Ми-8 осолдож, онцгой байдлын 15 дайчин амиа алдаад есөн жил өнгөрчээ
 Онцгой байдлын ерөнхий газрын 15 дайчин амиа алдсан өдрөөс хойш яг есөн жил өнгөрчээ. 2007 оны зургадугаар сарын 14. Тухайн үед Төрийн туг бөхийн, “МИ-8”-ийн ослоор амиа алдсан 15 хүүгийнхээ араас ард түмэн гашуудаж байлаа.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт есөн жилийн өмнө ойн түймэр гарсан юм. Иймээс шүхэрчин, гал сөнөөгч зэрэг аврагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод буулгах тушаалыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн тухайн үеийн сайд С.Отгонбаяр зургадугаар сарын 13-нд өгчээ. Эх орныхоо төлөө амь хайрлахгүй гэдгээ тангаргалсан 22 аврагч даалгаврыг гүйцэтгэхээр аав ээж, хань ижил, үр хүүхдээ орхиод үүрэгт албандаа мордсон. Өөр газарт түймэр унтрааж байгаад ирсэн шөнөдөө тушаал авсан залуу өглөө гэрээсээ гарахдаа “Бороо орж байна. Агаар муу болохоор нисэхгүй байх. Хань нь иргээд ирнэ. Сайхан цай чанаад хүлээж байгаарай” гээд унтаж байгаа хүүгээ үнсэлгүй яарч одсон гэдэг. Тэр өдөр агаар муу, бороотой байсан учраас олон улсын болон дотоодын нислэг үйлдээгүй гэж мэдээлж байжээ.

Харин ажилтан, аврагчдаа ямар үед хаашаа, хэрхэн илгээх вэ гэдгээ сайд, дарга нар нь тооцоогүй хэрэг. Ингээд цаг агаарын хүнд нөхцөлд ойн түймэр унтраахаар мордсон 15 аврагч  эргэж ирэлгүй  эх орныхоо хөрсөнд шингэсэн юм.Тэднийг хайх ажиллагааг бүтэн нэг өдрийн дараа эхлүүлснийг тухайн үед амтай болгон шүүмжилж байлаа. Магадгүй түргэн хугацаанд эрлийн ажиллагааг эхлүүлсэн бол  аврагчид амь  насаа алдахгүй байх боломж байсныг амьд үлдсэн нөхөд нь ярьсан удаатай. Эх орноо хамгаалахаар мордсон  эрэлхэг хөвгүүд амиа алдаад өдгөө есөн жилийн нүүрийг үзэж буй энэ өдөр тэднийг эх орон нь мартжээ.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus