1072 хувьцаагаа хэрхэн худалдах вэ
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон юм. Өнгөрсөн сард зарим иргэд хувьцаагаа зарахаар Урт цагааны үүдэнд арав хонож байсан. Харин Засгийн газрын хуралдаанаар удаан хүлээсэн хувьцаагаа амь оруулах боломж нээгдлээ. 

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит бус хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Ингэхдээ иргэд дээрх хувьцаагаа заавал худалдах албагүй юм. Харин худалдах хүсэлтэй иргэдээс хувьцааных нь 30 хувийг  300 мянган төгрөгөөр төр  арилжааны банкаар дамжуулан худалдан авах юм байна. Иргэдийн хувьд уг хувьцаа  амь орж, хөдөлгөөнд орсон даруйд анхны арилжсан үнээрээ эргүүлэн төрөөс авах эрх нь нээлттэй үлдэж байгааг албаныхан хэлж байв.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр  хэлэхдээ "Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний эзэмшиж байгаа 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1072 хувьцааны эхний ээлжинд 30 хувьтай тэнцэх хувьцааг 300,426 төгрөгөөс иргэдээс холбогдох журмын дагуу шууд худалдан авах, цаашид 70 хувьтай тэнцэх хувьцааг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан худалдан авах зохицуулалтыг Засгийн газар хийлээ. Энэ нь санхүүгийн зах зээлийг хөл дээр нь босгох зорилготой юм. Цаашид Монгол Улсын иргэд бирж дээр байгаа өөрийнхөө дансуудыг цахим хаяг ашиглан идэвхжүүлээд биржийн ажиллагаанд өдөр бүр чөлөөтэй ордог болох тогтолцоог бий болгосны дараа хоёр дахь үе шат буюу 70 хувьтай тэнцэх хувьцааны олголтын ажиллагаа бий болно гэж үзэж байгаа" гэлээ.

Хувьцааг худалдаж авах асуудлыг энэ сарын 13-ны өдрөөс буюу өнөөдрөөс  эхлүүлж байна. Улсын хэмжээнд хувьцаагаа худалдах эрхтэй 1.657.000 иргэн байгаа. Эдгээр иргэд бүгд хувьцаагаа  худалдах хүсэлт гарга эрх нь нээлттэй юм. Юуны түрүүнд хувьцааныхаа 30 хувийг худалдах иргэд дурын арилжааны банкинд хандан, тодорхой маягт бөглөх замаар хүсэлтээ гаргах шаардлагатай аж. Үүний дагуу арилжааны банкууд болон Монголбанктай хамтран хүүхдийн мөнгө олгодог зарчмаар бүх тулгалтыг хийж үзэх юм байна. Ийнхүү тулгалтууд явагдсаны дараа Монголбанк арилжааны банкаар дамжуулан иргэдийн нэрийн дансанд мөнгийг байршуулах замаар асуудлыг шийдэхээр төлөвлөжээ. Ингэхдээ 300 мянган төгрөгийг гурав хуваан олгох бөгөөд арилжааны банканд хүсэлт гаргаснаас долоо хоногийн дараа иргэдийн нэрийн дансанд мөнгө шилжин орох юм байна. 
 
Дашрамд дуулгахад, иргэн та өөртөө хэдэн ширхэг хувьцаа байгааг шалгаж үзэхийн тулд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн сайтаас шалгах боломжтой юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus