Туул гол орчмын хогийг гадаадынхан цэвэрлэсээр, бид харсаар суух уу
Урин дулааны улирал ирж иргэд амралтын өдрөөр найз нөхөд гэр бүлээрээ салхинд гарах нь ихэслээ. Жил бүрийн амралт зугаалгын үеэр гол мөрөн, байгаль орчин  ихээр бохирдож хоцордгийг  бид мэднэ. Тэр дундаа Улаанбаатар  хот орчмын ногоон бүс амрагчдын идэж уусан хүнсний зүйл архи, пиво ундааны шил лаазаар дүүрч манайхны бүгд очдог Туул гол үнэгүй машин угаалгын газар болон хувирдаг. 

Уг нь бол Туул голд машин угаавал жолооны эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг. Гэсэн хэдийн ч энэ хугацаанд хасуулсан нь хэд байгааг бид мэдэхгүй. Харин машинаа угаасаар байгааг л бид харж байна. Дан ганц машин гэлтгүй тусгай хамгаалалтын бүс байх учиртай Туул голын эрэг худалч хүнд Улаан чулуутын хогийн цэгээс дутах юм алга.  Тэнд очиход  даанч дээ гэмээр дүр зураг ажиглагдана. 

Баяр наадмын өдрүүдэд энэ нь улам бүр ихэсдэг. Өнгөрсөн жилийн наадмын дараа 27 тонн хогийг Туул  гол орчмоос цэвэрлэж байжээ. Үүнээс харахад Нийслэлчүүд бид ямар их хог тарьсан нь ойлгомжтой. Тэр ч бүү хэл идэж ууж хэрэглэсэн зүйлийнхээ хогийг огт цэвэрлэдэггүй гэдэг нь эндээс харагдаж байна.  Ууж дууссан пиво, ундааны  шил, нойтон салфетка, чихэр жимсний цаас гол дотор урсах нь энүүхэнд. Салхинд туугдан, хүн олны хөлд задарч хэдэн тийшээ цацсан юм шиг л болсон хог хаа сайгүй. 

Мэдээж гол бараадаж салхинд гарахыг хүссэн хүмүүс явган  нүцгэн ирэхгүй нь тодорхой. Машин унаагаараа ирдэг. Гэхдээ явган ирсэн ч гэсэн идсэн уусан зүйлийнхээ хогийг цэвэрлээд аваад явж болно доо. Хүмүүсийн ухамсар ч тэр төр засгийн бодлого ч тэр. Бүгд л эх дэлхий байгаль орчныхоо эсрэг чиглэгдсэн мэт. Үүнийг амралт зугаалгын бүс гэгддэг Туул гол орчмоос харж болно. Хүн олноороо ирдэг энэхүү бүсэд ядаж ганц ч гэсэн хогийн сав байдаггүй. 

За тэгээд машинаа угаах бол энгийн үзэгдэл. Гэрийнхээ усыг хэмнэж голд очиж нэг сайх угааж авъя хэмээн хээв нэг ярих хэнэггүй Монголчууд өнөөдрийн таван литр усаа хэмнэж ирээдүйд уух 50 литр усаа үгүй хийж байна гэдгээ мэдэхгүй нь даанч харамсалтай. Хиртэй алчуураа гаргаж ирээд савандаж  угаах нь даанч хөөрхийлөлтэй. Өнөөдөр Монголчууд төдийгүй захын нэг барилга дээр ажилладаг Хятад, Солонгосчууд хүртэл олноороо нийлж Туул гол орчимд очиж машинаа угааж, хог хаяж байна шүү дээ. Мэдээж хэрэг Монголчууд бид өөрсдөө хатан Туулаа хайрлахгүй байгаа юм чинь харийн хүмүүс хайрлаж, хамгаалахгүй нь ойлгомжтой. 

Ухамсаргүй иргэдийн хаясан хогийг ТҮК-ийнхэн очиж цэвэрлээд шийдэгддэг бол  өөр хэрэг. Гэтэл энэ бидний эрүүл аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал гэдгийг ойлгох нь зүйтэй. Учир нь бохирдолтой уснаас ууж хордох аюул бидэнд ойрхон байна. 

Долоон сар гараад амралт зугаалгын ид үе эхэлнэ. Энэ жил дахиад л өмнөх жилийнх шигээ 20,30 тонноор нь хогоо хаясаар байх уу Нийслэлчүүд ээ. Биднийг ийнхүү туул голоо хог новшоор дүүргэж байх хойгуур Улаанбаатар хотод амьдардаг гадныхан санаа  тавьж эхэлсэн нь нэгийг бодогдуулж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд амьдардаг гадаад иргэн хоёр охиныхоо хамт туул гол орчмын хогийг цэвэрлэжээ. Үүнээс өмнө өнгөрсөн сард Улаанбаатар хотод амьдардаг гадны иргэд нийлж туул голыг цэвэрлэх аян өрнүүлж, гүйлтийн тэмцээн зохион байгуулж, хандив цуглуулсан байдаг. Энэ мэт гадныхан туул голын асуудалд санаа тавьж байхад бид чимээгүй хараад суух гэж үү. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus