Дэлхийн банкны эксперттэй уулзлаа
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр /2016.06.14/ Дэлхийн банкны Засаглалын хөтөлбөрийн эксперт хатагтай Элин Бэргман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Хатагтай Элин Бэргман, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дэлхийн банкинд албан хүсэлт тавьсны дагуу Монгол Улсын зохицуулалтын бодлого болон түүний хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх гэж буйгаа уулзалтын эхэнд танилцуулсан юм.

Тэрээр, зохицуулалтын бодлого хэрэгжилтийг хангах оношилгооны хэрэгслийг Монголд хэрэглэх болсон шалтгаан бол Монгол Улсад зохицуулалтын бодлого болон хэд хэдэн чухал хуулиуд дээр ахиц, дэвшилт гарсан байгаа. Эдгээр бүх зүйлийг харгалзан үзэж Монгол Улсад оношилгооны хэрэгслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан болохыг тэмдэглэсэн юм. Түүнчлэн энэхүү дүн шинжилгээний үр дүнд тайлан гаргаж, цаашдаа хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тодорхой зөвлөмжүүд гаргах юм. Эхний судалгааны ажлыг Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад томоохон хуулиуд, тэдгээрийн хэрэгжилтийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцад тулгарч болох асуудлууд байгаа эсэх талаар санал солилцохоор уулзаж буйгаа дуулгалаа.

 

 

Мөн тэрээр, Хууль тогтоомжийн тухай хууль батлагдснаар Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт ямар ач холбогдолтой болохыг лавлахад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар тайлбарлахдаа, Улсын Их Хурлаар батлагдаж буй хуулиудын чанар, хэрэгжилтэд нь тодорхой өөрчлөлт оруулах зорилгоор энэ хууль хэрэгжсэн юм. Мөн хууль тогтоох үйл ажиллагаанд иргэний оролцоог хангах шаардлага байсан гэлээ.
Ийнхүү талууд Хууль тогтоомжийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд хууль тогтоомжийн чанар, хэрэгжүүлэлт, Дэлхийн банкнаас хийхээр төлөвлөж байгаа Зохицуулалтын чанарын үнэлгээний талаар харилцан санал солилцов хэмээн УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus