Сонгуулийн хар пиар арай дэндлээ

Эсрэг тэсрэг байр суурь


Б.Алтаншагай: Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбогдоход мөнгө амлаж, 50 саяыг шилжүүлсэн

/УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч/
 

Энэ сарын 5-ны өдөр надад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордон дотор халамцуугаар ёс бус үг хэлж, авирлаж байгаа төрийн түшээгийн ёс зүйд үл нийцэх 26 секундийн бичлэг “Үнэнээ хэлэх мөч” нэврүүлэгтээ оруулаарай

 
ШШТББ-ын тэргүүн Х.Бат- Ялалт, сэтгүүлч Б.Алтаншагай нар өчигдөр “Хууль тогтоох байгууллагынхан баталсан хуулиа өөрсдөө зөрчиж байна” гэсэн сэдвээр “Монгол нюьс” мэдээллийн төвд мэдэгдэл хийлээ. Энэ мэдэгдлийн үеэр тэд улстөрчтэй холбоотой нууц бичлэг задлах тухайгаа мэдэгдээд, Архи, тамхины тухай хуулийг санаачилж, батлуулсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордон дахь өөрийн албан өрөөндөө халамцуу байдалтай, ёс бус үг хэрэглэн сууж байгаа бичлэгийг үзүүлсэн юм.
 
Мөн 28 секундийн энэхүү бичлэгийг насан туршийн зээл хэмээн 50 сая төгрөгөөр үнэлэн Х.Бат-Ялалтын дансанд мөнгө шилжүүлсэн баримтыг ч дэлгэсэн юм. Энэ талаар сэтгүүлч Б.Алтаншагай “Энэ сарын 5-ны өдөр надад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордон дотор халамцуугаар ёс бус үг хэлж, авирлаж байгаа төрийн түшээгийн ёс зүйд үл нийцэх 26 секундийн бичлэг “Үнэнээ хэлэх мөч” нэврүүлэгтээ оруулаарай. Амжилт хүсье гэсэн бичгийн хамт ирсэн. Тэр бичлэгийг шууд гаргах боломжгүй байсан тул би ШШТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай зөвлөлдсөн. Тэгээд Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбогдож, бичлэгийн талаар асуухад, мөнгө амлаж, насан туршийн зээл гээд өчигдөр 50 сая тегрөг шилжүүлсэн. Бид одоо энэ мөнгийг нь буцааж өгөх гэж байна. Энэхүү бичлэг Г.Уянга гишүүний утсан дээр хадгалагдсан байсан бөгөөд тэрбээр утсаа алдсанаас үүдэн энэхүү бичлэг алдагдсан байх магадлалтай” гэсэн юм.
 
Л.Эрдэнэчимэг: Х.Бат-Ялалт сонгуулийн ажилдаа хэрэглэнэ гэж 50 сая төгрөг зээлсэн

/УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 72 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч/

Би Х.Бат- Ялалтад найз нөхдийн журмаар 50 сая төгрөг зээлүүлсэн. Сонгуулийн ажилд хэрэгтэй байна гээд байхаар нь тусалсан боловч эцэст нь намайг унагаах оролдлого хийж байна


УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд ёс зүйгүй аашилж буй бичлэгийг Сонгинохайрхан дуүрэгт нэр дэвшигч, сэтгүүлч Б.Алтаншагай, “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар олон нийтэд ил болгосон. Тэд Л.Эрдэнэчимэг гишүүнээс авсан гэх 50 сая төгрөгөө хэвлэлийн хурал хийх үеэрээ бэлнээр авч явж байсан бөгөөд мэдээлэл хийснийхээ дараа буцааж өгехөөр очиход нь Л.Эрдэнэчимэг гишүүн тайлбар хийсэн юм.
 
Тэрбээр “Би Х.Бат- Ялалтад найз нөхдийн журмаар 50 сая төгрөг зээлүүлсэн. Сонгуулийн ажилд хэрэгтэй байна гээд байхаар нь тусалсан боловч эцэст нь намайг унагаах оролдлого хийж байна. Яагаад нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүд рүүгээ эрчүүд нь нийлээд дайраад байгаа юм бэ. Зээлсэн мөнгөө барьж ирээд, хэвлэлийнхнийг дуудаж реалити шоу хийж яах гэсэн юм бэ. Яагаад шударгаар өрсөлдөж чаддаггүй юм. Бичлэгийг олон нийтэд ил болгосон Б.Алтаншагай бид хоёр УИХ-ын 72 дугаар тойрогт нэр дэвшч байгаа. Намайг буруутгаад Б.Алтаншагайг сонгож болно. Гэхдээ бид хийсэн зүйлээрээ л өрсөлдөх хэрэгтэй. Ингэж нэгнийгээ доош нь хийж, бөгсийг нь ухах ямар шаардлага байна. Тэр бичлэгийг би үзээгүй. Ямар бичлэг байгааг мэдэхгүй байна” хэмээсэн. Мөн тэрбээр бичлэгийг үзсэнийхээ дараа дэлгэрэнгүй тайлбар хийнэ гэдгээ ч мэдэгдсэн билээ.

Сэтгүүлчийн дүгнэлт
 

НӨХӨД НОХОД БОЛОХ ЦАГ ГЭЖ ЭНЭ БАЙХ

 
Анхны ардчилсан сонгуулиас хойш монголчууд юу эсийг үзэв дээ. Энэ жил бүр ч их үзэх юмтай, ярих сэдэвтэй байх шиг. Сонгуулийн сурталчилгаа эхэлж, ердөө тавхан хоног өнгөрч байхад л нэг нэгнээ намнасан улс төрийн хар PR цухалзах байтугай бүр цагаандаа гарав. Нэг нэг рүүгээ дайрсан хар мессэж улам ихэсч, үүний хар гайгаар өөрийнхөө цахим хуудсанд ч тавтай тухтай орж чадахаа больж байна. Албан тушаалын төлөө амиа өгөхөөс ч буцахгүй тэмцдэг болох нь эдүгээ бүр ч тод ажиглагдаж эхэллээ. Сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол өлсөж үхнэ гэж “айлгах тактик” ашиглаад, адаг сүүлд нь эхнэрээ нэр дэвшүүлээд нэг санаа амарсан нэгэн байхад эр нөхрөө булаацалдаж, чи би-дээ тулсан нь ч бий. Өөр нэг ярианы сэдэв нь төрсөн ах дүүс, худ ургууд, баз хүргэдүүд энэ жнлийн сонгуульд өрсөлдөж байгаа нь инээдэм. Гэхдээ гэр бүлийн гишүүд өөр өөр намаас нэр дэвшч, хэн нь ч ялсан хамаагүй нэгийгээ татна гэсэн шог яриа ч газар аваад байна.
 
Энэ юу ч биш. Өрсөлдөгчийнхөө тараах материалд мөнгө хавчуулж, зоосон самбарыг нь урж хуулж байна, цаана чинь. Сонгууль ямар бүх зүйл юм vy, сонгууль мөнх үргэлжлэх юм уу, үгүй л баймаар. Гэтэл эдүгээ архины ширээний ард, халамцаж, хөгжилдөж суухдаа марзагнасан яриаг нууцаар бичээд, сонгуулиар “чулуу болгон" ашигладаг болж. Энэ бол өчигдөр өрнөсөн үйл явдал. Нэг тойрогг нэр дэвшиж байгаа эр, эм хоёр хүний хооронд өрнөсөн энэ асуудал нэг биш нэлээд олон хүнийг чирэх нь тодорхой боллоо. Олон нийтийн сүлжээ гэдэг өөрөө маш хүчтэй хэрэгсэл. Тийм учраас хэн нэгэнтэй холбоотой ноцтой мэдээдэл нэгэнт тархсан бол, тэр өөрөө дараа нь яаж ч асуудлыг залруулаад нэмэргүй л болов уу.
 
Нөгөөтэйгүүр энэ бичлэг гэнэт яагаад олон нийтийн сүлжээгээр ил болсон бэ гэдэг нь асуудал. Бас л сонирхолтой. Тэгэхээр энэ бичлэгийг хийх үед байсан хүмүүс, бичлэг хийсэн утсаа алдчихсан гэж цагдаад мэдүүлсэн Г.Уянга гишүүн, бичлэгийг нэвтрүүлгээр цацаарай гэсэн захидлын эзэн, шантаажилж мөнгө авсан болон шилжүүлсэн хүмүүс гээд бүгдийг нь шалгаж, үнэн мөнийг нь тогтоох эрх нь хууль хяналтынханд байгаа. Үнэхээр асуудал байгаа бол тэр асуудлыг хууль, хяналтын байгууллага хуулийн дагуу шалгаад, хариуцлага тооцож яагаад болохгүй байх билээ. Үнэндээ энэ заль хэнийх байсан нь сонгогчдод огтхон ч хамаагүй. Халамцсан үедээ эрхэм гишүүн юу ярьсан нь сонин биш. Харин энэ бичлэгээр шантаажилж, мөнгийг нь авчихаад нийтэд цацчихсан тэр хүмүүс л гутамшигтай санагдаж байна. Хамгийн гол нь цуг уучихаад бичлэг хийж, хийсэн бичлэгээ бусдад өгч, данс явуулж мөнгө авчихаад олон нийтэд дэлгэж байгаа нь хамгийн гутамшигтай бөгөөд араас “хутгалж чадах” жинхэнэ аюултай хүн гэдгийг харууллаа. Бичлэг хийсэн, бас олон нийтэд зарлаж гаргаж ирсэн гаруудад улс төр, төрийн босго хаагдах ёстой.
 
Үнэндээ сонгуулийн сурталчилгаа бол өөрийнхөө хийсэн ажил болон хийх ажлаа олон нийтэд таниулахад оршдог. Гэтэл манай улстөрчид өрсөлдөгчөөсөө гадна өөр хамааралгүй хэн нэгнийг ч хараар будах тун муу сонгуулийн тактикийг ашиглаад байгаа нь энэ цагт явуургүй болж. Улстөрч болохын тулд мэдээж дардан замаар өгсөхгүй. Гэвч үнэхээр хийж чадаж байгаагаа, эсвэл хүчгүй нэгнийгээ харлуулах улс төрийн бохир тоглоомыг манайхан сүүлийн үед үнэхээр гарамгай хийдэг гэдгээ харуулж байна. Хэнийг ч хэн ч биш болгож чаддаг юм байна. Энэ дайралт эрэгтэй улстөрчид рүү гэхээс илүүтэй эмэгтэй улстөрчид рүү арай л хэтэрхий ирж байна. Х.Бат-Ялалт, Б.Алтаншагай нар өөрсдөө нэр дэвшч байж, өрөөлийг ингэж намнах хэрэг байсан уу. Үнэхээр хийж бүтээе гэж байгаа бол эр хүн шиг өрсөлдөх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг ийм арчаагүй аргаар дарж авах хүртлээ төрийн сууддын төлөө улайрах гэж дээ. Үнэндээ сонгууль мөнх үргэлжлэхгүй. Сонгуулийн дараа сайн нөхөд уулзаж, ярьж хөөрч, идэж ууж, илэн далангүй итгэж нөхөрлөж амьдрал өмнөх шигээ л үргэлжлэх нь дамжиггүй. Гэтэл дөрөвхөн жилийн настай эрх мэдлийн төлөө насаараа эрхэмлэх хүн чанараа гээж яанам бэ. Нөхөд ноход болох цаг гэж л энэ байх даа...


Монголын мэдээ
Э.Мөнх
Бусдад түгээх
  • gplus