Өрсөлдөгчид нь Э.Бат-Үүлийн нэрийг ашиглан хууль зөрчиж байна
Сэрэмжлүүлэг!!!

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны айл, өрхүүдэд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн сонгуулийн сурталчилгааны материал дунд өрсөлдөгч намын ухуулагч нар мөнгө хийж тараасан тохиолдол гарлаа.

Үүнийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Гантөмөр бидэнд мэдээллээ. Өглөөний 10.00 цагт хотын дарга Э.Бат-Үүлийн сонгуулийн сурталчилгааны материалыг барьсан этгээдүүд мөрийн хөтөлбөр дунд мөнгө хийн гэрт нь авчирч өгчээ. Зөвхөн Гантөмөрийнд төдийгүй олон айл, өрхөд Э.Бат-Үүлийн нэрийг барьж мөнгө тараасан байхыг үгүйсгэхгүй юм.

Э.Бат-Үүл нь НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт бус Хан-Уул дүүргийн 36 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Нэрийг нь ашигласан нь иргэдийг төөрөгдүүлээд зогсохгүй сонгуулийн хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн, зохион байгуулалттай увайгүй үйл ажиллагаа юм.

Нийслэлийн АН-ын сонгуулийн штабаас үүнийг шалгуулахаар цагдаа, Сонгууль зохион байгуулах төрийн байгууллагад албан ёсоор хандаад байна. Удахгүй үнэн мөнийг нь тогтоож, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцно гэж найдаж байна.

Ийм төрлийн явуургүй өдөөн хатгалгад хууртахгүй байхыг Нийслэлийн АН-ын сонгуулийн штабаас мөн сэрэмжлүүлж байна.

Улаанбаатарын хөгжлийг урагшлуулах их бүтээн байгуулалтыг ухраах гэсэн бусармаг оролдлогоо нэн даруй зогсоож, хуулийн хүрээнд шударгаар өрсөлдөхийг уриалж байна.
 
НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ
Бусдад түгээх
  • gplus