“Евро-2016” хэсгийн тоглолтууд үргэлжилж байна
Спортын хамгийн том үйл явдлуудын нэг хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-ны шөнө Францын Сен-Дени хотноо эхэллээ. Нээлтийн тоглолт "А" хэсгийн Франц-Румын тоглолтоор эхэлсэн. Энэхүү тоглолтод талбайн эзэд 2:1-ээр өрсөлдөгчөө хожсоноор тэргүүлж эхэлсэн. Харин хоёр дахь тоглолт Албани, Швейцарын багуудын хооронд болсон бөгөөд Швэйцарын баг 1:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авснаар хэсгийнхээ хоёрдугаар байрт бичигдэж байна. 


Уэльсийн шигшээ баг ЕАШТ-ий түүхэнд анхны хожлоо авч, Б хэсгийг тэргүүлж эхэллээ

Европын аварга шалгаруулах тэмцээний Б хэсгийн анхны тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ хэсэгт Англи, Орос, Уэльс, Словакийн шигшээ багууд сугалаа таарсан. Ингээд  хэсгээсээ гарах өндөр магадлалтай Англи, Оросын шигшээ багууд  эхний тойрогт хоорондоо таарч тоглосон бөгөөд 1:1 харьцаатай тэнцлээ. Харин нөгөө талд ЕАШТ-ий түүхэн дэх хамгийн анхны тоглолтоо хийж буй Уэльс, Словакийн шигшээ багуудын тоглолт тун сонирхолтой болж, 2:1-ийн харьцаатай Уэльсчуудын хожлоор өндөрлөлөө. Ингэснээр Б хэсгийг Уэльсийн шигшээ баг гурван оноотой тэргүүлж байгаа бол тэнцээ авсан Англи, Оросын шигшээ багууд нэг, нэг оноотой хоёр, гуравдугаар байрт бичигдэж байна. Харин сүүлийн байрт Словакийн баг бичигдэж байна. 


 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus