400-ээс дээш оноотой бол сургалтын төлбөрийн зээл авч болно

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийг баталснаар их дээд сургуулийн оюутнууд сургалтын төлбөрөө таван хүүтэй зээлэх боломжтой боллоо. Хөтөлбөртэй холбоотой зарим зүйлийг БСШУЯ-ны дээд боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Батсайханаас тодрууллаа.
 

 “Сайн оюутан” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай улсад нийт 162 мянга гаруй оюутан суралцдаг. Тэдгээрийн 150 мянга гаруй буюу 51 хувь нь хувиараа сургалтын төлбөрөө төлдөг. Үлдсэн хувь нь сургалтын төрийн сан, сургуулийн тэтгэлгийн тусламжтайгаар сургалтын төлбөрөө төлдөг. Хувиараа төлж байгаа оюутнуудын эцэг эхчүүд нь төлдөг. Ингэхдээ цалин, тэтгэврийн зээл авч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийдэг. Ийм учраас Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой.
 
Нийт гурван төрлийн зээл бий. Нэгдүгээрт, сургалтын төлбөрт зориулан авсан цалин тэтгэврийн зээлийг шилжүүлэх буюу дахин санхүүжилтын зээл байгаа. Хоёрдугаарт, хичээлийн жил дотроо төлөх богино хугацааны зээл. Гуравдугаарт, сургалтын төлбөрийн зээл аваад төгссөнийхөө дараах жилээс дөрвөн жилийн дотор төлөх урт хугацааны зээл гэсэн төрөлтэй. Оюутнуудад таван хувийн хүүтэй зээл олгоно. Ингэхдээ зээлийн төрлөөс шалтгаалж хугацаа өөр.
 
Жишээлбэл, богино хугацаатай зээлийг 12 cap хүртэл олгоно. Харин богино хугацаатай зээлийг сургууль төгссөнөөс хойш дөрвөн жилийн дотор төлнө гэж заасан.
 
-Сургалтын төлбөрийн зээлд хамрагдахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?
 
-“Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутан зээл хүссэн өргөдөл бичих шаардлагатай. Иргэний болон оюутны үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл, гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, бүрэн дунд гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэр бүлийн гишүүний орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримт болон банкнаас шаардсан бусад бичиг баримтыг бүрдүүлнэ.
 
-Зээлд хамрагдахыг хүссэн оюутан ямар банкнаас зээл авах вэ?
 
-“Хаан”, “Голомт”, “Төрийн банк”-нд хандаж сургалтын төлбөрийн зээл авч болно. Мөн одоогийн байдлаар “Худалдаа хөгжлийн банк”, “Улаанбаатар хотын банк” хүсэлт ирүүлсэн, гэрээ хийгдэх гэж байгаа.
 
-Энэ жил шинээр их дээд сургуульд элсэн орж байгаа оюугнуудад ямар шаардлага тавьж байгаа вэ?

 
-Их дээд сургуульд элсэж байгаа оюутнууд элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо зээлд хамрагдана. 400-гээс дээш оноо авбал богино хугацааны зээлд, 650-аас дээш бол урт хугацааны зээлд шууд хамрагдах боломжтой.
 
-Шинээр орж буй оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийн материалыг хэзээнээс эхэлж авах вэ?
 
-Гол материалд нь сургалтын төлбөрийн нэхэмжлэх, ерөнхий шалгалтын онооны батламж бий. Мөн арилжааны банкнуудын холбогдох материалуудыг бүрдүүлэх ёстой. Тэгэхээр эхлээд сургуулиас сонгож орох юм. Үүний дараа сонгосон сургуулиасаа сургалтын төлбөрийн нэхэмжлэх авснаар зээлд хамрагдах боломжтой.
 
-Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд сургалтын төлбөрийг хөнгөлдөг. Улсаас хөнгөлөлт авсан оюутан сургалтын төлбөрийн зээлд хамрагдаж болох уу?

 
-3.5 дээш голчтой оюутнууд сургалтын төлбөрийн зээл авч болно. Сургалтын төрийн сангаар сургалтын төлбөрөө бүрэн даалгаж байгаа бол сургууль төлбөрийн нэхэмжлэх гаргаж өгөхгүй. Тэгэхээр зээл авах боломжгүй. Харин дутуу байвал зээл авч болно. Ер нь 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш цалин болон тэтгэвэр, малчны 27-30 хувийн хүүтэй зээл авч, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн эцэг, эхчүүд “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд таван хувьд хөрвөж байгаа. Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Заавал сургалтын төлбөрийн мөнгийг төлсөн байх ёстой. Одоо их, дээд сургуулиудын төлбөрийн дундаж хоёр сая төгрөг байгаа. Гурван саяас дээш зээл авсан бол хөрвөж болохгүй л гэсэн үг.


Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болор 2016-06-09 02:45:04
    Сургуулиас зээлд хамрагдах материалаа авах гэхлээр намар болно гээд өгөхгүй байна. Намар болохоор төлбөр гээд нэхээд байдаг ямар нэгэн нэгдсэн мэдээлэлгүй байна...
  • Батаа 2016-06-09 02:44:31
    Энэ зөвөө сурахгүй эрхмүүдэд бүү зээд олго