Зассан замаар зүгээр яваач

Хэдэн жилийн өмнө Хөвсгөл аймаг руу явах гэж машинд 1-2 хоног сэгсчүүлдэг байлаа. Уг нь 600 гаруйхан км газар шүү дээ. Ийм зовлон амсч үзээгүй хүн Монголд бараг байхгүй байх. Гэхдээ бидний тав тухыг алдуулсан энэ байдал арилж, 21 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдох мөч ойртсоор байна. Уг нь зам дагаж хөгжил гэдэг. Энэ том бүтээн байгуулалт монголчууд бидний амьдралд ач холбогдлоо өгч эхлээд байгаа. Тухайлбал, аялал жуулчлал хөгждөгийн жишээг зам нь ашиглалтад орсон даруйд буюу 2014 онд Хөвсгөл аймгийг зорьсон аялагчдын цуваа бидэнд харуулсан билээ. Хөвсгөл аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон анхны зунаа 43 мянган тээврийн хэрэгсэл тус нутагт зорчсон гэдэг тоон баримт бий.
 
Энэ мэт олон сайн зүйлийг урин дуудаж буй авто зам нөгөө талдаа олон, олон эрдэнэт хүний амийг авч одох том шалтгаан болоод байна. Гэтэл хөдөө, хотгүй зам нь там шиг байх үед тэгж их осол гардаггүй байсан сан. Харин одоо шил толь шиг сайхан замыг тавих хэрээр аймшигтай осол олноор гарч амь насаа алдах иргэдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа нь харамсалтай.
 
Өнгөрсөн жил Хөвсгөл аймаг руу ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байсан гэхэд хилсдэхгүй. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн аймагтаа монголчууд аялж, эх орныхоо байгалийн сайхантай танилцах, аялах сайхан боломж бүрдсэн нь сайн хэрэг. Гэтэл шинэхэн зам дээр өмнө нь байгаагүйгээр олон осол гарч, тэр хэрээр олон хүн амиа алдсан гэх юм билээ. Учир нь ямар ч эвдрэлгүй тэгш сайхан замд найдаад хурдаа хэтрүүлэн, анхаарал болгоомжгүй явсны хар гай.
 
Өнгөрсөн даваа гарагт л гэхэд хөдөө, орон нутгийн замд буюу Баян-Өлгий Сүхбаатар, Төв, аймгуудын замд нийтдээ 10 гаруй хүн авто ослоор алтан амиа алдсан байгаа юм. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар энэ мэт хөдөө, орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх нь онхолдох хэлбэрээр гардаг байна. Ялангуяа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлэх, аюул тулгарсан үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадахгүй байх, замын нөхцөлд хөдөлгөөний хурдаа тохируулж яваагүйгээс онхолдох хэлбэрээр гарсан зам тээврийн осол дийлэнх хувийг эзэлж байгаа аж.
 
Ер нь хурд хэтрүүлснээс гарсан зам тээврийн ослын хор уршиг нь бусад шалтгаанаас гарсан ослоос өндөр байдаг. Осол гарах үед автомашины хурд 30 км/цаг буюу түүнээс бага хурдтай байхад осолд өртсөн явган зорчигч болоод бусад оролцогчдын авсан гэмтэл нь үхэлд хүргэх эрсдэлд хүргэдэггүй. Тиймээс ч сайхан замтай болохын хэрээр автомашинаар хурд багатай явах тусам хохирол бага учирдаг гэдгийг санаж, хурдаа тааруулах шаардлагатай байгаа юм.
 
Зам тээврийн ослын статистик үзүүлэлтүүдээс дүгнэлт хийхэд бүртгэгдсэн зам тээврийн ослын дийлэнх хувь нь жолоочийн буруутай үйлддээс гарсан байгаа юм. Тиймээс жолооч бүр хамгийн хайртай хүмүүсээ буюу найз нөхөд, аав, ээж, үр хүүхдээ суулгаад холын замд гарахдаа архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, хурдаа тааруулаад яваад байж яагаад чадахгүй байна вэ. Хамгийн эмгэнэлтэй нь хайртай дотны хүнийхээ амь нас, амьдралыг ганцхан шил архиар үнэлээд явж байгаа гэдгээ ухамсарлахгүй байгаад хамаг учир байгаа юм. Замын цагдаа нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг жолооч нараас судалгаа авчээ. Тухайн судалгаагаар архидан согтуурахад нь хэн нөлөөлж байна гэсэн асуултад 99 хувь нь гэр бүл, найз нөхөд гэсэн хариултыг өгсөн байх юм билээ. Энэ бол гашуун боловч үнэн. Ялангуяа холын замд явах гэж байгаа нэгнээ үдэж өгч байгаа гэж савнаасаа бусдыг дийлдэг гашуун усаар дайлдаг байдаг гажиг зуршлаа болих юм биш үү.


Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-06-08 02:23:33
    монголчууд сургамж авдаггүй муу зуршилтай хүмүүс юм, манай засмал зам бол хурдны зам биш шүүдээ, тэр хятад, европ, америкийн замтай харьцуулбал шавар, замын хар...
  • teneguud  2016-06-08 01:51:59
    udej uduulj baigaa gej arhi uudag, ehnii ovoon deer zaaval arhi zadaldag asuudliig boliulah heregtei baina
  • . 2016-06-08 01:10:33
    Монгол хүний хэнэггүй бөгөөд хариуцлагагүй араншин!!!!!