Хэн, юу хэлэв

Ц.Элбэгдорж: Цэрэг мянган өдөр хэрэгтэй байх ёстой
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж долоо хоногийн өмнө төрийн цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнтэй Их тэнгэр цогцолборын Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд уулзсан. Энэ үеэр цэргийнхэнд хандаж олон ач холбогдолтой зүйлийг хэлж, сануулсан юм.
 
Тэрбээр Зэвсэгт хүчнийхэн нэлээд хатуу хэвшмэл байдалтай байгаа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Шаардлага тохиолдоогүй үед цэргийн анги, байгууллагууд дээр та бүхэн яаж цагаа өнгөрөөж байгааг энд ярих юм бол өмнөөс нь нүүр улайх байх. Яаж энэ бүхнийг өөрчлөх тухай яримаар байна. Цэргийн албан хаагч, офицер гэдэг тэр хэдэн жилийг авахын тулд сууж байгаа хүмүүс биш шүү дээ. Тэр хэдэн жилийг цоо шинэ агуулгаар баяжуулах хэрэгтэй. Аймагт байгаа цэргийн ангиуд аймагтаа хөтөлбөрт хамрагдах залуусыг бүгдийг нь бүртгэчихсэн, Жанжин штаб руу явуулах хэрэгтэй. Бид жилдээ тэдэн залууг “Оюутан- цэрэг” хөтөлбөрт хамруулж байна гэх хэрэгтэй. Энэ хөтөлбөрөөр цэргийн алба хаасан гэдгийг хуулиар биш, Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоож өгье гээд нэлээд чөлөөтэй, боломжтой тогтоох гээд байгаа юм. Хоёр cap карантинд хамрагдаад. Хоёр cap хил дээр юм уу, өөр тусгай чиг үүрэг гүйцэтгээд. Дахиад хоёр cap цэргийн анги, байгууллагад ажиллаад ирэхэд цэргийн алба хаасанд тооцож болж байгаа юм. Бүх хүмүүсээ ингэж оруулдаг. Эргээд 45 нас хүртлээ наад зах нь жилд нэг удаа цугларалтад ороод гардаг систем рүү бид орох хэрэгтэй. Бид хэн нэгэнтэй байлдах гээд байгаадаа биш юм. Зүгээр л бэлтгэгдсэн, эрүүл, чадвартай иргэдийг бэлтгэх гээд байгаа юм. Энэ зөвхөн цэрэгт хэрэг болдог биш. Монгол Улсад хэрэгтэй. Ийм сургуулиар орсон хүн сайн аав болдог. Сайн хүмүүжилтэй болдог. Сайн боловсролтой болдог. Цэргийн боловсрол бол амьдралд хамгийн хэрэг болдог боловсрол. Миний явж байгаа үйл ажиллагаанд хамгийн их нөлөөлдөг зүйл бол миний цэргийн боловсрол. Энэ бол үнэн. Үүнийг тэр хүмүүст мэдрүүлэх хэрэгтэй.
 
Тэгэхээр үүнийг мэдрүүлдэг, хийдэг газар бол та нар юм. Одоо ингэж бодож ажлаа харах хэрэгтэй. Тэгэхээр 18-45 настай бүх хүнээ л бүртгэх хэрэгтэй. Энэ талаар цаашдаа хууль гаргаж болно. Эхний ээлжинд бид зарлигаар энэ бүхнийг зохицуулж байгаа. Хуульд нийцсэн зарлиг бол хуулийн адил хүчин төгөлдөр үйлчилдэг. Ийм зарчимтай. Тийм учраас бидэнд ийм боломж байна” хэмээн ярьжээ.
 
Ч.Алтан-Өлзий: Заавал алтан үеийн жүжигчдээ доромжилж байх ёстой юм уу
 
“Өнөр бүл” киноны гажиг Гармаагийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрч үлдсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий энэхүү уран бүтээлийнхээ хоёрдугаар ангийг хийхээр сэтгэл шулуудаад байгаа юм. Энэ үед нь залуу уран бүтээлчид “Өнөр бүл-Өнөө цагт” киног хийсэн нь алтан үеийн жүжигчдийн сэтгэлийг багагүй гонсойлгосон аж. Энэ талаараа Ч.Алтан-Өлзий гуай нэлээд бухимдан ярьжээ.
 
Тэрбээр “Энэ киноны зохиолыг бичсэн Д.Дожоодоржийн хүү бий. Түүнээс энэ зохиолоор нь шинэ кино хийе гэж ярьсан юм гэсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөгүй юм билээ. Гэтэл “Өөрт чинь мөнгө өгье” гэсэн байгаа юм. Сүүлд С.Баттулга гэдэг найруулагч нь бас над руу утасдаад, “Танд мөнгө өгье” гэсэн. Тэгэхээр нь миний огиудас хүрэх шиг болсон. Би урлагт 50 жил зүтгэхдээ өөрийгөө худалдаж үзээгүй. Тэгэхэд тэр хүн намайг худалдаж авах гэж үзсэн. Ямар их ёс суртахуунгүй зүйлийг өтөлсөн хойноо үзэв дээ гэж би өөртөө гомдох шиг болсон. Хамгийн муухай нь энэ. Өнөөдөр хүнийг мөнгөөр худалдаж авч болдог нийгэмд бид амьдарч байгаа юм уу. Хүнлэг, энэрэнгүй нийгэмд амьдарч байгаа юм уу. Үүнийг л бид өнөөдөр ойлгох цаг болсон юм байна. Юм бүгдийг мөнгөөр хэмждэг болсон. Ардын жүжигчин ЧДолгорсүрэн, Гавьяат жүжигчин Б.Пүрэвээ, Б.Бадамгарав гуай, Гавьяат жүжигчин Б.Цэнд-Аюуш зэрэг олон сайхан хүмүүсийн хийсэн уран бүтээл өнөөдөр нулимагдахаар болчихсон учраас шинэчилж байгаа юм уу. Би ийм бодолтой, энэ бүхний эсрэг байгаа учраас жинхэнэ уран бүтээл, кино гэж ямар байдаг, мэргэжлийн үүднээс кинонд яаж хандаж, сэтгэл зүрхээ зориулдаг юм бэ гэдгийг харуулъя гэж бодсон юм. Энэ хүмүүсийнхээ амьд байгаа дээр хийе гэсэн юм. Энэ хүмүүс үгээ амьд байгаа дээрээ хэлээд, нэг ч болов дүрээр ард түмэндээ өөрийнхөө бодсон санасаныг хүргээд аваг гэж зүтгэж байгаа юм.
 
Гэхдээ би оройтсон, үнэхээр уучлаарай, оройтчихлоо. Миний буруу. Олон сайхан хүн энэ кинонд тоглож болох байсан. Гэвч амжсангүй. Киноны зураг авалт эхлээд 60 хувьд хүрсэн хойноо надад хэлж байгаа байхгүй юу. Энэ чинь одоо албан ёсны юм мөн үү. Аль эсвэл доромжилж байгаа юм уу. Би тэгж л ойлгосон. Энэ киноны эзэн нь өнөөдөр байхгүй байна. Хэрвээ найруулагч Д.Жигжид гуай байсан бол энэ залуучууд арай ч зориглохгүй байсан байх. Өнөөдөр Д.Жигжид алга, Д.Дожоодорж маань алга. Эзэн нь байхгүй болохоор хүний юманд гар дүрдэг л юм байна.
 
Тэгээд амьд байгаа уран бүтээлчдээс нь асуудаггүй. Бурхан болсных нь үр хүүхдээс ч зөвшөөрөл авдаггүй юм байна. Яагаад бидэнтэй харьцахгүйгээр яг бидний тоглосон шиг хийж байгаа юм бол гэдэгт би гайхаад байгаа юм. Ялангуяа уран бүтээлдээ бүх амьдралаа зориулсан бидэн шиг хүмүүст энэ их хүндээр тусдаг юм байна. Энэ залуучууд дахиад өөр ч киног эдүүгээ цагт авчирч хийх юм гэсэн. Миний бодол, байр суурь өөрчлөгдөхгүй. Битгий ахмад үеийн уран бүтээлчдээ доромжил л гэсэн үүднээс би хандаж байгаа. “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Морьтой ч болоосой” гэх мэт кинонуудыг дахиж хийх гэж байгаа юм гэнэ билээ. Энэ кинонууд яагаад хэвээрээ байж болдоггүй юм. Тэр кинонд тоглосон жүжигчид тухайн дүрээрээ яагаад мөнхөрч болдоггүй юм бэ. Заавал энэ хүмүүсийг доромжилж байх ёстой юм уу. Надад ийм л сэтгэгдэл төрж байна. Би хаана ч энэ үгээ л хэлнэ. Алтан үеийнхний хийсэн кинонууд яагаад хүнд гологдох болсон юм. Өнөө үеийн ухамсар нь доройтчихсон залуучуудад алтан үеийнхний уран бүтээлээ хийсэн сэтгэл яагаад доромжлогдох болсон юм бэ гэсэн бодол төрж байгаа. Тийм учраас олон киног өнөө үед авчирч хийх гэж байгаа нөхдүүдэд болиосой билээ л гэж хэлмээр байна. Өнөө үе нь ямар сайхан болчихоод, алтан үеэ доромжлоод байгаа юм бэ. Өнөө үе нь тийм сайхан юм уу. Ардчилал нь анархизм нь болчихсон энэ үед алтан үеийнхний хийсэн тэр сайхан уран бүтээлүүд анархизмд нь гологдоод байгаа юм байлгүй дээ. Түүнээс биш монгол хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон, мөнхөрсөн чигээрээ л үлдвэл сайхан биз дээ” хэмээн ярьжээ.
 
Н.Мөнхбат: Бондын хөрөнгө оруулалтын үр өгөөж дор хаяж 5-10 жилийн дараа харагдана
 
Монгол Улс 2012 онд анх удаа бонд босгож, олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч бондын эргэн төлөлт болоод зарцуулалтын талаар зөрүүтэй ойлголт нийгэмд үүсээд байгаа юм. Түүнийгээ дагаад янз бүрээр хардах сэрдэх байдал газар, “хэрүүлийн алим” болж хувирчихаад байгаа билээ. Тэгвэл өчигдөр энэ талаар “Шангрилла” зочид буудалд томоохон хэлэлцүүлэг болсон юм. Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат зарим хэвлэлд ийн ярьжээ.
 
Тэрбээр “Аливаа улс хөгжиж дээшлэхийн тулд зээл тусламж, гадаадын хөрөнгө оруулалт хараад суух нь утгагүй. Харин ч дотоодод барьж байгаа бодлого шийдвэрийн дагуу бонд босгож хэрэгжүүлэх нь зөв алхам. Өөрөөр хэлбэл, хөгжиж буй орнууд санхүүжилтийн эх үүсвэрээ дотоодоос босгож чаддаггүй, Олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгодог. Монгол Улсын хувьд бонд босгох нь шинэ зүйл. Гэтэл дэлхий дахинд 19-р зууны сүүлчээс эхлээд хэрэглэж ирсэн байдаг. Америк гэхэд Англи, Францаас зээл авч далайн эргээс нөгөө далайн эрэг хүртэл бүтээн байгуулалт хийсэн байдаг. Хөгжлийн оргил үе дээрээ явж байна гэж хардаг Герман, Япон ч мөн адил дэлхийн хоёрдугаар дайны дараа зээлийн хөрөнгөөр улсаа болгосон. Монгол Улс бонд босгохын тулд 2012 оноос өмнө дэлхийн банкны ангилалаар хаалттай байсан. Харин 2012 оноос боломж нээгдсэн. Цаашид хэрэгцээтэй бүтээн байгуулалтаа барьж, хийж дууссаны дараа дотооддоо хуримтлал үүсгэж, өөрөө бусад улсын бондод санхүүжилт хийдэг улс болно. Энэ бол хөгжилд хүрсэн улс орн давж гардаг зүйл.
 
Гол анхаарах зүйл нь олон улсын зах зээлээс бонд босгоод нийгмийн халамж, иргэдэд мөнгө тараахад зарцуулж болохгүй. Хэрэв тэгвэл Грекийн замаар орно. Бондын хөрөнгийг зөвхөн эдийн засгийн үр ашигтай, дотооддоо хуримтлал үүсгэж байгаа ажлуудыг санхүүжүүлэх бодлого барьсан.
Тухайлбал зам барихад бизнес эрхлэгчид цаг алдахгүй бүтээгдэхүүнээ эх орныхоо өнцөг булан бүрт хүргэх боломжтой болсон. Ингэснээр татвар төлөлт, эдийн засгийн өсөлт сайжирна. Бондын хөрөнгийн 2/3-ийг өөрийн гэсэн бизнесийн орлоготой, хувийн болон төрийн өмчит компаниудад зээлээр өгсөн. Үндсэндээ 2015 оны байдлаар буюу гурван жилийн дотор 4.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Үүгээр 1700 орчим төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулж чадсан. Эдгээр төсөл хөтөлбөрт ажил хийж оролдсон 1000 гаруй компани байдаг.
 
Өөрөөр хэлбэл, эдийн засагт олон сувгаар эерэг нөлөө өгсөн. Дээрх төсөл хөтөлбөрийг чиглэл чиглэлээр хуваагаад үзэх юм бол нэгдүгээрт, авто зам, инженерийн дэд бүтэц. Хоёрдугаарт, олон жил ганцсан төсөл хөтөлбөрт зарцуулагдсан. Жишээ нь “Эрдэнэс Тавантолгой”, Баруун данхийн шинэ төмөр зам, 3, 4-р цахилгаан станц, “Амгалан” ДЦС, МИАТ-ын Боинг 767 онгоц гэх мэт. Гуравдугаарт, хувийн хэвшлийн төслийг санхүүжүүлсэн. Ингэхдээ арилжааны банкуудын шалгуур хангасан аж ахуй нэгжид арилжааны банкаар дамжуулан таван жилийн хугацаатай, 7-9 хувийн хүүтэй зээл олгосон. Нарийвчлан яривал 1700гаруй төсөл, чиглэлээр нь хуваах юм бол дэд бүтэц, улсын хөгжлийн томоохон төсөл, хувийн хэвшлийн үйлдвэрийн төсөл гэсэн гурван багцад хувааж болно. Хувийн хэвшлийн төслүүд дотор онцлох хэд хэдэн төсөл байна. Жишээ нь 888 төслөөр дамжуулан экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьсон. Тухайлбал нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гурван том үйлдвэр барьсан. Хоёр нь бүрэн ашиглалтанд орж борлуулалт эхэлсэн. Нэг нь тун удахгүй ашиглалтанд орно.

Үүний ачаар  дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна, ОХУ-д цемент экспортлох асуудлыг ярилцаж эхэлсэн. Цементтэй болсноор бид өөрсдөө дотоодын бүтээн байгуулалтаа хийж чадвартай болсон. Үүнээс гадна монголчууд өөрсдөө 30 гаруй км төмөр зам барьсан. Манайхан ойрын нэг, хоёр жилийн хугацаатай бизнесээ төлөвлөөд сурчихсан. Гэтэл дунд болон, урт хугацааны бизнесийн загварт шилжихэд санхүүжилтийн гол зорилго оршиж байгаа юм. Ингэснээр бондын хөрөнгө оруулалтын үр өгөөж дор хаяж 5-10 жилийн дараа харагдана. Өнөөдөр санхүүжилт хийчихээд, маргааш ашиг олдог бизнест хөрөнгө оруулалт хийхгүй” хэмээн ярьжээ.


Монголын мэдээ
Н.Болд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.