Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт улс, эх оронд өрнөсөн онцлох үйл явдлын  мэдээллийг тоймлон хүргэж байна. 

1072 хувьцаа амь оров


Пүрэв гарагт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжжээ. Ингэснээр Засгийн газар 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах аж. Гэхдээ иргэд хувьцаагаа заавал худалдах албагүй юм. Өөрсдөө хүсвэл 30 хувиа Засгийн газарт зарж болно. Хувьцааг худалдаж авах асуудлыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд хэллээ.

Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ 


2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 11-ний өдрийн 00.00 цагаас албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвслийн 429 нэр дэвшигч, 69 бие даагч нийт 498 хүн өрсөлдөхөөр болж, СЕХ-ноос батламж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан аваад байгаа билээ.УИХ-ын сонгуульд 369 эрэгтэй, 129 эмэгтэй нэр дэвшинэ. Мөн нийт нэр дэвшигчдийн 215 нь орон нутагт, 283 нь Нийслэлийн тойргуудад өрсөлдөхөөр болсон юм.
Намаар авч үзвэл МАН-76, АН-76, ИЗНН-15, МАХН-71, МУНН-11, Хаан сонголт эвсэл-9, БНН-36, Иргэний хөдөлгөөний нам-27, Эх орончдын нэгдсэн эвсэл-9, Ард түмнээ хайрлая нам-13 нэр дэвшигч гэхчилэн бусад намыг оролцуулаад 498 нэр дэвшигч УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болж байна.
 
Н.Энхбаярын нэрийн өмнөөс түүний эхнэр О.Цолмон УИХ-ын сонгуульд нэр дэвшив


Сонгуулийн ерөнхий хороо МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй зарим нэр дэвшигчийг 2016 оны сонгуульд бүртгэхээс татгалзсан. Н.Энхбаярын хувьд МАХН-аас УИХ-ын сонгуульд 75 дугаар тойрогт нэр дэвшихээр эртнээс төлөвлөсөн ч гэсэн ийнхүү бүтэлгүйтэв. Гэхдээ тэрбээр нэр дэвших боломжгүй ч гэсэн түүний эхнэр оронд дэвшихээр болжээ.

Санал өгөх насны хоёр сая дөрвөн мянга 48 иргэний мэдээллийг байршуулжээ


 
УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг хуулийн дагуу санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-наас зогсоосон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор цахим үнэмлэх олголт зогссон гэх иргэдийн гомдол ирэх болсон байна. Үүнд Бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээлэл хийжээ. Шилжилт хөдөлгөөн зогсоосонтой холбоотой цахим үнэмлэх олголт саатаагүй, шинээр олголт, сунгалт гээд бүх үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэдгийг онцолж байв. Харин заасан хугацаанд шилжилт, хөдөлгөөнөө бүртгүүлээгүй 17 мянган иргэн байна. Эдгээр иргэний хувьд оршин суух хаяг тодорхойгүй, бүртгэлгүй тул сонгууль өгөх ямар ч боломжгүй аж.
Улмаар Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулжээ. Урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая дөрвөн мянга 48 иргэний мэдээллийг байршуулсан. Иргэдийн хувьд зургадугаар сарын 29-нийг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулна. Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах боломжтой юм байна.

Монгол Японы  эдийн засгийн хэлэлцээр хэрэгжиж эхэллээ

​Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлээд байна. Хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлснээр манай улс 97 бүлгийн 5700 орчим, Япон улс 97 бүлгийн 9300 орчим нэр төрлийн барааны гаалийн тарифыг тэглэх буюу буурууллаа. Тус хэлэлцээрийн нэгдүгээр хавсралтад тусгагдсан “А” гэсэн тэмдэглэгээтэй бараа бүтээгдэхүүний гаалийн татвар “0” болно.  Харин “В” (B3, B5, B7, B10-В-ийн арын тоо жилийг заана) гэсэн тэмдэглэгээтэй барааны гаалийн тариф заасан жилийн үе шатлалаар жигд буурах замаар “0” болох юм. “Х” тэмдэглэгээтэй барааны гаалийн тарифт өөрчлөлт орохгүй, одоо гаальд мөрдөж байгаа нэн тааламжтай тарифыг хэрэглэхээр хэлэлцээрт харилцсан тохиролцжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus