Дархан-Уул аймгийн ХААА-ны  даргын түр орлон гүйцэтгэгчийг хууль бус шийдвэр гаргасан гэв

Иргэн Р.Отгонжаргал мэдээллийнхээ эхэнд “ Ямарваа нам эвсэл , хэн нэгний захиалгаар бус , ямар нэгэн албан тушаал горилж биш , төр хуулиа дээдэлж төр тунгалаг байгаасай гэсэндээ энэхүү мэдээллийг хийж байгаа” гэлээ.

Тэрбээр өнөөдөр Дархан уул аймагт зөрчигдөж буй хууль бус үйл ажиллагааг Төрийн албаны зөвлөлд мэдэгдэж , төрийн албаны шударга мэргэшсэн боловсон хүчнийг хангах эрхэм зорилгыг хангах үйл ажиллагаатай холбоотой дараах мэдээллийг өгсөн юм.

Дархан уул аймгийн худалдан авах ажиллагааны албаны даргын сонгон шалгаруулалт нь хууль бусаар зарлагдаад байгааг хэлэв. Хуульд заасан шаардлагыг тавилгүйгээр түр орлон гүйцэтгэгч нь тус албанд томилогдохдоо ч хүртэл төрийн албаны тухай хуулийг зөрчиж томилогдсон гэлээ. Мөн төрийн жинхэнэ сонгон шалгаруулалтыг ч гэсэн тухайн албан тушаалд горилогч өөрт тохируулж , хуулийг зөрчсөн шаардлага тавьж байгаад гомдол гаргаж Төрийн албаны зөвлөлд ханджээ.

Анх тус сонгон шалгаруулалт 2016 оны 4-р сарын 20-ны байдлаар зарлагдсан байна.Харин төрийн албаны зөвлөл иргэн Р.Отгонжаргалын өргөдлийг 4-р сард хүлээн аваад 05-р сарын 20-нд 465 гэсэн тоотоор хариу өгчээ. Ирүүлсэн хариуд: Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 53-р зүйлийн 53-ийн 4-т зааснаар Худалдан авах ажиллагааны албаны нэгжийн дарга нь ял шийтгэлгүй , төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан , үүнээс 3-аас доошгүй жилийг худалдан авах ажиллагааны чиглэлээр ажилласан байна гэдэг шаардлагыг тавилгүйгээр хуульд нийцүүлэлгүй зарлаж, сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлсэн байна. Иймд төрийн албаны сайтаас буцаан татаж, Дархан уул аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хуульд нийцүүлэн сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг мэдэгдэж , албан тоот хүргүүлсэн” гэжээ. Ингээд дахин худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалт энэ сарын эхээр зарлагджээ. Харин 06-р сарын 3-нд иргэн Р.Отгонжаргал Төрийн албаны зөвлөлд ахин гомдол гаргажээ.Үүндээ мөн л өмнөх шаардлагын дагуу хууль бус сонгон шалгаруулалт зарлагдсан байна гэдэг утгыг илэрхийлжээ. Хариуд нь мөн л хууль тогтоомжид нийцүүлэн зарлахыг салбар зөвлөлд мэдэгдэж, албан тоот хүргүүлсэн, Ажлын байрны тодорхойлолтыг тухайн албан тушаалд томилох эрх бүхий албан тушаалтан нь өөрөө боловсруулж баталгаажуулдаг. Энэ эрхийг 2003 оны 13-р тогтоолоор олгогдсон гэсэн хариуг өгчээ.

Харин иргэн Р.Отгонжаргал “Хууль бусаар томилсон албан тушаалтныхаа хууль бус шаардлагыг хангахгүй байгаа байдалд тохируулан төрийн албаны сонгон шалгаруулалтыг зарлах ёсгүй” гэдэг байдлаар хандсан боловч өнөөдрийг хүртэл тухайн сонгон шалгаруулалт зарлагдаад явж байгааг хэллээ. Ийнхүү 06-р сарын 9-нд тухайн сонгон шалгаруулалтын мэдээллийг сайтаас татсан боловч 4 хоногийн дараа буюу 06-р сарын 13-нд эргэн тавьжээ.

Хууль бусаар томилогдсон гэх Худалдан авах ажиллагааны газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ганболдын Тамир гэгч 2016 оны 02-р сард томилогдоод тухайн Дархан уул аймгийн худалдан авах ажиллагааны газрын дарга болон гурван мэргэжилтэнтэй үйл ажиллагаа явуулдаг бүтэц зохион байгуулалтыг нь засгийн газраас баталсан байгууллагын хоёр мэргэжилтнийг хууль бусаар халжээ.Энэ асуудлын талаар тус иргэн мөн л төрийн албаны салбар зөвлөлд хандаад шийдвэр нь хууль бус байна гэсэн хариуг аван шүүхийн байгууллагад хандаад байгаагаа дуулгалаа. Тэрбээр Хууль бус сонгон шалгаруулалт хэвээр байгаа учраас гайхаж байгаагаа илэрхийлж хэвлэлийнхэнд ийнхүү хандсан юм.

Харин уг асуудлаар тэрбээр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Даваа- Очироос лавлахад “Энэ асуудал хуулийн дагуу явж байгаа” гэхээс өөр тайлбар өгөөгүй байна.Тиймээс тус иргэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороо , Төрийн байгуулалтын байнгын хороо мөн МУ-ын шадар сайдад хандсан бөгөөд цаашлаад тус сонгон шалгаруулалтын асуудал шийдвэрлэгдсэн тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд хандана гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн хууль бус сонгон шалгаруулалт зарлагдаад өнгөрсөн хэдий ч энэ асуудлын талаар тууштай явна гэдгээ дуулгалаа.Энэ мэт төрийн албаны сонгон шалгаруулалт гэх нэрийдлээр хууль бусаар явагддаг олон асуудал байдгийн нэгээхэн жишээ энэ юм.Төрийн удирдах албан хаагч нь анх сонгогдохдоо л хууль бусаар томилогдон ажиллавал цаашид төрийн албаны үйл ажиллагаа ямар байдлаар явагдах нь эргэлзээтэй асуудалтай хэмээн иргэн Р.Отгонжаргал мэдээллээ.

 



Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus