Хэт даврагчид Гизагийн пирамидад заналхийлэв

Сири, Иракийн хойд хэсгийн нутгийг хяналтдаа авч тэндээ Халифийн вант улс байгуулснаа зарласан хэт даврагч “Лалын улс” бүлэглэлийн хүч нөлөө сүүлийн үед илт суларсан. Гэсэн ч, Европын томоохон хотуудыг чиглэсэн. террорист халдлагын тоо буурахгүй байгаа юм.
 
Тэгвэл “Лалын улс” бүлэглэл Египетийн пирамидуудыг хайр найргүй устгах болно хэмээн сүрдүүлсэн тухай “Дэйли мэйл” сонин нийтэлжээ. Хэт даврагчид цахим хуудаснаа Ирак дахь 2500 жилийн настай хуучны сүмийн барилгыг дэлбэлж, сүйтгэж буй бичлэгээ байршуулж, улмаар дараагийн бай нь Египетийн пирамид хэмээн заналхийлсэн байна.
 
Тодруулбал, тэд Иракийн Нимруд мужийн Ассириан хот дахь Набугийн сүмийг дэлбэлж сүйтгэсэн бичлэгээ интернэтэд байршуулжээ. Бичлэгийн эхлэл хэсэгт Набугийн сүм хэрхэн сүйтгэгдэж буйг харуулах бөгөөд харин сүүлийн 10 орчим минутад Египетийн нийслэл Кайр хотын ойролцоох Гизагийн пирамидыг сүйтгэнэ хэмээн сүрдүүлсэн байна. Одоогоор уг бичлэгийг хэзээ хийсэн нь тодорхойгүй байгаа ажээ.
 
Мөн хэт даврагчид Мосул хотын ойролцоох Найневех дэх Машки болон Ададын хаалгануудыг бульдозер ашиглан нураажээ. Үүнээс өмнө тус бүлэглэл Сирийн нутаг дахь хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий нутгийн нэг гэгддэг Сирийн Пальмир хотын үнэт дурсгалуудыг сүйтгэж байсан удаатай. 2000 жилийн настай эртний Пальмир хотыг өнгөрөгч оны тавдугаар сараас хойш “Лалын улс” бүлэглэл хяналтдаа байлгаж байсан бөгөөд энэ хугацаанд маш ихээр эвдэрч сүйтгэгдсэн байдаг. Хотыг Сирийн арми энэ оны гуравдугаар сард хэт даврагчдаас чөлөөлж, бүрэн хяналтаа тогтоосон юм.
 
Пальмир хотын барилга, байгууламжууд МЭ нэг, хоёрдугаар зуунд баригдсан байх бөгөөд Грек Ромын уран барилгын уламжлалыг хослуулан барьсан 1000 гаруй барилгын туурь, 500 гаруй эртний бунхан бүхий соёлын хосгүй үнэт өвд тооцогддог байна. Сирийн хямрал эхлэхээс өмнө “Цөлийн сувд” гэгддэг тус хотод дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр 150 гаруй мянган жуулчин очдог байсан гэдэг. Тэгвэл Сирийн арми ОХУ-ын агаарын цэргийн хүчний тусламжтайгаар Пальмир хотыг чөлөөлж, хэт даврагчид эртний түүхэн дурсгалыг хэрхэн сүйтгэснийг харуулах фото зургуудыг дэлгэж, дэлхий нийтийн цочирдуулж байсан юм.
 
Харин энэ удаа Дэлхийн долоон гайхамшгийн нэг гэгддэг Египетийн Гизагийн пирамидад “Лалын улс” бүлэглэл заналхийллээ. Арабын бүгд найрамдах Египет улс нь 80 гаруй сая хүн амтай бөгөөд тэдний 90 орчим хувь нь мусальман шашинтнууд байдаг ажээ. Тиймээс террорист бүлэглэлийн сүрдүүлэг биелэх магадлал өндөртэй билээ.
 
Өнгөрсөн жил гэхэд Египетэд ОХУ-ын иргэний агаарын тээврийн нисэх онгоц тэсрэх бодисын улмаас сүйрч байсан юм. Тухайн үед хэргийн хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээж, онгоцыг сүйрүүлсэн тэсрэх бодисын зургаа хүртэл олон нийтэд дэлгэн харуулж байсан удаатай.
 
Энэ удаа тэдний заналхийлж буй Гизагийн пирамид нь хүн төрөлхтний агуу том бүтээн байгуулалтын нэг билээ. 7000 гаруй жилийн өмнөх Египетийн фараонуудын хүч чадлын илэрхийлэл болсон Гизагийн пирамидын цогцолбор нь Кайр хотын баруун бах, нил мөрний хөндийд оршдог байна. Эдгээр пирамид нь МЭӨ 2800-2400 онд хамаарах бөгөөд Египетийн фараонуудыг оршуулах зорилгоор бүтээгдсэн гэдэг. Ямартай ч, эртний Египетийн хөдөлмөрч ард түмний оюун ухаан, хөлс, цусаар бүтээгдсэн хосгүй үнэт бүтээлүүд “Лалын улс” бүлэглэлийн дайчдын гарт сүйдэж магадгүй байдал үүсчээ.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.