А.Тэгшжаргал: Бид дэд бүтцээ ашиглуулна

“ЭрдэнэсТавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газар гаргасантай холбогдуулан Үндэсний цахим гүйлгээний төвийн захирал А.Тэгшжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 323 ширхэг хувьцааг Засгийн газар банкаар дамжуулан иргэдээс худалдан авахаар боллоо. Үндэсний цахим гүйлгээний төв(ҮЦГТ)-ийн оролцооны талаар тодруулмаар байна?

-Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 311 тоот тогтоолын дагуу иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн 1072 хувьцаанаас 30 хувьтай тэнцэх хувьцааг худалдах боломжтой болсон бөгөөд хувьцаагаа худалдах хүсэлтэй иргэн бүр банкин дээр очиж бүртгэлээ хийлгэх юм.

Банк нь иргэдийн хүсэлтийг бүртгэж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-д мэдээллийг хүргүүлнэ. Банкнаас ирүүлсэн мэдээллийг холбогдох байгууллагууд тулгаж баталгаажуулсны дараа манай төвд цахим хэлбэрээр ирүүлэх юм. Баталгаажиж ирсэн цахим мэдээлэл болон төвлөрсөн санхүүжилтэд үндэслэн ҮЦГТ нь хувьцааны төлбөрийг иргэдийн дансанд хийх гүйлгээг дамжуулна. Өөрөөр хэлбэл бид дэд бүтцээ ашиглуулна гэсэн үг.

Үүнийг нэг жишээгээр тайлбарлая. Манай төв нь 2012 оны 10 сараас эхлэн Хүний хөгжил сангаас олгож байгаа хүүхдийн мөнгийг сар бүр дамжуулж байна. Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй иргэд  банкин дээр очиж хүсэлт гаргадаг бөгөөд тэдгээр мэдээллийг банк нь НХҮЕГ-т хүргүүлдэг. НХҮЕГ нь банкнаас ирүүлсэн мэдээллийг холбогдох байгууллагуудтай тулгаж баталгаажуулан  Төрийн сангийн газар(ТСГ) болон ҮЦГТ-д цахим болон албан бичгээр ирүүлдэг. Тус мэдээлэлд үндэслэн ТСГ нь санхүүжилтийг манай дансанд төвлөрүүлдэг. Ингээд ҮЦГТ нь НХҮЕГ-аас ирүүлсэн нэрсийн жагсаалт болон ТСГ-аас төвлөрүүлсэн санхүүжилтэд тулгуурлан банкинд байршиж байгаа хүүхдийн мөнгөний дансанд гүйлгээг дамжуулдаг. Яг энэ зарчмаар хүсэлт гаргасан иргэдийн хувьцааны төлбөрийг өөрсдийнх нь харилцдаг банкны дансанд шилжүүлэх юм.

-Үндэсний цахим гүйлгээний төв чухам ямар үйл ажиллагаа эрхэлдэг гэдгийг бас сонирхмоор байна ?

-ҮЦГТ нь Монгол Улсын хэмжээнд банк хоорондын төлбөр тооцооны үйлчилгээг түргэн, шуурхай, найдвартай гүйцэтгэх, төлбөрийн системийн оролцогчийн нэвтрүүлж буй бэлэн бус төлбөр тооцооны шинэ хэрэгслийг банк хоорондын төлбөр тооцоонд ашиглах, төлбөр тооцоотой холбоотойгоор үүсч болох эрсдэлийг хязгаарлах, бууруулах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2004 оны 10 дугаар сард Төлбөр Тооцооны Төв нэртэй байгуулагдсан. ҮЦГТ байгуулагдсанаар банкуудын төв салбар, Сангийн яамны Төрийн сангийн газар, Арилжааны төлбөр тооцооны төв, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-ийг холбосон дундын сүлжээгээр дамжуулан банк хоорондын төлбөр тооцоог бодит цагийн горимоор дамжуулж эхэлсэн. Хамгийн сүүлд нэвтрүүлсэн ажлыг дурдвал, 2016 оны 4 дүгээр сараас банк хоорондын цахим худалдааны төлбөр тооцоог дамжуулж эхэлсэн. Ингэснээр олон улсад ашиглаж буй нууцлал аюулгүй байдлыг хангасан технологийг нэвтрүүлж, банкуудтай хамтран ажилласнаар банк хоорондын цахим худалдааны системийн дэд бүтцийг бий болгоод байна.

-Картын үйлчилгээг бас танайх хариуцдаг уу?

-Үндэсний цахим гүйлгээний төв нь 2010 оны 5 дугаар сараас эхэлж бүх карт гаргагч банктай хамтран “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-г байгуулж, тухайн банкны карт эзэмшигч аль ч банкаар үйлчлүүлэх боломжийг нээж, төлбөрийн картын үйлчилгээг 24 цагаар тасралтгүй үзүүлэх болсон нь бэлэн бус төлбөр тооцоог дэмжиж, картын хэрэглээ өсөн нэмэгдэх хөшүүрэг болсон юм.

Түүнчлэн, тус төв нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл”-д тусгагдсан Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган, төлбөр тооцооны системийн шинэчлэлийг 2014-2016 онд эрчимжүүлэх үүргээ амжилттай биелүүлж, 2014 оны 5 дугаар сараас эхлэн 24/7 бодит цагийн горимоор 1 сая төгрөгөөс доош мөнгөн дүнтэй гүйлгээг тасралтгүй, найдвартай дамжуулах програм, техник хангамж болон зохицуулалтын орчинг бий болгосон.

ҮЦГТ-өөс санаачлан хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг бол үндэсний мөнгөн тэмдэгтийг нэрийдэн, дэлхийд танигдсан олон улсын төлбөрийн карттай тэнцэхүйц өндөр нууцлал бүхий төлбөрийн “₮ карт”-ыг 2012 оны 3 дугаар сард нэвтрүүлсэн явдал юм. Ийнхүү Монголчууд бусад улс орны нэр, лого бүхий Виза, Мастер картны оронд Монгол Улсынхаа үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийг бэлгэдэн нэршсэн “₮ карт” хэмээх төлбөрийн картыг хэрэглэх боломжтой болсон.

-Баярлалаа
Г.Гэрэлцэцэг
Бусдад түгээх
  • gplus