Төсвийн алдагдал 76-д “хамаагүй”
Манай улсын эдийн засаг мөлхөж байна. Гэсэн ч хаа сайгүй сонгуулийн шоу эхэлж, нийгэм тэр чигээрээ өөдрөг мөрөөдөл, сайхан амлалтаар бялхаж байна. Харин энэ зуур Монгол Улсын нэгдсэн төсвийн тавдугаар сарын гүйцэтгэлийн мэдээ тун таагүй гарч. Түүгээр төсвийн нийт тэнцэл 860.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. 2016 оны төсөвлөсөн дүнтэй харьцуулахад, төсвийн орлого 739 тэрбум төгрөгөөр сох дутжээ. Төсвийн орлого дутуу биелэхэд импортын барааны НӨАТ-ын орлого 60.9, импортын гаалийн албан татварын орлого 40.2, өмч хувьчлалын орлого 37.8, гадаад хандив тусламжийн орлого 157.7 тэрбум төгрөгөөр тус, тус төлөвлөгөөнөөс тасарсанаас үүдэлтэй аж. Мөн Хүний хөгжлийн санд 51.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 11.3 тэрбум төгрөгөөр дутсан байна.

Хэтэрхий үрэлгэн төсөвтэй манай улсын хувьд энэ байх ёстой мэдээ юм шигээр эрх баригчид хүлээн авав. Дээрх албан мэдээг ойлгож, мэдсээр байсан боловч эрх баригчид цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

 Манай улсын хувьд зөвхөн цалин, тэтгэвэр халамжийн үйлчилгээний зардалд нийт төсвийнхөө 60 хувийг зарцуулдаг. Төсвийн зардлаа бууруулах талаар ярихаар эргээд л халамжаа багасгах, цалин тэтгэвэр рүүгээ орохоос өөр аргагүй нөхцөл байдалтай болдог. Товчхондоо цалин, тэтгэврийн санг бүрдүүлэхийн тулд сардаа 250-260 орчим тэрбум төгрөг зарцуулдаг гэж байгаа.

2016 оны төсөвт цалин, тэтгэврийг нэмэх зардлыг суулгаагүй. Ер нь ч тийм боломж байгаагүй. Гэсэн ч сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө эрх баригчид цалин тэтгэвэр нэмэх шийдвэр гаргачихав. Уг нь эрх баригчид 2016 оны төсөв бол сонгуульд зориулагдсан төсөв болоогүй хэмээж байв. Гэсэн ч дээрх шийдвэр тэдний энэ үгнээс зөрөөтэй байна.

Дэлхийн эдийн засаг, зах зээл хямралтай байгааг манай зах зээлд нөлөөлөх нь үнэний ортой. Гэхдээ хямралтай үед Засгийн газрын хэрэглээгээ хумих уу, үгүй юу гэдэгт бодлогын шийдэл гаргах ёстой байв.

Харин одоо бол тэр тусмаа сонгуулийн энэ өдрүүдэд элдэв амлалт, шоу нь ингэсгээд намжаасай хэмээн хүсэх л үлдлээ. Үнэндээ энэ өдрүүдэд эдийн засгийн бодит нөхцөл байдлыг “эрүүл” нүдээр харах, дүгнэлт хийх хүн ховор байна. "Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй" гэдэг шиг төсвийн алдагдал эрхэм 76-д “хамаагүй” бололтой юм.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus