Э.Бат-Үүлийг яагаад хотын даргаар улираан сонгох ёстой вэ

Ардчилсан үзлийг дэмжигч, дэлгэрүүлэгч, хайрлан хамгаалагч орнуудын дээд жишгийг нийслэлийн АН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн өмнөх хүндэтгэлийн анхдугаар хуралдаанаараа харууллаа. Тэр нь санал хураалтаас өмнө АН-аас дараагийн хотын даргад Э.Бат-Үүлийг 100 хувийн саналаар дэмжсэн явдал байсан юм.

Тэгвэл энэхүү шийдвэртэй холбогдуулан зарим хүн “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий”, “юуны духанд хүрээгүй байж ингэж шоудах нь буруу”, “дэвшүүллээ гэхэд яагаад заавал Э.Бат-Үүлийг улираан сонгож байгаа юм бэ” гэхчилэнгээр байр сууриа илэрхийлж эхэллээ. Тиймээс АН, тэр дундаа Э.Бат-үүлийн багийг дэмжигчийн хувиар түүнийг хотын мээрээр улираан сонгох олон шалтгаанаас цөөн хэдийг онцоллоо. Энэ бол ямар нэгэн намын байр суурь биш цэвэр дэмжигчийн үзэл бодол юм.

Шалтгаан 1.

“30 гаруйхан настай хэдэн бор залуу цагаан хоолойгоор цадан ядан уриалж, өлсөж, цангаж, тэмцэж байсан цаг саяхан. Түүний манлайд халиурсан хар үстэй, сөөнгөтсөн хоолойтой нэгэн залуу гараа дээш өргөн зогсож байсныг тодхон санаж байна. Гялалзсан нүдтэй тэр залуугийн гарт харин “АРДЧИЛАЛ” нэртэй сонин байсан юм” гэж Сүхбаатарын талбайн өмнөх сааданд шатар тоглон суусан нэгэн өвөө дурсан хэлснийг иш татъя.

“Ардчиллын алтан хараацайнууд” гэх монголчуудын хэзээ ч мартахааргүй цээжилсэн үг, шатарчин өвөөгийн уг тодорхойлолтын эзэн нь Э.Бат-Үүл юм. Зүүн Европт дэгдсэн ардчиллын салхийг Монголд сэвэлзүүлж, түүхэнд тодоор бичигдэх анхны хувьсгалт эргэлтийг эхлүүлж, нутагшуулсан нь энэ байв. Гэхдээ тэр ганцаараа бүтээгээгүй. Түүний ард итгэлт андууд, ирээдүйг тодорхойлон зориглосон атгасан гар шиг баг бүрэлдэхүүн, ард түмэн байсан юм. Үг хэлэх боломж, үйлдлээ хазаарлуулахгүй байх эрх чөлөөг тэр, тэд ингэж авчирсныг бид мартах учиргүй. Энэ бол үр дүн, эрх чөлөөний төлөө хийсэн түүний эхний эргэлт байлаа.

Тухайн үеийн буюу 1990 оны Э.Бат-Үүлийг гурван зүйлээр тодорхойлж, таньдаг. Хар үс, сөөнгө хоолой, тэгээд эрх чөлөө, эерэг, шинийг эрэлхийлэгч, түүний төлөө тэмцэгч чанараар нь. Харин одоо эдгээрээс үснийх нь өнгө л өөрчлөгджээ.

Тэгвэл Ардчилсан хувьсгалыг авчирч эхний эргэлтийг хийж байсан залуу 22 жилийн дараа буюу 2012 онд хоёр дахь том эргэлтээ эхлүүлсэн. Тэр болон түүний баг “Бүтээн байгуулалтын бослого” гаргав. УИХ-ын гишүүний өндөр сэнтийгээс бууж хотын дарга болсон анхны хүн. Дулаан байшинд суух бус “Бүтээн байгуулалтын бослого”-ын удирдагч Генерал болох хэцүү бөгөөд хариуцлагатай сонголтыг тэр хийсэн. Мөн түүнийг олон хүн хотын өмнөх дарга нар шиг л дүр зургаар төсөөлж байсан ч өөрчлөлтийн дээд жишгийг харуулж чадсан юм. Өөрөөр хэлбэл, дөрөвхөн жилийн хугацаанд улсын нийслэл Улаанбаатар хот “нүүрээ угаасан” юм шиг өнгө нэмсээр. Энэ бол дөнгөж эхлэл гэж бодохоор баярламаар. Тэмцэгч хүн тэмцэгч л байдаг юм байна. Ардчилал гэгч асар үнэтэй зүйлийг амь насаа үл хайхран тэмцэн байж авчирсан юм чинь зорилгодоо хүртлээ тэр зогсохгүй биз ээ. Тиймээс Э.Бат-Үүл болон түүний багийн туйлын зорилгынхоо төлөө нэгэнт хурдалсан эрчийг зогсоохгүй л байх хэрэгтэй юм. Эцсийг нь хүртэл зүтгүүлсээр байх шаардлагатай.

Шалтгаан 2.

Манай найзын гэр Толгойтод байдаг юм. Харин тэдний хашаанд 70 насыг шүргэж байгаа хоёр буурай жижиг бор гэрт амьдраад миний мэдэхийн дөрвөн жилийн нүүрийг үзсэн юмдаг. Айлын хашаанд амьдрахын тулд тэд сарын 65 мянган төгрөгийн түрээс төлж байсан юм. Харин найз маань хоёр буурайд эзгүй үед нь хашаа, байшинг нь сайн харж байхыг захиад хашаандаа түрээсгүй амьдруулахаар болоод хоёр жил гаруй хугацаа өнгөрөөд байлаа. Хааяа би найзындаа очих далимаар хоёр хөгшнийхөөр орж гардаг болсон. Гэтэл өнгөрсөн жилийн хавар манай хоёр бөөн баяр болчихсон найзынд маань гүйхээгээрээ орж ирлээ. Нулимс нь нүдэндээ багтаж ядан, хоолой нь чичирч баяртай мэдээгээ хүүхэд шиг нэгд нэгэнгүй тайлагнасан юм. Тэд байртай болчихжээ. Нийслэлийн удирдлагуудын санаачилгаар гэр оронгүй өндөр настнуудад зориулж “Ахмадын орон сууц”-ыг барьж, түүгээр барахгүй манай хоёрт шинэ байрны түлхүүр гардуулж өгчээ. Одоо харин тэд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд баригдсан дулаахан, тохилог орон сууцанд аж төрж байна. Эмээ ус авахгүй, өвөө нүүрстэй ноцолдохгүй банштай цайгаа хуваан уусан шиг амар тайван амьдарсаар.

Өмнө нь бид яагаад энэ тухай бодож, үнэт сургаалиа хайрлаж явдаг ахмадуудаа анхаардаггүй байсан юм бэ. Гэхдээ яг ийм амьдралтай олон зуун ахмад байгааг бодохоор сэтгэл өвдөнө. Бүгдийг нь орон сууцтай болгох буянтай ажлаа үргэлжлүүлээрэй гэж хотын даргад уламжилъя.

Шалтгаан 3.

Э.Бат-Үүл хотын дарга болсныхоо дараахан авто машины дугаарын хязгаарлалт гээч юмыг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн үед энэ шийдвэрийг над шиг хатуу эсэргүүцэж байсан хүн мянга мянгаараа тоологдоно. Гэхдээ одоо буруу зүйлийг эсэргүүцэж байснаа бүгд хүлээн зөвшөөрч байна. Би ч мөн адил. Амьдралд стресс нэмсэн түгжрэл, аваар осол гээд гэнэтийн зүйлүүд аажмаар холдож эхэлж байна. Машин гарахгүй өдөр автобусандаа суучихна, эсвэл өнгө нэмсэн хотынхоо гудамжаар сэнгэнэтэл сайхан алхаад гэртээ харьчихдаг болсон. Ер нь ч тэгээд хотын хамгийн хурдан унаа чинь автобус болчихсон шүү дээ.

Дулаарахаар лагер гарчихна. Тэндээсээ ажилдаа явчихна. Зам сайхан болчихсон болохоор 20 км замыг 20-хон минут туулаад л ажилдаа хүрчихдэг юм. Нэг их удахгүй утаагүй нийслэл болох биз. Гэр хорооллын яндан түүх болон үлдэж, эрүүл тунгалаг нийслэл сүндэрлэх биз ээ. Устаж өгдөггүй утааг угтаа ийм амархан шийдчих байсан байна шүү дээ.

Шалтгаан 4.

Э.Бат-Үүлийн амжилттай ажиллаж байгаа гол зангилааны нэг нь түүний нэр хүнд гэж хэлж болно. “Том” улс төрч нийслэлийг удирдвал ажил хэрхэн урагшилдгийг бид харлаа. Өмнө нь хэний ч тоодоггүй байсан энэ албан тушаалыг хэн хашиж байгаагаас шалтгаалан УИХ дээд зэргийн анхаарал хандуулж эхэлжээ. Үүний баталгаа болгож нэр хүндтэй, Монголын улс төрд “том” хүн гэдгээ харуулан “Улаанбаатарыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г анх удаа хууль тогтоох дээд байгууллага УИХ-аар батлуулж чадсан юм.

Өөрийнх нь хэлснээр стратеги төлөвлөгөө, тооцоонд суурилсан уг хөтөлбөр хэрэгжсэнээр 2030 он гэхэд нийслэл хот маань дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй хотуудын нэг болох юм.

Гэхдээ тэмцэл бүхэн эсэргүүцэгчтэй байдаг. Энхэл, донхол замаар урагшилдаг жамтай. Харамсалтай нь тэдгээр эсэргүүцэгчид зөвхөн сонгуульд сонгогдохын тулд гэсэн ганцхан шалтгаанаар түүн рүү дайрч эхэлсэн. Гэвч ард түмний дунд хамгийн нэр хүндтэй байгаа хүн рүү дайрч давшлах нь байгаа оноогүй тун муу арга гэдгийг ухаарах хэрэгтэй. Нэг ёсондоо байртай болох, эрүүл аюулгүй хотод амьдрах мөрөөдөлтэй хүн бүрийн хүслийг тэс үгүйсгэсэн хэлбэр болчихож байгаа юм. Гэхдээ энэ байтугай эсэргүүцэлтэй нүүр тулж явсан Генералд жижигхэн асуудалд анхаарах цаг байхгүй биз ээ. Их бүтээн байгуулалт үргэлжлэх учиртай. Улаанбаатар урагшлах ёстой.

Нийслэлд эхэлсэн “Бүтээн байгуулалтын бослого”-ын энэ халдвар нийт Монголд удахгүй тархах болтугай. Бат-Үүлээ багаар нь дахиулъя.

НИТХ-ын сонгуульд АН-ыг дэмжигч

Бусдад түгээх
  • gplus