Тайландчууд хааныхаа 70 жилийн ойг тэмдэглэв

Тайландын хаан эдүгээ 88 настай Пхумипон Адульядетын хаан сэнтийд заларсны 70 жилийн ой энэ онд тохиож, тайландчууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ, Тэрбээр ахыгаа нас барсны дараа буюу 1946 оны зургадугаар сарын 9-нд 18 насандаа хаан сэнтийд заларч байжээ. Түүнээс хойшхи 70 жилийн ой өчигдөр тохиосон юм. Ингэснээр хатан хааны суудалд заларснаас хойш 64 жилийн босгыг алхаад буй Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет тэргүүтэй дэлхийн олон орны хаад дундаас хамгийн олон жил энэ албыг хашсан хүн нь Тайландын хаан болж байна. Ойн үйл ажиллагааг зохион байгуулагчдын хэлж буйгаар ойн тэмдэглэлт үйл ажиллагааны нээлт нийслэл Бангкок хотноо болж, 770 лам ном хурснаар албан ёсоор эхэлжээ. Түүнчлэн хаан ширээнд заларсны 70 жилийн ойн баярын үйл ажиллагааг тохиолдуулан эзэн хааны зураг бүхий дурсгалын мөнгөн тэмдэгт худалдаалагдсан байна.
 
Улмаар нийслэл Бангкок хот дахь төв банкны гадна уг мөнгөн тэмдэгтийг худалдан авах хүсэлтэй ард иргэд нь эзэн хааны бэлгэ тэмдэг болох шар өнгийн хувцсыг өмсч, урт дараалал үүсгэжээ. Улс төрийн хагарал, үймээн самуун үргэлжилж байгаа хэдий ч, олон жилийн турш тогтвортой байж ирсэн тайландчууд хаандаа ихэд хүндэтгэлтэй ханддаг байна. Гэвч нас дээр гарсан Пхумипон Адульядет хаан эрүүл мэндийн байдлын улмаас сүүлийн хэдэн сарын турш олон нийтийн өмнө ил гараагүй юм. Өнгөрөгч мягмар гарагт л гэхэд хаан зүрхэндээ мэс засал хийлгэсэн тухай албаны эх сурвалж мэдээлсэн байдаг. Ерөнхийдөө сүүлийн хэдэн жилийг хаан эмнэлэгт өнгөрүүлж буй ажээ.
 
“Тайландын ард түмэн болоод хааны хоорондын харилцаа нэг үгээр илэрхийлж боломжгүй, маш гүн гүнзгий. Тэр бол энэ орны эцэг” хэмээн хааны ордоны төлөөлөгч Кол Уинтай Суваре “Роетерс” агентлагт ярьсан байв. Пхумипон Адульядетын хаан ширээнд заларсны 70 жилийн ойн хүрээнд хэдэн зуун мянган ард иргэд эмнэлгийн өмнө цугларч, хаандаа сайн сайхны дээдийг хүсч залбирсан байна. Эмнэлэгт хааныхаа эрүүл мэндийн төлөө залбирч байсан 45 настай эр “Эзэн хаан бол бидний зүрх сэтгэлд ямагт оршиж, хайрлагдаж хүндлэгдсээр байдаг. Биеийн байдалд нь санаа зовж, сайжраасай гэж л залбирч байна” гэж ярьсан байна.
 
Гэвч хаан энэ удаа ч мөн олны өмнө ил гарч адаагүй аж. Улс төрийн хагарал болон хүчирхийлэл газар авч байгаатай холбоотойгоор нийгмийн тогтвортой байдал алдагдаж буй энэ үед эзэн хаанаа эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж үздэг тайландчууд түүний эрүүл мэндийн байдалд ихээхэн анхаарал хандуулж байна. Учир нь тус орны ард түмэн цорын ганц ханхүүдээ итгэл үзүүлдэггүй гэсэн мэдээлэл байгаа юм. Тайландын эзэн хаан ганц хүүтэй. Түүнийг Маха Важиралонгкорн гэдэг бөгөөд тэрбээр ард олныхоо дунд нэр хүнд муутай гэгддэг юм. Гэхдээ хааны гэр бүлийн талаарх мэдээлэл хатуу хяналтад байдаг тус орны дараагийн эзэн хаан бол Маха Важиралонгкорн байх юм.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.