Д.Галбаатар: Урьдчилж судлаад, угтаж төлөвлөөд, сөрөөд давдаг жудагтай хүмүүсийг л уурхайчид гэж ойлгодог
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Эдийн засаг, маркетингийн хэлтсийн орлогч дарга, дэлхийн эдийн засагч, доктор Д.Галбаатартай ярилцлаа.
 

- Саяхан танай компанийн сүүлийн гурван жилийн ажлын тайланг уншлаа. Үнийн уналтаас үүдэж байдал амаргүй байсан нь харагдаж байна лээ. Үйлдвэр энэ хугацаанд ямар замыг туулж ирэв ээ?

Манайх бүтээгдэхүүнээ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ЗХУ-д зардаг байсан.  Зах зээлийн эдийн засагт шилжээд 1992 оноос дэлхийн зах зээлд арилждаг болсон. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 38 жилийн түүхэнд үнийн уналтаас шалтгаалсан эдийн засгийн хямрал гурван удаа тохиолдсон. Зэсийн үнэ 1998-1999, 2008-2009 онд унасан. Тухайн үеийн уналт нь үйлдвэрлэлийн өртөг, зардлаас даваагүй. Харин одоо бий болоод буй зэсийн үнийн уналтыг хоёр талаас нь авч үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт хугацааны хувьд урт байна. Энэ удаагийн уналт нь 2011 оны 2-р сарын 15-аас эхэлсэн. Өөрөөр хэлбэл энэ нь зургаа дахь жилдээ үргэлжилж байна. Хоёрдугаарт зах зээл дээрх зэсийн үнэ үйлдвэрлэлийн өртгөөс доош орчихлоо. Жишээлбэл, 2013 онд компанийн Удирдах зөвлөлөөс 1 тонн цэвэр зэсийн тооцоот өртөг 6625 ам.доллар байхаар тооцож, төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр нэг тонн зэсийн үнэ 4500 ам.доллар хүрчихлээ. Үүнээс үзэхэд ойлгомжтой байгаа биз дээ.

- Нөхцөл байдал ийм байж. Үүнд мэдээж тодорхой шалгаан байгаа байх. Тэр нь юу вэ?

Ер нь баруун Европт болсон эдийн засгийн хямрал нөлөөллөө. Дундад Азид иргэний дайн боллоо. Үүнээс болоод баруун Европт бараг нэг сая хүн цагаачиллаа. АНУ, Японы эдийн засгийн үзүүлэлт хумигдлаа. Ингэснээр БНХАУ-ын эдийн засаг саарлаа. Хятадын эдийн засаг нэг хувь өөрчлөгдөхөд зэсийн үнэ 1000 ам.доллараар өөрчлөгдөнө гэсэн эдийн засгийн судалгаа бидэнд байна. 2015 онд Хятадын эдийн засаг хоёр хувиар буурсан. Тэгэхээр зэсийн үнэ 2000 ам.доллараар унасан л гэсэн үг шүү дээ.  Шанхайн биржийн индекс гэхэд 2000-3000 пунктээр уналаа. Энэ мэт олон хүчин зүйлс нөлөөллөө.

Зэсийн үнэ 1998-1999, 2008-2009 онд унасан. Тухайн үеийн уналт нь үйлдвэрлэлийн өртөг, зардлаас даваагүй. 

 

-Дотоод хүчин зүйл нөлөөлсөн үү?

Монгол Улсын эдийн засгийн бодлого нөлөөлнө. Манай улсад бол эдийн засгаа чөлөөлөх буюу либералчлах маш олон бодлого явагдлаа. Ингэснээр манай үйлдвэрийн худалдаж авч буй бараа, бүтээгдэхүүний үнэ өслөө. Доллар төгрөгийн эсрэг чангарлаа. Бас эрчим хүчний тариф. Ялангуяа суурилуулсан хүчин чадал дээр тулгуурласан тариф 50 дахин өслөө. Энэ нь манай бүтээгдэхүүний зардалд шууд нөлөөлсөн.

- Үүнийг давахын тулд юу хийсэн бэ?

Энэ нөхцөл байдалд үр дүнтэй ажиллах хэрэгтэй шүү дээ. Тиймээс бид эдийн засгийн болоод үйлдвэрлэлийн зохион байгуулалтын цогц арга хэмжээнүүдийг авч байна. Үүний хүрээнд борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлаа хэмнэх гэсэн хоёр стратегитай ажилласан. Ингэснээр 1 тонн зэс үйлдвэрлэхэд шаардагдах  зардлыг /өөрийн өртгийг/ доошлуулж чадлаа. Хэрэв өнөөдөр үнэ 4000 ам.долларт хүрвэл хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө цех, нэгжүүдтэйгээ хамтраад бэлдчихсэн байна. Урьдчилж судлаад, угтаж төлөвлөөд, сөрөөд давдаг жудагтай хүмүүсийг л уурхайчид гэж ойлгодог. Харамсалтай нь энийг маань зарим хүмүүс ойлгохгүй байна. Манайхтай ижил төрлийн үйлдвэрлэл явуулдаг Чили, Австрали, Хятад, Замби зэрэг улсын хэд хэдэн үйлдвэр сүүлийн гурван жилд зогсчхоод байна. Манай улсад ч ялгаагүй нүүрс, жонш, төмөр, хүдэр олборлолт бараг зогслоо. Гэтэл манайх ашигтай ажиллалаа шүү дээ.

-Үр дүн нь ямар байна?

Бид бүтээгдэхүүнийхээ орлогоо нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн онд Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийг 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлаар нэмэгдүүллээ. Хоёрдугаарт 1 тонн зэсийн үйлдвэрлэлийн өртгөө 4000 ам.доллараас доош нь орууллаа. Тодруулбал, 4-р сарын байдлаар энэ үзүүлэлтийг 3996 ам.долларт хүргэсэн. Энэ бол дэлхийн тэргүүлэгч үйлдвэрүүдийн жишиг гэсэн үг. Дэлхийн бусад улсын үйлдвэрүүдийн 1 тонн бүтээгдэхүүний өөрийн өртгийн дундаж үзүүлэлт нь 4500 ам.доллар байна. Нөгөө талаар хэмнэлтийн бодлогоо амжилттай хэрэгжүүллээ. Үүний үр дүнд энэ оны 4-р сарын байдлаар татварын өмнөх ашиг маань 29.7 тэрбум гаруй төгрөгт хүрлээ.

- Хийсэн бүх зүйлийн тань эцсийн дүгнэлтийг ашиг, орлого л илэрхийлнэ. Энэ талаар?

Бид сүүлийн гурван жилийн хугацаанд борлуулалтын орлогоо 131 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж чадлаа. Өртөг зардлаа 129 тэрбум төгрөгөөр бурууллаа. Үндсэндээ бол 260 орчим тэрбум төгрөгийн ашиг орлого оллоо. Эндээс харахад ойлгомжтой байгаа биз дээ.

 

 Бид ажилчдынхаа бодит орлогыг нь нэмэх бодлого барьж ажиллалаа


 

-Үр дүн гарсан байна. Үүнд жирийн ажилчдын оролцоо хэр өндөр байв? Хамгийн гол нь ажилтнуудын үйл ажиллагааны үр дүнг хэрхэн тооцож ирэв?

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэмнэлтийн болон орлогоо нэмэгдүүлэх бодлогод ажилтан болгон хувь нэмрээ оруулсан. Гэхдээ хүн бүрийн үүрэг харилцан адилгүй. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төрөөс цалин нэмэгдүүлэх ямар ч бодлого явуулсангүй. Цалин нэмэх асуудлыг хамтын гэрээнд тодорхой тусгасан байдаг. Харин манайх бодит орлогыг нь нэмэх бодлого барин ажиллалаа. Нэгдүгээрт үйлдвэр үр ашигтай ажилласан байх ёстой. Хоёрдугаарт хөдөлмөрийн бүтээмжээ өсгөсөн байх ёстой. Гуравдугаарт уул уурхайн салбартаа тэргүүлэх цалинтай байх. Дөрөвдүгээрт өргөн хэрэглээний инфляцыг тооцох хэрэгтэй болдог. Мэдээж манайх төрийн оролцоотой үйлдвэр. Тиймээс төрийн бодлоготой уялдуулдаг. Харин ажилчин нэг бүрийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор маш олон зүйл хийлээ. Ялангуяа дээр дурдсан хэмнэлт, орлогоосоо байнга урамшуулал олгож ирлээ. 2015 он гэхэд нэг хүнд дунджаар 2.1 сая төгрөгийн нэмэгдэл орлогыг өгсөн байна. Энэ бол бодитоор гар дээр нь очсон орлого. Сүүлийн үед  гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг их ярьж байна. Ирээдүйд 5-10 жилд иргэдийн бодит орлогыг 1000 ам.долларт хүргэе гээд байгаа. Гэхдээ үндсэн цалин дээрээ нэмэгдэл орлого олох замаар. Үндсэн цалин 500 ам.доллар байж болох юм гэсэн жишээ татаж байсан. Хамгийн гол нь хэмнэлтээсээ, ашгаасаа хүртэх асуудлыг хэлээд байна лээ. Үүнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК сүүлийн 3 жилд хэрэгжүүлчихсэн байна. Манай үйлдвэрийн ажилчдын дундаж цалин 2.2 сая төгрөг гэж бодохоор  Н.Дашзэвэгийн дэвшүүлж буй зорилтыг аль эрт хэрэгжүүлсэн гэж үзэж болно.

Хятадын эдийн засаг нэг хувь өөрчлөгдөхөд зэсийн үнэ 1000 ам.доллараар өөрчлөгдөнө гэсэн эдийн засгийн судалгаа бидэнд байна

 

- Авсан урамшууллынхаа хэмжээнд сэтгэл дундуур үлдсэн хүн цөөнгүй байгаа. Ямар шалтгаанаар ажилчид харилцан адилгүй хэмжээний мөнгийг урамшуулалд аваад байгаа юм бэ?

Тийм ээ. Ийм яриа гарсан. Үйлдвэрчний эвлэл жагсаал хийлээ. Мэдээж энэ бол байж болох зүйл. Гэхдээ удирдлагын шагнал гэж хамтын гэрээгээр зохицуулагддаг арай өөр төрлийн урамшуулал. Үүнийг сайн менежмент явуулсан хүмүүст олгодог гэж ойлгож болно л доо. Жишээ нь “Оюу толгой” борлуулалтын орлогынхоо 3 хувийг удирдлагын шагналд зарцуулна гэж анх гэрээ хийж байсан. Энэ бол гадаадын хэдхэн иргэний л авдаг шагнал. Гэтэл манай Ерөнхий захирлын санаачилгаар энэ урамшууллыг нийт хамт олондоо олгосон. Харин хуваарилахдаа зөвлөлийн зүгээс ажлын үр дүнтэй уялдуулсан. Хамтын гэрээнд урамшуулал хуваарилах зарчим маш тодорхой байдаг. Үүний 3.6-д шагналын сангийн хэмжээг нь цалингийн 8-30 хувьд хүргэнэ. Шагнахдаа хүн бүрийн ажил, мэргэжил, ур чадвар, хөдөлмөр хамгааллыг хэрхэн сахисан, ажилласан цаг, хэмнэлт, инновацийн санаачилга гаргасан байдал, хамтын гүйцэтгэл зэргийг харгалзаж олгоно гэж заасан байдаг. Үүнийг баримталж олгохоор хэмжээний хувьд харилцан адилгүй байгаа юм. Хүн бүрт ижил хэмжээтэй олгоно гэвэл шударга бус болно. Энэ талаар Хөдөлмөрийн хуульд ч заасан байдаг.

- Захирлуудын урамшуулал валютаар олгогддог нь ямар учиртай юм бэ?

Захирлууд урамшууллаа төгрөгөөр л авч байгаа. Дээх нь үед орос мэргэжилтнүүд валютаар цалинждаг байсан. Харин энэ жилээс Монголчуудын хувьд бүх цалин, урамшуулал төгрөгөөр олгогддог болсон. Гэхдээ гаднаас ирж ажиллаж буй хүмүүс бол хөлсөө доллараар авч байгаа. Монгол төгрөг гадагш нь гуйвуулахгүй биз дээ.

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д өр, авлага бий юу?

Энэ бол бүх бизнест байдаг л ойлголт. Хагийн гол нь оновчтой төвшинд байлгах нь чухал. Өр, авлагыг хуримтлуулахгүй байх гэсэн үг шүү дээ. Мөнгөө 100 хувь авчхаад бараагаа нийлүүлэхгүй байх тохиолдол урьд нь их байсан. Авлага, өглөгөө барагдуулахын тулд шинэ удирдлагын баг худалдан авалтын бодлогыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл эхлээд бараагаа нийлүүл дараа нь мөнгөө ав гэдэг л зарчим. Ингэснээр өр бараг үүсэхээ больсон.

-Танай үйлдвэрийн худалдан авалтын асуудал үргэлж олон нийтийн анхаарлыг татдаг. Хардлага ч дагуулдаг. Шахааны бизнес гэх мэт. Худалдан авалтын асуудалд ямар бодлого хэрэгжүүлсэн бэ?

Ард түмэн тань шиг  бодолтой байгаа байх. Угаасаа энэ асуудал  бодитоор байсан. “Шахаа” гэж нэрлэдэг байлаа шүү дээ. “Шахаа”-г хэн хийдэг байсан нь ойлгомжтой. Өндөр эрх мэдэлтэй хүмүүс л хийнэ биз дээ. Хуучин бол манай үйлдвэрийн худалдан авалт хийдэг ажилчдын өрөөнд улс төрчдийн ажлыг амжуулдаг болон олны танил хүмүүс холхидог байлаа шүү дээ. Энэ тал дээр манай Ерөнхий захирал худалдан авах ажиллагаа ил тод, тендерийн зарчмаар явах ёстой гэдэг зарчмын асуудал тавьсан. Бас Эрдэнэт хотын ААН, байгууллагууд тендерт зарим талаар давуу эрх эдэлдэг болсон. Хоёрдугаарт манай үйлдвэрт бараа бүтээгдэхүүн зарахдаа зах зээлийн үнээр өгнө. Үүний тулд худалдан авах бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судлах “Үнийн комисс”-ыг байгуулсан. Энэ комисс зөвхөн үнэ биш тухайн бүтээгдэхүүнийг авах шаардлага зэрэг асуудлыг хамруулан судалдаг “онцгой” комисс болон өргөжин ажиллаж байна.

 

 Одоо бол уул уурхай хэр зэрэг хариуцлагатай байгааг ярих цаг болсон


 

-“Эрдэнэт үйлдвэр” бол төрийн оролцоотой байгууллага. Гэхдээ үйл ажиллагаанд төрийн оролцох зохист хэмжээ гэж байх ёстой байх. Ер нь зохицуулалтаа яаж хийж байна вэ?

Үүнийг гурван зүйлээр ойлгож болно. Нэгдүгээрт хамтарсан үйлдвэрийн хууль эрх зүйн орчин буюу Засгийн газар хоорондын хэлэлцээр, татварын зохицуулалт, компанийн засаглалд төрийн оролцооны асуудлыг ярих хэрэгтэй. Бид 1973, 1991, 2003 онд гээд гурван хэлэлцээр хийсэн. Анхных буюу 1973 оны хэлэлцээрээр бол уурхай дагасан хот байгуулах асуудалд гол анхаарлаа хандуулсан. Тухайн үед зөвхөн үйлдвэрийг байгуулахад Оросын талаас 425 сая шилжих рубль зарцуулсан. Мөн хотыг байгуулахад ч хөрөнгө оруулсан. Ингээд 1991 оны шилжилтийн үед манай талаас энэ хөрөнгө оруулалтыг олсон ашгаараа төлсөн байнаа гээд дахин хэлэлцээр хийсэн. Тухайн үеийн сэхээтнүүдийн гаргасан маш ухаалаг санаачилгын хүчээр Оросын талд ямар ч мөнгө төлөхгүйгээр 51 хувийг манай улс эзэмшээд Монгол удирдлагатай боллоо. Харин 2003 он гэхэд бид зах зээлийн эдийн засагт шилжчихлээ. Тиймээс энэ үйлдвэр Монгол Улсын хуулийн этгээд байх ёстой гэдэг асуудлыг тавьсан. Ингээд энэ компани Монгол Улсад татварын ямар орчин байна түүнд зохицож татвараа төлөөд явдаг болсон. Дараагийнх нь компанийн засаглалын хувьд Удирдах зөвлөлд төрийн оролцоо ямар хэмжээнд байх ёстой талаарх асуудал. Удирдах зөвлөл нь дүрмийнхээ дагуу жилд хэд хуралдах, ашгаа хуваарилах гэх мэт олон асуудал гэсэн үг. “Совет” маань сүүлийн хоёр жил хуралдсангүй. Оросууд маань ирдэггүй. Заримдаа Монголын төрд янз бүрийн өөрчлөлт гарна. Гэтэл өнөөдрийг хүртэл Монголын талын зөвлөлийн удирдагч томилогдоогүй байна. Харамсалтай нь улс төрийн оролцоо байна уу байна. Энийг нуугаад яах юм. Бүгд л  мэдэж байна. Үйлдвэрийн одоогийн удирдлага ажиллах хугацаандаа 9 чиглэлийн зорилт тавьсан. Үүнд ангид байх 3 зорилтын хүрээнд улс төрөөс ангид байх асуудал туссан. Энэ оролцоо нь бага байх ёстой. Бага гэдэг нь огт битгий байлга гэсэн үг биш. Зохист хэмжээнд нь байлгах хэрэгтэй гэсэн санаа. Төрийн оролцооны асуудлыг Майкл Портер гэдэг эрдэмтний гаргасан “Японы эдийн засгийн загвар” бүтээлд маш тодорхой дурдсан байдаг. Төрийн өмнөөс ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн байх, тогтвортой ажиллах, мөн экспортыг дэмжих, макро эдийн засгийн бодлого тогтвортой, тодорхой байх, аж үйлдвэрийн салбарын бүтцийн өөрчлөлтийг төр зохицуулах гээд олон зүйл бий. Манай улс ч үүнийг хэрэгжүүлэх эхлэлээ тавьж Аж үйлдвэрийн яам байгууллаа. Одоо бүтээгдэхүүн боловсруулалтын төвшинг нэмэгдүүлэх ёстой. Японд энэ асуудлыг төр нь зохицуулж байна. Манайд бол зах зээлийн зарчмаар өөрөө зохицуулна гээд хамгийн муу загварыг нь аваад явж байна шүү дээ.  

Хэрэв өнөөдөр үнэ 4000 ам.долларт хүрвэл хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө цех, нэгжүүдтэйгээ хамтраад бэлдчихсэн байна.

 

-Ер нь уул уурхайн эдийн засгийн дэлхийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байна? Энэ хандлагад “Эрдэнэт үйлдвэр” хэрхэн зохицож байна вэ?

Хамгийн чухал нь ирээдүйг харсан хөгжлийн бодлоготой байх ёстой. Манай үйлдвэр байнга ийм бодлоготой явж ирсэн. 1994 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийг хөгжүүлэх концепц гээд 10 жилийн хугацаатай боловсруулсан. Маш сайн баримт бичиг болсон. 2005-2015 оны хооронд хөгжлийн хоёр дахь концепцоо хэрэгжүүллээ. Одоогоор гурав дахийг нь боловсруулж байна. Ингээд хөгжлийн бодлого маань тодорхой болно гэсэн үг. Тэгээд дунд төвшний хөгжлийн бодлоготой болох хэрэгтэй. Бид үүнийгээ гурван жилээр боловсруулах чиглэл барьж байна. Одоо бол уул уурхай хэр зэрэг хариуцлагатай байгааг ярих цаг болсон. Манай үйлдвэрийн хувьд Монгол Улсын өмнө хүлээсэн хариуцлага гэж бий. Энэ хариуцлагаа бид жил бүр улсын төсөвт төвлөрүүлж буй татварынхаа орлогоор биелүүлдэг. Дараа нь орон нутгийн өмнө хүлээсэн хариуцлага. Үүнийгээ мөн ялгаагүй орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй татварынхаа орлогоор биелүүлж байна. Манай үйлдвэрийн төлж буй татвар нь орон нутгийн төсвийн орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Дараа нь хөрөнгө оруулсан Монгол болон ОХУ-ын талын өмнө хүлээх хариуцлага. Энэ хариуцлагаа  ашиг олж, ашгийн чөлөөт үлдэгдлээ хуваарилах замаар хэрэгжүүлдэг. Бас үйлдвэрийн ажилчдын өмнө хүлээх хариуцлага гэж байна. Үүнийгээ хамтын гэрээгээр дамжуулан биелүүлдэг. Энэ гэрээний нөхцөлөөр олгогдсон үүрэг, хариуцлагаа 99 дээш хувиар биелүүлсээр ирсэн.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн хаалт хөгжлийн асуудал яригдаж байна. Үүнийг хэрхэн төлөвлөсөн бэ?

Бид энэ чиглэлээр ажиллаж байна. “Эрдэнэт үйлдвэр” мөнх байхгүй шүү дээ. Голчлон баруун хойд талын ордоо ашиглаж байсан бол одоо төвийнхөө ордоос хүдэр олборлож байна.  Зүүн урд, Шандын ордоо ашиглаагүй байна. Нөөцийг нэмэгдүүлэх боломж байна. Гэхдээ нөөц хэзээ нэгэн цагт дуусна. Тэгэхээр хамгийн чухал нь хаалт, хөгжлийн санг бий болгох асуудал. Энэ чиглэлээр манай удирдлагууд зүгээр суугаагүй. Харамсалтай нь төрийн зүгээс дэмжлэг бага байна. Хаалт, хөгжлийн талаар тусгайлсан хууль байх шаардлагатай гэж би үздэг.   

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dans 2016-06-06 15:28:56
    Galbaatar jinhene uildvriin undsen ajiltan mun,ue ueiin shahaanii zahirluud n helmegduulchih geed baidag bololtoi bnlee,
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-06-06 10:54:31
    Galbadrahad amjilt husie!.nertei syrgyyliin zustei tugsugch shuu.Humuus uuniig neg ih medeh albagui.
    59.153.112.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2016-06-06 09:20:27
    Ажилдаа мэргэшсэн, олон жилийн туршлага, шинэ орчинд хэрхэн зохицож ажиллах чадвартай хүн юмдаа.
    202.21.120.186
    Мэдэгдсэн Хариулах
  • э 2016-06-06 07:35:26
    өмнөх рам нь салж уналгүй яыжганаж брайхад өөрөө нэг их сүрхий юм хийсэн болох гээд л баас гаргах юм аа.
    202.179.23.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүү  2016-06-06 07:30:49
    сүрхий жинхэнэ эдийн засагч хүн шиг ярьж байна. эдгээр хүмүүсийн буянаар л Эрдэнэт үйлдвэр маань шургачихалгүй байж тэсэж бидэндээ тус нэмэр болж байгаа байлгүй...
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Манайхан уурхайг хаах дөхөхөөр л хаалт я 2016-06-06 05:04:07
    Дэлхийн эдийн засагч гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Хаалт хөгжлийн төлөвлөгөө гээчийг уул уурхайн ТЭЗҮ-д тусгаж тэрийгээ ажиллах явцад мөрдөх ёстой эд л дээ.
    208.107.128.246
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2016-06-06 09:24:14
      Дэлхийн эдийн засгын ухааны доктор - доктор мировой экономики- doctor of world economics
      202.21.120.186
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-06-06 05:03:20
    Дэлхийн эдийн засагч гэж юу байсан юм. Хөөрхий дөө зөнөсөн дурак байна. Иймэрхүү юмнууд салбар хэл тэс удирдаж ажил унагахаа болиоч. Ичмээр юм
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах