Утасгүй интернэт төрийн үйлчилгээний сайтаар хязгаарлагдахгүй

“Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх” төслийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Чингисийн талбайд боллоо. Төслийн нээлтэд НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий нар оролцсон. Энэ үеэр нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзийгөөс төслийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
 
-“Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх” төслийн талаар танилцуулахгүй юу?

-“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газар “Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь Улаанбаатар хотыг утасгүй интернэттэй болгох, иргэдэд төрийн үйлчилгээний талаархи мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилготой. Төслийн хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 151 хороо, Багахангай, Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр зэрэг нийт 155 байршилд утасгүй интернэтийн бүс бий болгон туршилтаар ажиллуулна. Энэ сардаа багтан 155 цэгт утасгүй интернэт байрлуулна.
 
-Утасгүй интернэтийн сүлжээнд иргэд гэрээсээ холбогдож болох уу?
 
-Үгүй. Бид хорооны байрнуудад утасгүй интернэтийн WiFi төхөөрөмж байрлуулна. Иргэд хотын үнэгүй, утасгүй интернэтэд холбогдохын тулд өөрт ойр байрлах хорооны байр орчимд WiFi дэмждэг төхөөрөмжөө ашиглан “UBWifi” нэртэй сүлжээнд холбогдсоноор интернэтэд орох боломжтой.
 
-Тэгэхээр заавал хорооныхоо байранд очиж интернэтэд орох боломжгой гэсэн үг үү. WiFi төхөөрөмж нь хэдэн метрийн зайд сүлжээ барих вэ?
 
-Өөрт хамгийн ойр байрлах хороон дээрээ очиж утасгүй интернэт ашиглаж болно. WiFi төхөөрөмж 100 метрийн зайд сүлжээ барина.
 
-Утасгүй интернэтөэр зөвхөн нийслэлийн мэдээг авах боломжтой юу. Фэйсбүүк, твиттер болон бусад сайтуудад хандаж болох уу?
 
-Утасгүй интернэтийн гол зорилго нь Улаанбаатар хотын болон алслагдсан дүүргийн иргэдийг дуртай цагтаа интернэтээр аялах боломжоор хангах юм. Тэгэхээр иргэд энэ сүлжээнд холбогдсоноор нийслэлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах www.ulaanbaatar.mn сайтад зочлох, “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн иргэний цахим нэг цонх www.citizen.ulaanbaatar.mn, газар өмчлөлийн цахим систем, www.land.ulaanbaatar.mn, иргэдийн оролцоотой Улаанбаатар хотын газрын зураглалын нэгдсэн сан www. manaikhoroo.mn, өөрийн амьдарч буй хорооныхоо эрүүл аюулгүй байдлын индексийн талаар мэдээлэл авах боломжтой www.eabi.ub.gov.mn, нийслэлийн нээлттэй өгөгдлийн портал www.data.ulaanbaatar.mn, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн систем www.smartcar.mn зэрэг төрийн үйлчилгээний цахим сайтуудад өндөр хурдтайгаар холбогдож, төрийн үйлчилгээг авч болно. Мөн өөрийн хүссэн сайт, цахим хуудсанд хандаж, интернэтийн орчинд хүссэнээрээ аялах боломжтой. Утасгүй интернэт ганцхан төрийн үйлчилгээний мэдээллээр хязгаарлагдахгүй. Утасгүй интернэтжүүлэх төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хот дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүрсэн ухаалаг хот болоход нэг том алхам болж байна.
 
-Утасгүй интернэтийн сүлжээнд хэрхэн бүртгүүлэх вэ. Ямар нэгэн код бий юу?

-Интернэтийг ашиглахад ямар нэгэн код байхгүй. Утасгүй интернэт ашиглахдаа ухаалаг гар утас болон таблет ашиглаж байгаа бол гар утасныхаа settings цэс рүү орон Wifi- аа асаах, компьютер ашиглаж байгаа бол password цэсэнд байрпшх Wifi-aa асаах хэрэгтэй. Ингэснээр утасгүй интернэтийн сүлжээнд холбогдож нийслэлийн мэдээ мэдээллийн сайт гарч ирэх юм. Тус сайтаас цаг агаарын мэдээ, зурхай болон нийслэлээс хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаархи мэдээ, мэдээллийг авна. Мөн нийслэлээс хэрэгжүүлж байгаа ажилтай холбоотой санал хүсэлт, өргөдөл гомдол байвал бичиж, өгч болно. Утасгүй интернэтийг ашиглахын тулд бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлэхдээ www. ulaanbaatar.mn сайтын бүртгүүлэх хэсэг рүү орох ёстой. Ингэснээр бүртгэлийн мэдээлэл цуглуулах хуудас гарч ирнэ. Энэ хуудсанд регистрийн дугаар, эцэг эхийн нэр, оршин суугаа хаяг, харилцах утас, цахим шуудан, нууц үг зэрэг мэдээллүүдийг оруулснаар бүртгэл идэвхжиж утасгүй интернэт ашиглах эрхтэй болно. Хэрэв өмнө нь цахим газар өмчлөл, цахим зуслангийн газар өмчлөлд бүртгүүлэн хандаж байсан бол тухайн бүртгэлийн мэдээллийг ашиглан утасгүй интернэтэд нэвтрэн орох боломжтой.

-Энэ төсөл хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа вэ?

-Нийт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Одоогийн байдлаар Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх зэрэг дүүргүүдийн хороонд “UBWifi’’-аа суурилуулсан.
 
-Зарим утасгүй интернэт маш удаан байдаг. Интернэтийн хурдыг хэрхэн шийдсэн бэ?

-Энэхүү төсөл нийслэлийн есөн дүүргийн иргэдийн утасгүй интернэтээр хангах зорилготой. Тэгэхээр удаан байх, гацах гэсэн асуудал байхгүй. Хэрвээ утасгүй интернэттэй холбоотой ямар нэгэн асуудал, гомдол, санал байвал бидэнд хандаж болно.


Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.