БНАСАУ кибер дайны суурийг тавилаа

БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлт болон пуужингийн туршилтыг удаа дараа хийж, бүс нутгийн аюулгүй байдалд санаатайгаар заналхийлж буйтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нэмэлт хориг арга хэмжээ авсан билээ. Түүнчлэн, Сөүл, Пхеньяны харилцаа хурдацмал байдалтай байгаа юм.  Тэгвэл ийм хурдацмал нөхцөлд БНСУ дотоод мэдээллээ хакердуулж, хоёр улсын хооронд кибер дайн дэгдэх суурь тавигдсан тухай “Франц пресс” агентлаг өчигдөр мэдээлсэн байна.

Тодруулбал, тус улсын яам, тамгын газрууд болон үндэсний үйлдвэрлэл үйлчилгээний 160 гаруй байгууллагын сүлжээ  хакерын халдлагад өртөж, нийтдээ 42 гаруй мянган  компьютерээс мэдээлэл хулгайлагджээ.   Албаны эх сурвалжуудын мэдээлснээр Хойд Солонгос улсаас Сөүл рүү чиглэсэн хакерын халдлага одоогоос хоёр жилийн өмнө буюу 2014 онд эхэлсэн байна. Гэхдээ мэдээлэл алдагдсан нь гагцхүү энэ удаагийнх ажээ. Мөн халдсан серверийг нь шалгахад Пхеньяны талаас ирсэн нь батлагджээ. Тодруубал, өмнө нь 2013 онд Өмнөд Солонгос улсын банк, телевизийн сүлжээ хакерын халдлагад өртөх үед ашигласантай яг адил IP хаягийг ашигласан байна. Халдлагад өртсөн байгууллагуудын дунд гар утасны үйлчилгээний “SK Telecom” компанийн харьяа байгууллагууд, иргэний агаарын тээврийн хамгийн том авиа компани “Кореан Эйр” ч багтаж байгаа юм байна.

Түүнчлэн, цэргийн зориулалттай онгоц хөгжүүлэлтийн төлөвлөгөө, цэргийн армийн бэлтгэлийн бичлэг, Батлан хамгаалах салбартай холбоотой мэдээлэл, кибер халдлагаас урьдчилсан сэргийлэх зориулалт бүхий чухал интернэт сүлжээний мэдээллийг ч гэсэн энэ удаагийн хакерын халдлагаар БНСУ хулгайд алдсан аж. Одоогоор ямар зорилгоор кибер халдлага үйлдсэн нь тодорхойгүй байна. Гэхдээ зарим шинжээчид “Үндэсний хэмжээний төөрөгдлийг бий болгох”, эсвэл ган үйлдвэрлэлийн болон цэргийн нууц мэдээллийг авах зорилгоор кибер дайралт хийсэн гэж үзэж байна. Тэгвэл “Роитерс” агентлаг энэ талаар “Хакерууд зарим корпорацийн компьютер, сүлжээнд халдсан хэдий ч, ямар нэг мэдээлэл аваагүй байх тохиолдол байжээ. Тиймээс цагдаагийн алба хаагчид энэ удаагийн халдлагыг эртнээс төлөвлөсөн зохион байгуулалттай кибер гэмт хэрэг гэж үзэж байна” хэмээн дамжуулсан байв. 

Хойд Солонгос улс өмнө нь 2014 онд Сони Пикчерс компанийн дотоод сүлжээ рүү халдаж нээлтээ хийгээгүй кинонуудын бичлэг болоод дотоод сүлжээний мэдээллүүдийг хулгайлж байсан удаатай. Үүнээс гадна өнгөрсөн сард л гэхэд Бангладешийн банкны сүлжээ рүү халдаж, 81 сая ам.долларыг хулгайлж байсан юм. Хойд Солонгос улс хакерын бүлгийг ивээн тэтгэдэг цор ганц улс биш. АНУ-д гэхэд Кибер Комманд гэх хакерын чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүхэл бүтэн байгууллага бий. Ингэхээр кибер дайн аль хэдийнэ дэлхий дахинаа өрнөөд эхэлчихжээ. Харин Умард Солонгос улс энэ удаа Солонгосын хойг дахь кибер дайны суурийг тавилаа. 

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus