвалжлагч сурвалжлага хийх, шууд дамжуулалт хөтлөлт хийх, редакцтайгаа холбогдон мэдээллээ дамжуулах нөхцөл бололцоогоор хангахаар төлөвлөж буй юм.



Сэтгүүлчдийг ажиллах нөхцлөөр бүрэн хангахын тулд  өндөр хурдны интернэт, олон улсын телефон яриа, дуу дүрсний эвлүүлэг хийх өрөө, хурлын явцыг ажиглах дэлгэцүүд гэх мэт шаардлагатай  тоног төхөөрөмжүүдийг суурилуулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлчдийн бүртгэл үргэлжилж байгаа ба урьдчилсан байдлаар уг арга хэмжээг гадаад, дотоодын 800-1000 орчим сэтгүүлч сурвалжилна гэж тооцож байна. 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus