Дархан-Уул аймгийн ИТХ-д нэр дэвшигчид суулт зарлахаа мэдэгдлээ
Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо орон нутгийн сонгуульд оролцож буй нэр дэвшигчийн эрхийг зөрчиж байгаа талаар  дөнгөж сая мэдээллээ. Тодруулбал  аймгийн ИТХ-д нэр дэвшиж буй МАН-аас болон бие даан нэр дэвшиж буй 15 нэр дэвшигчийг Дарханы  сонгуулийн хороо бүртгэхээс татгалзжээ. Ингэхдээ нэр дэвшигчдийг багахан зүйлээр шалтаглаж хассан байна.

Тухайлбал  15-р тойрогт бие даан нэр дэвшиж буй Г.Ганбатыг  дэмжигчийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэмээн хасжээ. Түүний хувьд  иргэдийн гарын үсгийг хуурамчаар үйлдээгүй бөгөөд эхнэр нь гэртээ орж нөхрөөрөө зуруулчихаад ирье гэсэн дөрөв таван тохиолдол гарсан байна. Эдгээр зөрчилтэй гарын үсгийг гарсан ч хангалттай хэмжээний гарын үсэг цуглуулсан хэмээн ярилаа. Мөн ихэнх нэр дэвшигчийг аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгч хянуулаад нийцүүлээгүй гэдэг шалтгаанаар хасжээ. Харин Дарханы аудитынхан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт өгөх нь байтугай хянаж ч үзээгүй хэмээн хэвлэлийн хуралд оролцогчид хэллээ. 

Дарханы сонгуулийн хорооны уг шийдвэр  хүчингүй гэдгийг анхан шатны шүүхээс тогтоож, дээрх иргэдийг нэр дэвшигчээр бүртгэх шийдвэрийг  зургаадугаар сарын 9-ны өдөр гарчээ. Гэвч Дарханы сонгуулийн хорооныхон давж заалдах шатны шүүхэд хандан дээрх нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулахгүй байх бүх боломжийг эрэлхийлж байгаа  хэмээн тэд үзэж байна. Хэвлэлийн бага хуралд оролцогчдын хэлж буйгаар иргэдийн дунд өндөр рейтингтэй явж буй нэр дэвшигчдийг  замаасаа зайлуулах гэж ийм башир, арга ядсан аргыг хэрэглэж байгаа аж.

Дархан-Уул аймгийн сонгуулийн хорооны энэхүү үйлдэл нь үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг нь  ноцтойгоор зөрчиж байгаа тул цаашид Монгол улсын ерөнхийлөгчид хандахаар болсон тухайгаа тэд мэдэгдлээ. Мөн  өнөөдрөөс эхлэн аймгийнхаа сонгуулийн хороон дээр суулт зарлаж байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus