Монгол төрийн сонгууль

Монгол төрд үе үеийн ухаалаг төрийн түшээд зүтгэж байсан уламжлалтай.Сүүлийн хорь гаруй жилийн эх захгүй эмх замбараагүй олон зүйлс төрийг булингартуулаад зогсохгүй ард түмний амьдрал ахуйг ч доройтууллаа. Өнөөдрийн манай төрд С.Зориг шиг эрх ашгаа зөв эрэмбэлж чаддаг, Самбуу гуай шиг төрийн холч бодлоготой ясны улс төрч, Ж.Батмөнх гуай шиг төрийн ажлыг өгч чаддаг өгснийхөө дараа эгэл жирийн ардынхаа дунд амьдарч чаддаг ноён нуруутай, уул хангай шиг тулхтай улс төрчид нэн их дутаж байна.

Манай төрийн сонгууль Скандинавын орнууд шиг маш бага мөнгө зардаг, нэр дэвшигчид нь цэвэр өөрийн оюун ухаан бодлогоороо өрсөлддөг тогтолцоог даруйхан нэвтрүүлэх хэрэгтэй. Их хурлын гишүүд нь тэдний гишүүд шиг дугуй унаад ард түмэнтэйгээ найрсаг харьцаад явж байдаг, элдэв тендер болон төсвийн хулгай хийдэггүй хүн хүнээрээ байдаг парламентыг хурдхан шиг бий болгох хэрэгтэй. Тэдгээр орнууд шиг их хурлын гишүүн нь дан ганц цалингаараа амьдардаг тогтолцоонд нэн даруй шилжихгүй бол энэ улсад аюулын харанга дэлдлээ. Их хуралд очоод баяжихгүй нь тодорхой болсон цагт энэ олон хэрэгцээгүй хүмүүс зайлах нь үнэн.

Тэрнээс өнөөгийн Монгол шиг гэмт үйлдэл хийчихээд Их хурлын гишүүн болох гэж зүтгэдэг, шалдан гуйлгачин төрд очоод дөрвөн жилийн дараа тэрбумтан болоод төгсдөг, тендерийн булхай, төсвийн хулгай, элдэв шантаажны авилгаар мэргэшсэн хархнуудын үүр уурхай боллоо. Мөнгөтэй атлаа ханаж цадахаа больсон бизнесийн луйварчдыг тэжээдэг газар бүр ч биш. Усан онгоц живэхэд хархнууд хамгийн түрүүнд зугтдагийн адилаар хэзээ нэг цагт луйврын парламентыг далайн ус арчин хаяхад тэд зугтаж одно. Харин тэр цагт тэдний үлдээсэн өв болох бохир лаг шавар үлдэх нь тодорхой. Тэрхүү лаг шавраас бадамлянхуа цэцэг дэлбээлэн ургах лугаа адил Монгол төр үеийн үед мандан бадрах нь машид үнэн.

Жирийн нэг алиалагч болон алиа салбадай нарыг Монголчууд төрийн их хуралдайдаа дээдлэн гаргах хүсэлгүй.Энэ жилийн сонгуульд нэр дэвшигчдийг харвал “Дур эзнээ голохгүй Дунд чөмөг сүүжээ голохгүй” хэмээх үгийг сануулсаар...

Их хурлын гишүүн өөрөө буруу юм хийж байгаа болон хийж байгааг харсан үедээ ядаж л сэтгэл зүйдээ өөрөө өөрийгөө яллаж чаддаг ухамсартай байх нь давуу тал. Эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлээр тархи оюунаа чилээж чаддаг хүн бидэнд хэрэгтэй болохоос жүжигчин болон камерын нөхөд даанч хэрэггүй. Манай төрд нэн түрүүнд пуритани буюу цэвэр ёс суртахуунтай хүмүүс шаардлагатай байна. Үүний дараа оюунлаг, бүтээлч, ард түмнийхээ амьдралыг ойлгодог,гаднаас юм хайдаг бус авдраа уудалж жинхэнэ Монгол ахуйдаа наалдсан хэрэгжихүйц бодлогыг томъёологч нар байвал сайн сан.

Өнөөдөр Монголын ард түмэн өндөр цалин, хаус гэж зүтгээгүй . Ард түмэн нэн түрүүнд арван мянган төгрөг хулгайлсан, арван тэрбумыг хулгайлсан хүмүүс шүүхийн өмнө шударгаар шийдүүлдэг тогтолцоог хүсдэг. Олон жил хөдөлмөрлөсөн шударга аав ээжүүд тааруу амьжиргаатай байхад овилгогүй нэгэн их хуралд гараад тэрбумтан болохыг харсан эцэг эх хүүхдүүддээ юу захих вэ? Хүүхдүүд нь аав ээжээсээ ядуу амьдралынхаа талаар асуухад эцэг эх нь юу гэж хариулах болоо? Энэ мэтээс авахуулаад ард түмнийхээ ёс зүйг уландаа гишгэдэг хүмүүс олширлоо. Өнөөдөр ард түмний ёс суртахууныг уландаа гишгэвэл маргаашийн өдөр ард түмэн та болон таны үр хүүхдийг уландаа гишгэх цаг айсуй. Ийм наад захын юмыг ойлгож бодож чадахгүй хүмүүс их хуралд дэвшээд ч яах юм. Хөлдүү толгойд гэнэт ухаан ордоггүй. Судлаач Ч.Эрдэнэ гуай шиг бүхэл бүтэн онол боловсруулахуйц толгой манайд дутаж байна. Өнөөгийн манай төрийн ажлыг хэн явуулж байна гэхээр нэг мулгуу нөхөр өөрөөсөө ч тэнэгүүдийг цуглуулаад нөгөө хэдтэйгээ ажил хийх гэж эмгэнэлт драм тоглож байна. Ухаангүй ноёнд урагшгүй албат хэзээд заяадаг нь жам боллоо. Өнөөдөр яагаад Сингапур улсад төрийн албандаа хүн олж тавихад бүхэл бүтэн том институци ажиллаад байнаа. Гэтэл манайд яагаад дандаа танил талаар бүх асуудал шийдэгддэг юм. Сингапурт танилын нүүр халуун гэсэн ойлголт хэзээ ч үйлчлэхгүй байна. Тэнд зөвхөн ур чадвар, боловсрол, ёс суртахуун, ард түмний төлөө бүхнээ зориулна гэсэн эрхэм чанарууд л үнэд орж байна.

Миний Монголын сонгосон түшээд нь мэргэн байг
Сонгогдсон түшээд нь ёс суртахуунтай байг.

Б.Болд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2016-06-22 02:39:17
    Үндсэн хуулиа өөрчил. Сонгох эрхийг хэнд өгөх ёстой вэ гэдгийг бодох цаг болсон.
  • зочин 2016-06-10 07:22:14
    Одоо өнгөрсөн хорвоо байхаа...