Улсын хэмжээнд 143.5 мянган иргэн ажилгүй байна
Ажиллах хүчний судалгааны 2016 оны 1 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажилгүй иргэд 143.5 мянга байсан. Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны 5 дугаар сарын эцэст 47.3 мянга болсны 24.5 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 33.7 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7 мянган хүн буюу 5.2 хувиар, өмнөх сарынхаас 0.3 мянган хүн буюу 0.9 хувиар өссөн байна. 

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.6 мянга буюу 52.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2016 оны эхний 5 сард ажилгүй 50.7 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 9.2 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 40.6 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 4.6 мянган хүн буюу 9.9 хувиар, ажилд зуучлагдан орсон иргэд 2.7 мянган хүн буюу 42.3 хувиар өсчээ. Харин ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд өмнөх оны мөн үеийнхээс 4.0 мянган хүн буюу 8.9 хувиар буурчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 49.0 хувийг бүрэн дунд, 26.6 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.0 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.4 хувийг тусгай мэргэжлийн дунд, 6.2 хувийг суурь, 2.5 хувийг бага, 1.2 хувийг магистр, доктор, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 59.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Дундговь, Дорнод, Увс, Дорноговь, Төв, Орхон, Булган аймагт улсын дунджаас 3.2-17.0 пунктээр илүү байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus