Доналд Трамп VS Хиллари Клинтон

АНУ-ын төрийн тэргүүнийг сонгох сонгууль ирэх арваннэгдүгээр сард тохионо. Энэ сонгуупьд Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нэр дэвшч буй бол Бүгд найрамдах намаас Доналд Трамп өрсөлдөхөөр болсон. Хилари эдүгээ 68 настай бол Доналд 69 настай бөгөөд тэд нэгэн үеийн лидерүүд. Гэсэн ч, хоёр эрхэмд нийтлэг чанар бараг үгүй аж. Намтар, хүйс, улстөрчийн туршлага гээд бараг хоорондоо тэс өөр хүмүүсээс америкчууд сонголтоо хийх юм. Сонгууль болоход таван сарын хугацаа үлдсэн. Тэгвэл уг сонгуульд нэр дэвшигчдийн давуу талыг “Франц пресс” агентлаг харьцуулан гаргасныг уншигчиддаа орчуулан хүргэе.
 

1. Улс төрийн туршлагагүй бизнесмэн
 
Түүнийг дэмжигчдийн ихэнх нь Трампыг мөнгөө өсгөх олон авьяастай бизнесмэн гэж тодорхойлдог бөгөөд ажилгүйдлийг бууруулж, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж чадна хэмээн үнэлдэг. Трампын нийт хөрөнгө 10 тэрбум ам.доллар. Гэхдээ тэрбээр өөрөө үүний хагаст ч хүрэхгүй хөрөнгөтэй гэдгээ онцолдог байна. Ардчилсан намын хувьд түүнийг улс төрийн туршлагагүй гэдгээр рейтингийг нь унагах сонирхолтой байдаг. Түүнчлэн, казиногийн бизнес хийх гээд бүтэлгүйтсэн болоод Трамп их сургуулийг байгуулсан гэх зэргээр шүүмжлэхийг оролддог байна.
 
Интертайнер
 
Доналд Трамп өөрийнхөө сонгуулийн кампанит ажлынхаа үеэр зорьсон зорилгоосоо огтхон ч ухрахгүй хэмээн онцлон тэмдэглэж байв. Түүний сонгуулийн сурталчилгааны үеэр мөргөлдөөн, эсэргүүцлийн жагсаал ч болж байсан. Трамп хэлсэн үг, элдэв мэдэгдлээсээ болоод хэл аманд өртөх нь элбэг. Өнөөдрийг хүртэл түүний амнаас гарсан үгс зарим талаар дэмжигчдийнх нь тоог нэмэгдүүлсэн ч, нөгөө талаар эсэргүүцэгчдийнх нь бухимдлыг төрүүлэх нь олонтай. Гэхдээ 1980-аад оноос хойш Нью-Йоркийн томоохон сонины нүүрийг тасралтгүй чимж ирсэн Доналд Трамп хэвлэл мэдээллийг хэрхэн өөрийн талд ашиглахаа мэддэг авьяастай нэгэн ажээ. Бусад нэр дэвшигчдээсээ илүү телевизийн нэвтрүүлгүүдэд оролцож байснаас нь ийн дүгнэлт хийж болно. Бодсон санаснаа шулуухан хэлчихдэг имижээрээ олны анхаарлыг татаж, улмаар Хиллари Клинтоны өмнө маш том хана босгож чадсан эрхэм юм.

 
2. Түүхэнд нэрээ үлдээсэн эмэгтэй
 
Америкийн их сургуулийн судлаач Женнифер Лаулесс гэгч эмэгтэй “Хиллари Клинтон хэрвээ энэ сонгуульд явбал цагаан арьст Ерөнхийлөгчөөс гаднах ерөнхийлөгчийн хоёрдугаар үеийг үргэлжлүүлнэ” гэж тодорхойлжээ. Хиллари ирэх сонгуульд ялсан ч, ялаагүй ч түүний нэр түүхэнд бичигдэж үлдэх нь тодорхой. Учир нь тэрбээр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй билээ. Хэрэв сонгуульд ялбал, мөн л АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох юм. АНУ-ын түүхэн дэх 227 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуульд нэг ч удаа эмэгтэй хүн нэр дэвшч байгаагүй ажээ. 1789 онд шинээр тусгаар тогтносон АНУ-ын Ерөнхийлөгчөөр Жорж Вашингтон сонгогдож байсан. Түүнээс хойш нийтдээ 44 эр АНУ-ын сонгуульд ялалт байгуулж, тус улсыг удирдаж байснаас 43 нь цагаан арьстан байсан гэдэг. АНУ-ын хамгийн анхны өнгөт арьст Ерөнхийлөгч бол Барак Обама билээ. Харин 45 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд ялбал цагаан арьстан эрэгтэйчүүд ялдаг тогтсон хэвшлийг өөрчилж буй гэдгээрээ хоёрдугаар эриний удирдагч болох ажээ.
 
Сэв үгүй намтар
 
Хиллари Родхам Билл Клинтонтой гэрлэж нөхрийнхөө овгоор овоглохоосоо өмнө ч нэр алдартай байсан гэдэг. Залуухан өмгөөлөгч бүсгүй эмэгтэйчүүд, хүүхдүүдийн төлөө тэмцэж, байр сууриндаа бат зогссоор иржээ. Гэсэн ч, нөхөр болох АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоныг улс төрийн хүрээнд дэмжихийг тулд өмгөөлөгчийн ажлаасаа холдож, нөхрийнхөө хамтаар Аркансас мужийн захирагчийн ордон, дараа нь Цагаан ордон руу нүүсэн байна. Энэ хугацаанд өөрөө ч улс төрийн ертөнцөд хөл тавьсан байлаа. Ныо-Йорк мужаас хоёр ч удаа сенатад сонгогдож, Барак Обамагийн дор Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан удаатай.


Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus