Засгийн газар хувьцааны мөнгийг ямар эх үүсвэрээс бүрдүүлэх нь сонин
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн хувьцаа” хөтөлбөр өчигдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл иргэд өчигдрөөс эхлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшиж байгаа 1072 хувьцааныхаа 30 хувьтай тэнцэх буюу 322 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь Засгийн газарт худалдаж байна. Ийнхүү “Сайн хувьцаа”-нд хамрагдаж хувьцааныхаа 30 хувийг нэрлэсэн үнээр нь зарж 300 мянган төгрөгтэй болох гэсэн иргэд өчигдрөөс эхлэн арилжааны банкуудад хүсэлтээ гаргахаар урт дараалал үүсгэлээ. Энэ ачаалал хотын захын арилжааны банкуудад илүү байгааг эх сурвалжууд дуулгаж байв. Ямартай ч иргэд хувьцааныхаа үр шимийг үзэхээр дугаарлав. Засаг энэ мөнгийг ирэх долоо хоногооос эхлэн иргэдийн гар дээр тавих амлалт өгсөн байгаа. Харин энэ мөнгө ямар эх үүсвэрээс гаргах вэ?

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд бүхий л зүйлийг сонгуультай холбон ойлгож, тайлбарлах болж. Харин сонгуультай холбохооргүй, улс төр хийж боломгүй нэг зүйл бол Засгийн газрын өр. Энэ өр нэмэгдсэн тухай мэдээллийг холбогдох байгууллагууд удаа дарааллан мэдэгдэж байна. Тодруулбал,  Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл тайлант улирлын эцэст 22,599 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс найман хувиар буюу 1,614 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Үүнд:

    -Засгийн газрын гадаад өр 14 хувиар буюу 480 сая ам.доллараар өсч 4,036 сая ам.долларт,
   - Төв банкны гадаад өр 11 хувиар 208 сая ам.доллараар өсч 2,084 сая ам.долларт,
   - Банкуудын гадаад өр 30 хувиар буюу 481 сая ам.доллараар өсч 2,061 сая ам.долларт,
  -  Бусад сектор ын гадаад өр дөрвөн хувиар 122 сая ам.доллараар өсч 3,568 сая ам.долларт,
    -Гадаадын хөрөнгө оруулагчаас авсан зээлийн эх үүсвэр гурван хувиар 322 сая ам.доллараар өсч 10,850 сая ам.долларт тус тус хүрчээ.

Бодит байдал ийм байна. Тэгэхээр Засгийн газар “Сайн хувьцаа”-ны үр ашгийн ямар эх үүсвэрээс олгох нь тодорхой бус байна. “Сайн хувьцаа”-г иргэдэд олгоход нийтдээ 495,1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг Ерөнхий сайд онцолсон. Ерөнхий сайд энэ мөнгийг хаанаас ямар эх үүсвэрээс гаргахыг онцолсонгүй, тайлбарласангүй.
Төсвийн алдагдал 860 тэрбус төгрөгт хүрчихээд байгаа энэ үед Ерөнхий сайдын амласан иргэдэд олгох 300 мянган төгрөгийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ. Одоохондоо албаныхан “Эх үүсвэрийн хувьд Засгийн газраас тогтоол гарган Сангийн сайд Б.Болорыг бүрдүүлэх үүрэг өгсөн” гэсэн мэдээлэл өгөөд байгаа.   Гэхдээ улсын төсөв алдагдалтай, улсын данс улайсан энэ үед Ерөнхий сайд хийгээд Сангийн сайд хаанаасаа ямар мөнгө гаргах нь сонин байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus