Г.Баярсайхан: Мэргэжлийн ур чадварыг үнэлэх төвийг Монголд анх удаа байгууллаа
Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсад жишиг болж буй чадамжид суурилсан сургалт үнэлгээний шинэ тогтолцоонд шилжүүлж, сургалтын стандарт, хөтөлбөрийг ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор боловсруулах, хөндлөнгийн үнэлгээг бий болгох, багш, суралцагчдад хөдөлмөр, бүтээлийн үр шимээ сургуулийн болон дадлагын орчноосоо мэдэрч улмаар хөдөлмөрлөж олсон орлогоосоо хувь хүртдэг болгох, иргэний дотоод, гадаадад эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн ур чадварыг холбогдох стандарт, түвшинтэй дүйцүүлэн үнэлж баталгаажуулах  боломжийг бүрдүүлэхээр  зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилгоо хэрэгжүүлэхэд  чухал үүрэг гүйцэтгэх Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ мэдээллийн төвийг нээлээ.

Нээлтийн ёслол Монгол-Солонгосын политехник коллежид болж, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо. Тэрбээр УИХ-ын чуулганаар баталсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Үнэлгээ, мэдээллийн төв хөндлөнгийн шалгалт зохион байгуулах, төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэлт гаргах, ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасны дагуу Засгийн газрын 2016 оны  дөрөвдүгээр сарын 18-ны 216  дугаар тогтоолоор Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ, мэдээллийн төвийг байгуулсныг дурдаад

“Өнөөдөр үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд болон улс, орны томоохон бүтээн байгуулалтад мэргэжилтэй ажилтны хэрэгцээ маш их байгаа. Энэхүү хэрэгцээг хангах иргэдийн ур чадварын үнэлэх, баталгаатай ажлын байраар хангагдах, ажилтай, орлоготой болгох зорилтыг хэрэгжүүлэхэд Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ мэдээллийн төвийн үүрэг асар их. Монгол Улсын хөгжлийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ, авьяас, сонирхолд тохирсон мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлж, сургалтын чанар, хүртээмж, үр өгөөжийг дээшлүүлэхэд бодит биеллээ олох  зорилтуудыг хэрэгжүүлэх юм” хэмээн үүд хаалгаа шинээр нээж байгаа Үнэлгээ мэдээллийн төвийг танилцуулсан.

Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт анх удаа үүд хаалгаа нээж буй уг төв 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс санхүүгийн хувьд бүрэн бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулж эхлэх бөгөөд мэргэжлийн ур чадвараа үнэлүүлж, түвшингөө тодорхойлуулах, сургалтад хамрагдаж ур чадвараа сайжруулах, зөвлөгөө мэдээлэл авах хэн бүхэнд хүрч нээлттэй ажиллах аж. Ялангуяа гадаадад олон жил ажиллаж байгаад ирсэн хүмүүс энэ төвд хандаж тэнд дадлагажсан мэргэжлийнхээ дагуу шалгалт өгч ур чадвараа үнэлүүлж мэргэжлийн үнэмлэхтэй болох боломж бий гэдгийг шинэ төвийнхөн тайлбарлаж байсан. 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.