Орон сууцанд амьдарч байгаагаа ойлгодог ч болоосой

Тал нутгаар нүүдэллэн амьдардаг байсан монгол түмэн суурин амьдарлыг сонгосноос хойш тийм ч олон зууныг үдээгүй байна. Жилийн дөрвөн улиралд малаа дагаж нүүдэллэж ирсэн бидний хувьд суурин иргэншлээр амьдарч, дөрвөн ханан дунд хашигдаж амьдарна гэдэг эхэндээ амаргүй байсан нь мэдээж.
 
Гэвч суурин соёлыг сонгосноос хойшхи энэ хугацаанд бүхэл бүтэн нэг үе солигдчихоод байгаа билээ. Тэр тусмаа ардчилсан нийгмийг сонгосон шинэ үеийн хийж бүтээх хөдөлмөрлөх цаг ирчихсэн. Харамсалтай нъ манайхны ухамсар өнөөх л хээр талд адуугаа хариулж, хонио эргүүлж явдаг задгай сэтгэхүйнээс гараагүй байгаа юм. Гудамжинд хогоо хаядаг, нус цэрээ машиныхаа цонхоор төвөггүйхэн нулимчихдаг, нийтийн эзэмшлийн зам талбайг хайрлаж хамгаалах ухамсар бүрэн төлөвшиж чадаагүй.
 
Бага багаар энэ байдлыг арилгах гэж оролдож байгаа ч би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн сэтгэлтэй иргэд илүү олон байгаад асуудлын гол оршиж байгаа юм. Нийслэл хот маань өдрөөс өдөрт өнгө үзэмжээ засч байна. Төв талбайгаа өдөр бүр угааж, тоосыг нь соруулдаг болчихлоо. Замын хажуугаар мод тариалж, тохижилт үйлчилгээний ажилчид борви бохис хийхгүй зүлэгжүүлэх гэж үйлээ үзэж байгаа.
 
Харамсалтай нь тэдний энэ ажлыг хүндэтгэж байгаа хүн тун цөөхөн. Тарьсан цэцгийг нь малаа оруулж таслуулчихаад хажууд нь хэнэг ч үгүй утсаар яриад зогсч байх. Нисэхийн зам дагуу тарьсан модыг үхэр хайр найргүй гишгэлж хугалж байхад түүнийг хөөчих сэтгэлтэй хүн тэнд байхгүй, харин эсрэгээрээ зураг дараад зогсч байх жишээний. Нөгөө талаар, төр засаг олон янзын бодлого хэрэгжүүлж нийслэлийг гэр хорооллоос салгах олон янзын арга сэдэж үр дүнгээ ч өгөөд эхэлчихэж.
 
Гэтэл тэнд амьдарч байсан иргэд орон сууцанд орохоороо яг л 0.7 га газартай гэр хорооллын хашаандаа амьдарч байсан сэтгэхүйгээр хандах нь гачлантай. Доромжилж байгаа ч юм шиг. Орон сууц гэдэг ам дөрвөлжин газарт амьдарч байснаас шал өөр ойлголт. Нийтийн эзэмшлийн тоглоомын талбай, цэцэрлэг, зам харгуйгаас эхлээд таван давхар байранд амьдарч буй бүх хүмүүсийн хувьд бүгд л нэг сэтгэлээр өөрсдийн амьдарч буй орчноо хайрлаж хамгаалах ёстой. Гэтэл үүнийг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй хүмүүс заримдаа дэндүү олон байх аж.
 
Хамгийн наад захын жишээ ярихад л цэмцийтэл засчихсан явган хүний зам дээр машинаа гаргаад тавьчихдаг хүмүүс олон байх юм. Өглөө эрт ажилтай хүмүүсийн машиныг бөглөж тавьчихаад утсаа ч тавьдаггүй “хэнэггүй” гарууд орон сууцаар дүүрэн. Бүх хүний ажлыг барагдуулснаа тэд юман чинээ тоохгүй, өмнөөс сүртэй сүржигнүүрээр нь дуудна. Өглөө цайны дээжээ өргөж байна хэмээж цонхны дор тавьсан угаачихсан машин бохирдуулахаа юман чинээ тоохгүй. Нимгэн ханатай орон сууцанд амьдарч буй иргэдийн хувьд хөршийнхөө чимээ шуугианыг тэвчиж амьдарна гэдэг там. Нөгөө талаар бөөгийн онгодтой хөрштэй болчихвол тэгээд л амьдрал бараг дуусч байна гэсэн үг дээ. Үнэндээ чихээ бөглөх, эс бөгөөс байраа солихоос өөр сонголт байхгүй. Орон сууцанд амьдарч байгаа атлаа хогоо хоёр алхаад хаячихаж чадахгүй хүмүүс түм бум. Түмний үрс тоглож нааддаг цэцэрлэгт хүрээлэнд гарч ирээд архи ууна, наргиж цэнгэнэ. Шөнө дөлөөр хана өрөмдөж, хавь ойрын айл амьтны амар тайван байддыг алдагдуулж буйгаа тэд ойлгохгүй нь гачлантай.
 
Өөрийнхөө амьдарч буй байранд бөмбөг тэсэлсэн ч чамд хамаагүй хэмээн гайхуулах. Гэхдээ өмнө хэлсэнчлэн орон сууцанд амьдарна гэдэг нийтийн эрх ашгийн төлөө өөрийн эрхээ хасуулна гэсэн үг. Тогтсон дэг журмыг дагаж, хогоо ядахдаа хогийн саванд хаядаг байхыг таниас шаардана. Өөрийн биш юм гэхэд өрөөлийн нэг бяцхан хүү амарч унтаж буйг ямагт санах л шаардлагатай болно. Энэ мэтээс эхлээд гэр хороололд амьдрах, орон сууцанд амьдрахын ялгаа асар их. Тиймээс нийслэлийн иргэн та эрхээ эдэлж чаддаг шигээ үүргээ ч бас биелүүлж сурах хэрэгтэй болов уу.
 
Тэр тусмаа орон сууцанд амьдарч байгаа бол олноос онцгойрч давхилгүй, бусдынхаа эрхийг бас хүндэлж сурмаар байгаа юм. Та нэг өдөр амгалан унтаж байхад ханаа өрөмдөж, хадаас алх түжигнээд эхэлвэл юу бодогдох вэ. Өглөө чухал ажилтай байхад өөрийн чинь машиныг хэн нэгэн хэнэггүй нөхөр таглаж тавиад алга болвол юу бодогдох бол. Хөдөлмөр гаргаж хийсэн ажлыг чинь хэн ч хүндлэхгүй, нялх үрийн чинь тоглодог талбайд архины шил, тамхины иш хөглөрч байна гээд бод доо. Мэдээж та үүнийг тэвчихгүй. Хашаанд чинь хэн нэгэн орж ирээд хогоо хаяж, архи ууж, уйлж дуулж, шөнөжин алх түчигнүүлж байгаатай л агаар нэг асуудал учраас орон сууцаа ч гэсэн өөрийн ам дөрвөлжин газар шиг хайрлаач гэж уриалья.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Бусдад түгээх
  • gplus