Сун Хе Гю: Би ирээдүйн талаар том зүйл төлөвлөдөггүй

“Asian Box” киноны сувгаар Солонгосын олон ангит “Нарны үр сад” кино гарч, манай үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ. “Зочид буудлын эзэн”, “Амьдралын ээдрээ”, “Миний байшин” зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн олон ангит киноны дүрээрээ танигдсан Солонгосын царайлаг, үзэсгэлэнт жүжигчдийн нэг Сун Хе Гюуг киноны гол дүрийг бүтээж байгаа юм. Тэгвэл энэ удаа “Оддын цаг” буландаа жүжигчин бүсгүйн www.koreatimes.co.kr сайтнаа өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
 
-“Нарны үр сад” киноны романтик хэсгийн сэтгэл хөдлөдийг жүжигчин Сон Жун Ки та хоёр маш чадварлаг гаргасан байна билээ. Ийм мундаг тоглосон нууц нь чухам юундаа байна вэ?

-Кино дэлгэцнээ гарснаас хойш Сон маш олон шүтэн бишрэгчидтэй болсон байна лээ. Кино зохиолыг анх унших үедээ гол дүрийн эрэгтэй жүжигчин хэрхэн удирдаж тоглохоос шалтгаалж, кино амжилтад хүрэх юм байна гэж бодсон. Харин хамтрагч маань дүрээ сайн гаргасан учраас миний сэтгэлийг хөдөлгөж чадсан байх. Тиймээс л энэ хэсэг үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан юм болов уу.


 
-“Мицүбиши моторс” компанийн нүүр царай болох саналаас татгалзсан гэж сонссон юм байна. Хэрэв дургүйцэхгүй бол шалтгааныг нь тодруулж болох уу?
 
-Тэр явдлын талаарх мэдээлэл маш хурдацтай тархаж байгааг хараад үнэндээ гайхсан. Өөр солонгос жүжигчин байсан ч, ийм шийдвэр гаргах байсан байх. Надтай холбоотой бүхий л үйл ажиллагаа, гэрээ хэлцлийг Сео Кён Дук хариуцдаг юм. Гадаадын олон алдартай музейд солонгос хэл дээрх товхимол байгааг би нэг ч удаа олж харж байгаагүй. Тиймээс менежертэйгээ ярилдаад Солонгосын соёл руу чиглэсэн үйл ажиллагаанд түлхүү оролцохоор шийдсэн. Түүхийн талаарх баримтуудыг сайн мэдэхгүй учраас маш олон зүйлсийг судлах хэрэгтэй болж байгаа. Би өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ л хийх болно. Бусад хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй.
 
-Сүүлийн хоёр ангийг дутуудсан гэж зарим хүмүүс дүгнэж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
 
-Киноны сүүлийн ангийн зураг авалтыг урьдчилж авсан байсан. Гэхдээ олон нийтэд цацах үед зарим хэсэг дутуудсан нь үнэн. Кино зохиолыг бүхэлд нь уншиж, нэг хэсэгт нь тоглосон хүний хувьд ингэж хэлж байгаа хэрэг. Зарим үзэгчид сөрөг сэтгэгдэлтэй үлдсэн байх. Хувь хүнийхээ хувьд би төгсгөлд дуртай л даа. Гэхдээ олон ангит кино болохоор зүгээр гэж бодож байна.
 
-Өөрийн бүтээсэн дүр болох доктор Кан Мо Ены талаар юу гэж бодож байна вэ. Зохиолч Ким Ен Сукийн бичсэн ховорхон дүрүүдийн нэг шүү дээ?
 
-Кан эмчийн дүр өөрийнх нь бичсэн зохиолууд дундаа хамгийн анхны шулуун шударга, өөртөө итгэлтэй бүсгүйн дүр гэж зохиолч Ким хэлж байж билээ. Үнэнийг хэлэхэд зохиолчтой уулзаж, ярилцахаасаа өмнө нь би дүрийнхээ талаар сайн ойлголтгүй явсан. Харин түүнтэй уулзах үедээ дүрийнхээ гэрэл гэгээтэй сайн талыг нь илүүтэй олж харсан юм. Тэгээд л зохиолоо дахин уншиж, Кан эмчийн дүрийг бүтээсэн дээ.


 
-Та энэ удаагийн олон ангит киноноос юу сурч үлдсэн бэ?
 
-Би 20 гаруй насандаа жүжиглэнэ гэдгийг их л амархан зүйл гэж бодож, төсөөлж ирсэн. Гэхдээ энэ киноны бүх л хэсэг тийм амар байгаагүй. Зураг авалт эхлэх тэр үеэс ажлаа сайн хийхэд л анхаарч байлаа.
 
-Хамтран тоглосон жүжигчин Сон Жон Киг хүнийх нь хувьд юу гэж боддог вэ. Манай зарим уншигчдад сонин байж магадгүй?
 
-Сон Жон Ки аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, эелдэг зантай гэдгийг нь мэднэ. Газар хөдлөлт гэх мэт хүнд зураг авалтад ч тэр ийм л байдлаар хандаж ирсэн. Бүтэн зургаан сарын турш хамт ажиллахад түүний зан араншин өөрчлөгдөхийг нэг ч удаа хараагүй. Сон насаар надаас хэд дүү. Гэхдээ надад түүнээс сурах зүйл маш их байлаа. Кинонд дүрээ төгс бүтээсэн гэдэгтэй маргахгүй байх. Хүнийхээ хувьд ч гайхалтай залуу.
 
-Таны тоглолт ч гэсэн гайхалтай байсан. Ер нь таны хувьд үзэгчиддээ ямар байдлаар дурсагдахыг хүсдэг вэ? 
 
-Кино, драмын аль нь ч бай, миний тоглосон дүр үзэгчдийн сэтгэлд маш гун гүнзгий хүрэхэд л миний сэтгэл ханах болно. Би ирээдүйн талаар том зүйл төлөвлөдөггүй. Яг одоогийн байдлаар миний хамгийн сайн чадах зүйл энэ байна.


 
-Таны дараагийн бүтээхийг хүсч буй дүрийн тухайд?
 
-Эрэгтэй жүжигчидтэй харьцуулахад эмэгтэй жүжигчдийн бүтээж чадахгүй дүр гэж байдаг. Ингэж хэллээ гээд эрэгтэй жүжигчид эмэгтэйчүүдээс илүү чадвартай гэж байгаа юм биш. Би зүгээр л зохиолчдын бичсэн олон олон эмэгтэйн дүрийг драм болон дэлгэцийн бүтээлд бүтээж, жүжигчнийхээ ур чадварыг өөр талаас нь харуулахыг л хүсч байна.


Монголын мэдээ
Орчуулсан Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus