Юун цэцэрлэгт хүрээлэн, хар зах юм бишүү
Улс үндэстэн болгон өөрийн гэсэн цэцэрлэгт хүрээлэнтэй байдаг. Тэр ч бүү хэл нэг хотод нэлээд хэдээрээ байх нь бий. Бүр хот нь тэр чигээрээ цэцэрлэгт хүрээлэн шиг байдаг. Цэцэрлэгт хүрээлэнд нь очиход яг л диваажингийн нэгээхэн хэсэгт зочилсон юм шиг санагддаг. Цэцгийн хүлэмж, архитектурын гайхалтай шийдлүүд, усан оргилуур, ресторан, төгөл, хүлэмж, спортын цогцолбор, тоглоомын газрууд, амьтны хүрээлэн тэр байтугай саун амралтын газартай гээд цогц байдаг. Урлаг соёл, спортын арга хэмжээ, шоу үзүүлбэрүүд ч тасрахгүй. Өөр өөрийн онцлогоороо дэлхийд танигдсан. Тэнд нь очиж үзэх гэсэн жуулчдын хөл тасардаггүй.

Тэгвэл үүний нэгэн адилаар Улаанбаатар хотод дэлхийн хотуудын жишгээр иргэдээ амарч зугаалж, чөлөөт цагаа зөв, аятай тухтай өнгөрөөж байх газартай болгож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан. Өнөөдөр хүүхэд залуучуудын чөлөөт цагаа эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх цор ганц газар нь тэр болсон. Шарилжаар дүүрсэн, дэд бүтэцгүй байсан тэрхүү газар эрх мэдэлтнүүдийн хараанд өртөөгүйн ачаар цэцэрлэгт хүрээлэн болж, өнгө нэмсэн нь тэр. Нийт 110 мянга гаруй мод сөөг, олон улсын стандартад нийцсэн Монголын анхны 5.5 км дугуйн болон гүйлт, цанын зам, сагсан бөмбөг, хөлбөмбөг, софт теннисийн комплекс спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай, газрын усан оргилуур зэрэг олон бүтээн байгуулалтыг өнгөрсөн таван жилийн дотор хийж амжуулахын зэрэгцээ иргэдийн ухамсарт мод, сөөг тарих, ногоон байгууламжнйн ач тусыг ойлгуулж чадсаны ачаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн цэцэгс бүрхсэн, ногоон талбар болсон.
 
Ийм цэцэрлэгт хүрээлэнтэй болсон нь сайн хэрэг. Гэвч харамсалтай нь эдүгээ цэцэрлэгт хүрээлэнд дөнгөж хөл тавихад л урдаас хиншүү хярвас ханхалж, хоолны гудамжаар явж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Шөнө орой болсон ч хамаагүй хуушуур бууз, шорлог, хорхог, таван цулын шөл, хонины чанасан толгой гээд аль л шингэц муутай, хүнд хоолнуудыг зарахын зэрэгцээ эрүүл ахуйн талаар үт унагаад ч хэрэггүй. Өдөржин шороонд дарагдсан өнгө муутай тэдгээр хоолыг хүүхэд л болсон хойно авах гэж дайрна. Тиймээс ч цэнгэлдэх хүрээлэн хоолны үлдэгдэл, хогонд дарагджээ.
 
Үүний зэрэгцээ хэрэгтэй хэрэггүй олон бараа, хүүхэд хуурах тоглоом, эрүүл мэндэд хор болохоор хоол зарж, бооцоот, мөрийтэй тоглоом тоглодог газар болж хувирсан байна. Хоёр, гурав, дөрвөөрөө сууж жийдэг үхэр тэрэг шиг дугуй нь ганц тойрохдоо мөнгө төлөхийг эс тооцвол спортлог гэхээсээ мөнгө олох гэсэн ядмаг арга гэж болно. Хүүхэд хуурах тоглоомон машины үнэ ч өндөр. Тавхан минут тойроход л 3000 төгрөг.
За тэгээд, үндэсний тодотголтой цэцэрлэгт хүрээлэндээ амрах гэж очсон биш ажил хийж олсон хэдэн төгрөгөө шавхахын зэрэгцээ хар захаар тэнэж байгаа юм шиг стресс чирсээр гэртээ харих нь олон болж.
 
Олны хөлийн газар байж ядаж нэг ч ATM байхгүй. Бас цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд тор татсан нь эгээ л “шорон” гэлтэй. Мөн сүүлийн үед иргэдээс эд зүйлээ гээсэн, машиныхаа толийг алдчихлаа гэх зэрэг гомдол их ирж байгаа гэсэн. Түүнчлэн дэргэдэх хотхоных нь иргэд шорлогны утаа, үнэрээс үнэндээ залхаж байгаагаа хэлж байсан юм. Дэлхийн хотуудын дайтай, Азидаа хамгийн том үндэсний хэмжээний цэцэрлэгт хүрээлэн болгоно гэсэн чинь оройдоо Нарантуулынхан шавдаг бохир газар л болон хувирч дээ. Анх байгуулагдахдаа арай ч ийм байгаагүй санагдана. Иргэд нь хотоо хайрлаж, хамгаалж, гар бие оролцож байж л хот хөгжил дэвшилд хүрэх учиртай. Гэтэл энэ тал дээр нийслэлчүүд маш хангалтгүй байна. Өөрсдөө ийм ухамсартай байгаа хэрнээ төр захиргааны байгууллага юм хийхгүй байна гэж шүүмжлэх дуртай. Үнэндээ хийгээд тавьсан зүйлийг нь эвдчихээд юм хийхгүй байна гэж ярих хэрэг байна уу. Нийтийн эзэмшлийн эд зүйлсийн төлөө сэтгэл зовж, түүнийгээ хайрлаж хамгаалдаг иргэн нийслэлд амьдрах хэрэгтэй юм шиг санагдана. Угтаа бол хөдөлмөрийг үнэлж чаддаггүй хүн л бусдын хөдөлмөрийг устгадаг гэдэг. Тиймээс хүний хөдөлмөрөөр бий болсон зүйлийг хайрладаг, хамгаалдаг сэтгэлгээтэй болох нь хамгийн чухал байна даа. Ингэж чадвал их хотоо эзний ёсоор мэддэг, ирсэн жуулчдад зочны ёсоор хандаж чаддаг “Найрсаг Улаанбаатарчууд” болох нь дамжиггүй.

Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus