Б.Баттөмөр: Өнөөдрийн хямрал бол мөнгөгүйдээ биш төрийн тогтолцоо нь хямарсантай холбоотой
Элгээрээ хэвтсэн эдийн засгаа хөл дээр нь босгож, ард түмнээ ядуурал, өрнөөс  гаргах зорилго тавьсан Монгол ардын нам хөгжлийн тулгуур хотуудын нэг Бурхантын хөндийд шилдэг гурван эдийн засагчаа илгээсэн билээ. Эдийн засгийн мэдлэг, ажиллаж байсан туршлага, ихийг хийж бүтээх сэтгэл зүрхэндээ хөтлөгдсөн эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Баагаагийн Баттөмөр, УИХ-ын гишүүн Дамдингийн Хаянхярваа, банкир  Болдын Жавхлан нар өчигдөр сонгуулийн сурталчилгааны нээлтээ Дархан хотын төв талбайд хийсэн юм. 

Энэ үеэр дарханчууддаа хандан УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй эдийн засагчид маань намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. 

УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч, эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Баттөмөр: Монгол ардын намын түүх бол Монгол Улсын түүх юм. Эсрэгээрээ Монгол Улсын түүх бол МАН-ын түүх байдаг. Монголчууд  26 жилийн өмнө хүн бүр өмчтэй, эрх чөлөөтэй болох сонголтыг хийсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд монголчууд бид багагүй бэрхшээлийг тууллаа. 

Өнөөдөр Монгол Улсын баялгийн 90 хувь нь хүн амын 10-хан хувьд ногдож байгаагаас үзэхэд бидний амьдрал тийм ч таатай бус байгааг харж болно. 2011 онд 17.3 байсан эдийн засгийн өсөлт өнөөдөр ганцхан хувь болтлоо буурчихаад байна. Гадаадын хөрөнгө оруулалт 40 дахин буурч, 126 мянган аж ахуйн нэгжээс 66000 нь хаалгаа барилаа. Монгол Улсын гадаад өр 48 их наяд төгрөгт хүрч, үүнийг Монгол Улсын төсвөөр жишихэд долоон жилийн маань төсөвтэй тэнцэх өрөнд бид орчихоод байна. Монгол төгрөгийн ханш тасралтгүй унаж, хэдхэн жилийн өмнө 1340 төгрөгтэй нэг ам.доллар тэнцэж байсан бол өнөөдөр 40 хувиар төгрөг суларч, ам.доллар 2000 төгрөгт хүрсэн. Ийм хүнд цаг үед монголчууд бид сонголтоо хийх гэж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт төрийн тогтолцооны шинэчлэл хийхийг тэргүүн зорилтоо болгосон . Өнөөдрийн хямрал бол мөнгөгүйдээ биш төрийн тогтолцоо нь хямарсантай холбоотой.

Мэргэжлийн Засгийн Газрыг байгуулж, санхүү эдийн засгийн алдаатай бодлогыг засах нь бидний хоёр дахь том зорилт. Гурав дахь нь сахилга хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх нь хөгжлийн цөм асуудал юм. 

УИХ-ын сонгуулийн 44 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Жавхлан:Нар хур тэгширсэн, зуны дунд сарын билэгт сайн өдөр бид сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийж байгаад бэлгэшээж байна. Өнөөдөр эдийн засаг унаад, агшаад байхад гадаад өр хэд дахин нэмэгдсэн энэ үед монголчууд бид сонголтоо зөв хийх хэрэгтэй байна. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эдийн засаг, улс төр, хөрөнгө санхүү гээд хямралд өртөөгүй зүйл алга. Гэтэл монголчууд бид их зүйлийг хүсэн хүлээж байсан. Дараагийн дөрвөн жилд бид ямар хүнээр төрийн жолоо бариулах вэ?, орон нутгаа удирдуулах вэ? гэдгээ сонгох цаг ирлээ. Тиймээс бид энэ удаад улс үндэстнээ бодож сонголтоо зөв хийнэ гэж итгэж байна. 








УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойргоос нэр дэвшигч Баагаагийн Баттөмөрийн сонгуулийн штаб
Бусдад түгээх
  • gplus