Б.Өлзийбаяр:  Өнөөдрийн авсан 300 мянгаа дараа нь иргэд өөрсдөө төлнө
Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу өчигдрөөс хувьцаагаа зарах хүсэлтэй иргэд арилжааны банкинд хандаж, хүсэлтээ өгч эхэлсэн юм. 

Ингээд иргэд дансаа нээлгэж, бүртгүүлснээс хойш долоо хоногийн дараа буюу ирэх долоо хоногоос 300 мянган төгрөгийг 100, 100 мянгаар нь авах эрх үүсч байгаа юм. Иргэдийн хувьцааг худалдаж авахад  900 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо гараад буй. Харин уг мөнгийг хаанаас гаргах эх үүсвэр нь тодорхойгүй байгаа юм.  

Харин хувьцаагаа Засгийн газарт худалдаж мөнгө болгох хүсэлтэй иргэд олон байгаа бөгөөд бүртгэж эхэлсэн эхний өдөр 185 мянган иргэн хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл байна. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна. Тэгвэл хувьцаа олгохыг эсэргүүцэх хүн цөөнгүй байгаа юм. Тухайлбал Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос дөнгөж сая мэдээлэл хийж, Засгийн газрын энэхүү шийдвэр өндийж ядаж байгаа хөрөнгө, санхүүгийн зах зээлийг эргэн уналтад оруулах  шийдвэр хэмээн мэдэгдлээ. Тэд Эрдэнэс тавантолгойн  эдийн засгийн эргэлтэд ороогүй хувьцааг шууд арилжааны банкуудад худалдана гэдэг нь Үнэт цаасны тухай, Банкуудын тухай хуулийн зөрчиж буй үйлдэл гэлээ. 

Энэ талаар Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга Б.Өлзийбаяраас тодрууллаа.

-Өчигдрөөс эхэлж иргэд 1072 хувьцааныхаа 30 хувь буюу 322 ширхэгийг Засгийн газарт худалдаж эхэлсэн. Үүнийг эдийн засагчид огт өөр өнцгөөс тайлбарлаж буй. Тэгвэл мэргэжлийн хүний үүднээс хэрхэн тайлбарлах вэ?

-Аливаа нэгэн компанийн хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргахдаа тухайн компанийн үйл ажиллагаа, тайлан балансыг сайтар судлах хэрэгтэй. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн тайлан баланс алдагдалтай, ганц экспортод гаргадаг бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр уначихсан байгаа. Дээрээс нь Төрийн өмчит, үйл ажиллагаа нь олон нийтэд хаалттай байдаг. Тиймээс үнэ цэнийг л сайн харах хэрэгтэй. Өнөөдрийн 300 мянган төгрөгийн үнэ цэнэ, хэдэн жилийн дараах үнэ цэнэ хэд болох вэ гэдгийг судлах хэрэгтэй. Би лав хувьдаа 300 мянган төгрөгөө бэлэн мөнгөөр нь ав л гэж хэлнэ.

-Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийг хаанаас гаргаж байгаа бол?

-Засгийн газар арилжааны банкуудаас 1.65 их наяд төгрөгийн бондыг хэдэн хувийн хүүтэйгээр босгож байгаа бол гэдэг өөрөө их сонирхолтой асуулт юм. Тэгэхээр байхгүй мөнгийг бий болгож байна гэдэг бол эргээд бидний халааснаас гарна гэсэн үг. Бид нар өнөөдөр 300 мянган төгрөг авч байгаа юм шиг боловч эргээд төлөөсөө төлнө.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus