ЭЕШ орон даяар эхэллээ
2016-2017 оны хичэээлийн жилийн их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ. Тодруулбал, зургаадугаар сарын 15-ны өдөр орон даяар 12.00-13.40 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх юм.Энэ жил улсын хэмжээнд 36207 сурагч ЕБС-ийг төгсөж байгаа бөгөөд өмнөх жилийн төгсөгчидтэй нийт 37200  гаруй шалгуулагч ЭЕШ-д оролцох аж. 

Энэ жилийн ЭЕШ-ын журамд шалгалтын хуудсыг балын харандаагаар бөглөх, монгол хэл, гадаад хэлний шалгалтуудад сонсож гүйцэтгэх даалгавар нэмэгдсэн зэрэг хэд хэдэн өөрчлөлт орсон. Тэгвэл энэ жилийн шалгалтаар сонсож ойлгох чадвар шалгасан даалгавар оруулахааргүй болжээ. Учир нь энэ журмын дагуу орон нутгийн шалгалт өгөх байруудад чанга яригчаар хангасан ч Сангийн яамнаас тоног төхөөрөмж нийлүүлэх хугацааг дахин зарлах шийдвэр гаргаснаас Улаанбаатар хотын шалгалтын байруудыг чанга яригчаар хангаж амжаагүй байна. 
Шалгалт авах байрны хувьд улсын хэмжээнд орон нутагт 21, Нийслэл хотод 49 байрыг бэлдсэн байна. ЭЕШ-ыг өмнөх жилүүдэд их, дээд сургуулийн байруудад авдаг байсан бол энэ жилээс дунд сургуулиудын байранд зохион байгуулахаар болжээ. Шалгуулагч шалгалтын байранд нэг цагийн өмнө ирэх бөгөөд анги танхимдаа 10 минутын өмнө суудлаа эзлэх шаардлагатай. ЭЕШ-ыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна. Тодруулбал, монгол хэлний шалгалтыг энэ сарын 15-ны өдрийн 12:00 цагаас эхлэн 13:40 минут хүртэл авна.

Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно. Тиймээс металл илрүүлэгч болон сүлжээ сарниулагч ашиглах юм байна.

Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна. Хариултын хуудсыг санамжийн дагуу зөвхөн балын харандаагаар тод засваргүй бөглөх бөгөөд шалгуулагчдад үнэгүй харандаа тараах юм байна.

Машинаар зассан нийт хариултын хуудасны 5-аас доошгүй хувийг санамсаргүй байдлаар сонгон дахин хяналтад оруулж баталгаажуулна. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг ирэх долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарласан байх юм. Түүнчлэн ирэх сарын 05-наас өмнө шалгуулагчдын батламж хуудсыг тарааж дуусгасан байх аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus