Монголын баг Зургадугаар байрт орлоо

АНУ-ын Лос-Анжелос хотын ойролцоох Инглвуд тосгон дахь “Great Western Forum” спортын ордонд энэ оны эрэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө ХХҮIII дахь удаагийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Манай эрэгтэй баг өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нд багаараа Зургаадугаар байр эзэлж 8 дахь удаа Дэлхийн цомын тэмцээнд энэ удаа гурав дараалан оролцлоо.

Хэсгийн гурав дахь барилдаанд манай баг гүржийн багтай 4:4 харьцаагаар оноо тэнцсэн ч нэмэлт үзүүлэлтээр ялагдаж хэсгээсээ гуравдугаар байраар шалгарсан.

Монгол, Гүржийн багуудын барилдааны дүн, 4:4

57 кг   Э.Бэхбаяр – Владимир Хинчегашвили, 1:4

61 кг   Т.Түвшинтулга – Бека Ломтазе, 4:4, манай бөх ялсан

65 кг   Г.Мандахнаран – Зураб Якобашвили, 3:2

70 кг   Д.Алтангэрэл – Давид Тлашазе, 2:6

74 кг   П.Өнөрбат – Давид Марсагашвили, 5:4

86 кг   О.Үйтүмэн – Сандро Аминашвили, 12:12, манай бөх ялсан

97 кг   Д.Хүдэрбулга – Элизбар Одиказе, 0:11

125 кг Ж.Чулуунбат – Гено Патриашвили, 0:11

Оросын баг туркийн багийг 6:2 харьцаагаар ялж “А” хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарч “Б” хэсгээс АНУ-ын багийг 4:4 харьцаагаар хожиж шалгарсан Ираны багтай нэгдүгээр байрын төлөө, гуравдугаар байрын төлөө АНУ, Гүржийн багууд барилдана.

Тавдугаар байрын төлөө манай баг азербайжаны багтай хүч үзэж 3:5 харьцаагаар ялагдаж өнгөрсөн жилийнх шиг Зургаадугаар байранд орлоо.

Бүтэн багаараа Зуны олимпийн “Рио- 2016” наадамд оролцох манай багийн хувьд энэ тэмцээн нь том сорилго боллоо. Манай бөхчүүдээс Гавьяат тамирчин П.Өнөрбат 4 хожил, Гавьяат тамирчин Г.Мандахнаран 3 хожил авч багийн амжилтанд их хувь нэмэр оруулжээ.

Гавьяат тамирчин Э.Бэхбаярын хувьд олимпийн эрх авсан гүржийн бөх Владимир Хинчегашвили, туркийн бөх Сулейман Атли нартай гар зөрүүлж ялагдсандаа дүгнэлт хийх биз.

Манай баг 4 халз барилдаан хийснээс 1 хожил авч 3 хожигдол авчээ.

Ирэх оны Дэлхийн цомын төлөө тэмцээн Иран улсын Тегеран хотод болно.

Монгол, Азербайжаны багуудын барилдааны дүн, 3:5

57 кг   С.Батболд – Махмуд Магомедов, 0:11

61 кг   Т.Түвшинтулга – Ахмеднаби Гварзатилов, 0:10

65 кг   Г.Мандахнаран – Магомед Муслимов, 7:3

70 кг   Д.Алтангэрэл – Гажимурад Омаров, 5:6

74 кг   П.Өнөрбат – Ашраф Алиев, 7:0

86 кг   О.Үйтүмэн – Магомед Хатиев, манай бөх цэвэр ялагдсан.

97 кг   Д.Хүдэрбулга – Асланбек Алборов, 1:6

125 кг Ж.Чулуунбат – Саид Гамидов, 2:6


Монголын чөлөөт бөхийн холбоо

Бусдад түгээх
  • gplus