Доноруудыг алдаршуулах өдөр тохиож байна
Дэлхийн цусны донорын өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдрийг дэлхийн нийтээрээ цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулж, талархал илэрхийлдэг уламжлалтай. 

Сайн дурын донорт суурилсан улс 2002 онд 39 орон  байсан бол өнөөдөр 62 улс энэ тогтолцоонд бүрэн шилжсэн байна. 2009 оны Мельбурны тунхаглалаар 2020 он гэхэд улс орнууд 100 хувь авлагагүй сайн дурын донортой болохыг уриалжээ.

Дэлхийн хэмжээнд жилд 108 сая орчим донорын цус цугладаг бөгөөд түүний 50 хувийг хөгжингүй орнуудад цуглуулан нөөцөлдөг байна.Тодруулбал, өндөр орлоготой улсуудыг бага орлоготой улсуудтай харьцуулахад 9 дахин их  хэмжээний донорын цус нөөцөлдөг ажээ.

ДЭМБ-ын мэдэгдэлд “дэлхийн олон улс оронд донорын цусны эрэлт нь нийлүүлэлтээс давсан хэвээр байна. Энэ нь чанартай бөгөөд аюулгүй цусаар хангах үүрэгтэй байгууллагуудын хувьд тулгамдсан асуудал болоод байна” гэж дурдсан байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus