Төрийн сэнтийд ёс зүй үгүйлэгдэж байна
Л.Эрдэнэчимэг гишүүний бичлэг цахим ертөнцөд хүчээ авч байна. Тус бичлэгийг  “Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр нийтэд дэлгэсэн. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн согтуу, тамхи татаж байгаа бичлэгийг хараад гишүүд нийлээд “зад авч дээ” гэхээр  үгүй ч юм шиг. Учир нь энэ бичлэгтэй УИХ-ын гишүүн Г.Уянга холбоотой гэх мэдээлэл гарч эхэллээ. Хэрэв энэ үнэн бол Г.Уянга гишүүн ангийн нөхрөө арай “хэтрүүлчихлээ”.  Хэн ч ууж, идэж болно л доо. Тэр хүний эрх. Гэвч тэд хоёулаа л УИХ-д дөрвөн жил нэг танхимд суусан улстөрчид.  Л.Эрдэнэчимэг гишүүний бичлэг дээх үйлдэлд  олон нийт янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа юм. Өнгөц харахад хэдэн гишүүн нийлээд ууж, дарвиж байгаа бичлэг боловч энэ бол Төрийн ордонд суусан Төрд төлөөлөн болон очсон хүний хийх үйлдэл биш юм.

Төрийн хүнд байм боломжгүй үйлдлийг эрхэм гишүүн Төрийн ордонд  хийж суугааг юу гэх вэ? Дүгнэлт хийхэд ч ухаан хүрэхгүй юм. Харин эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг “ Энэ бичлэгт тайлбар байхгүй” гэсэн юм. Тайлбарлахад ч бэрх л дээ...

Нөгөө талаар нэг тойрогт өрсөлдөж байгаа нэгнийхээ бичлэгээр шантааж хийж мөнгө хүртэл авчихаад бичлэгийг нь цацаж байгаа “Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар. УИХ-ын гишүүн Г.Уянгын алдагдсан гэх утас.

Төрд тэд ингэж шунан дурлаж, наймаалцаж байна.

Өчигдөрхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын төрд хуулийг дээдэлдэг, өндөр ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай элч төлөөлөгч нэн хэрэгтэй болсныг Та сайн харж байгаа. Ард түмний нийтлэг эрх ашигт, яг Таны хүсэн хүлээж байгаа тэр үнэт эрх ашигт үйлчлэх тийм гишүүн бас тийм төлөөлөгчийг Та олж сонгож чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Иргэд сонголтоо үргэлж итгэж хийдэг. Харин Таны сонгосон хүмүүсээс Таны итгэлийг эвдсэн бол Та хариуцлага тооцох эрхтэй. Тэр алтан цаг мөч, тэр ховор боломж одоо л Таны мэдэлд орж ирж байна. Би өмнө нь иргэдийг өөртөө илүү боломж, илүү оролцоо, харин төрөөс илүү хариуцлага, илүү ёс зүй шаардаарай гэж хэлж байсан. Одоо ч энэ үгээ давтаж байна” хэмээсэн.

Нийтлэлч Д.Жаргалсайхан "Төрийн ажилтны ёс зүй" нийтлэлдээ "Монголын нийгэм төр засгийн бүх ажилтанд, бүх түвшинд ёс зүйн журмыг мөрдүүлж, зөрчсөнийг нь зарлан, шийтгэж, дахин гарах боломжийг өдрөөс өдөрт хааж чадвал бидэнд сайхан амьдрах боломж нээгдэнэ. Улстөрчдийг даган сонгох дүрэм журмаа сайжруулна гэж хөөрцөглөхийнхөө оронд сонгосны дараах мөрдүүлэх ёс зүйн дүрэм журмыг давхар анхаарах шаардлагатай байна" хэмээн бичсэн байдаг.

Үнэхээр ч монголын төрд, төрийн сэнтийд ёс зүй үгүйлэгдэж байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus