Тэтгэвэр тогтоолгосон цалинг нэг удаа өөрчлөх боломжтой

Монгол Улсын Засгийн газраас нийгмийн даатгалаас олгодог тэтгэврийн хэмжээг 21 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Н.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
 
Тэтгэвэр 21 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Өндөр настны, тахир дутуугийн гээд олон төрөл бий. Тэтгэврийн нэмэгдэл бүх төрөлд хамаарах уу?
 
-Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар зургадугаар сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийн хэмжээг 21 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Нийгмийн даатгалын сангаас олгодог гурван төрлийн тэтгэвэр бий. Тодруулбал, өндөр настны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны гэсэн гурван төрөлтэй. Энэ сарын 1-нээс эхэлж олгогдсон 21 мянган төгрөгийн нэмэгдэл бүх тэтгэврийн төрөлд хамаарна. Гэхдээ тэтгэврийг олгохдоо бүрэн болон, хувь тэнцүүлсэн гэж ангилдаг. Тухайн хүн 20 жилээ гүйцээсэн эсвэл тахир дутуу болон нас барсны өмнөх таван жилийн гурван жилд нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн тохиолдолд бүрэн тэтгэвэр авдаг. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 231 мянган төгрөг байсан бол 21 мянган төгрөг нэмэгдэж, 251 мянга болсон.
 
Харин хувь тэнцүүлсний тэтгэврийн доод хэмжээ 195 мянга байсан бол 216 мянган төгрөг болж нэмэгдлээ. Тэгэхээр одоо шинээр бүрэн тэтгэвэр тогтоолгож байгаа хүн 251 мянгаас доош тэтгэвэр байхгүй болсон гэж ойлгох хэрэгтэй. Хувь тэнцүүлсний тэтгэврийн доод хэмжээ 216 мянга болсон гэсэн үг. Мөн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй иргэд нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг. Тухайлбал, ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд гэх мэтчилэн байна. Энэ тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас олгодоггүй учраас 21 мянгаар нэмэгдсэн зүйл байхгүй. Харин халамжийн тэтгэвэр, асаргааны мөнгө 10 орчим хувиар нэмэгдсэн гэсэн мэдээлэл байгаа. Манайхаас тусдаа асуудал. Энэ талаар сайн мэдэхгүй.
 
-Тэтгэврийн нэмэгдлийг хэзээнээс эхэлж олгож эхлэх вэ?
 
-Зургадугаар сарын 1-нээс эхэлж олгож эхэлсэн.
 
-Одоо тэттэвэр тогтоолгох гэсэн хүмүүс байгаа байх. Тэтгэвэр авах эрх хэрхэн үүсдэг юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-Тэтгэврийн төрлөөс хамаарч тэтгэвэр тогтоолгох болзол нь өөр байдаг. Тэгэхээр эхлээд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ. Тэтгэврийн өндөр настан, тахир дутуу, тэжээгчээ алдсаны гэсэн гурван төрөл бий. Харин бүрэн болон хувь тэнцүүлсэн гэж хоёр ангилдаг. Өндөр настны тэтгэвэр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 настай 20-иос доошгүй жил ажилласан бол бүрэн тэтгэвэр авах эрх үүснэ. Харин 10-аас доошгүй жил ажилласан байвал хувь тэнцүүлсний тэтгэвэр үүсдэг.
 
Тахир дутуугийн тэтгэвэр нь хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан, тахир дутуу болохын өмнөх таван жилийн гурван жил ажилласан бол бүрэн тэтгэвэрээ авна. Гурваас доошгүй жил ажилласан бол хувь тэнцүүлсэн тэтгэврийн эрх үүснэ. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгчийн асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд олгодог. Энэ тэтгэврийг нас барсны өмнөх таван жилийн гурван жил ажилласан бол бүрэн, нэг жил ажилласан байвал хувь тэнцүүлсэн тэтгэвэрийн эрх үүсгэдэг. Энэ болзлыг биелүүлэхгүй бол нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй учраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой.
 
-Ямар материал бүрдүүлэх ёстой вэ?
 
-Хөдөлмөрийн дэвтэр, шаардлагатай тохиолдолд хороо хариуцсан байцаагчид материалаа шалгуулж, архивын лавлагаа тушаалын хуулбар, Улсын бүртгэлийн газраас нэр сольсон бичиг, шүүхийн шийдвэрийг хүлээнэ. Мөн шаардлагатай тохиолдолд 1990-1994 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, 1995 оноос хойш бүх нийгмийн даатгалын дэвтэр, сүүлийн 20 жилийн доторх дараалсан таван жил ажилласан цалингийн тодорхойлолт хэрэг болно. Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн хүний гараар бичсэн өргөдөл, хоёр хувь цээж зураг, нотариатаар батлуулсан иргэний үнэмлэхний хуулбар, цэргийн алба хаасан иргэн цэргийн алба хаасны лавлагаагаа авч ирэх ёстой.
 
Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эх тэтгэвэр тогтоолгоход нотариатаар батлуулсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар хэрэгтэй. Хэрвээ хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр тогтоолгох бол эмнэлэг, хөдөмөр магадлалын комиссын акт, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох бол нас барсны гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээ шаардлагатай. Ер нь тэтгэвэр тогтоолгохыг хүссэн хүмүүс ажлаасаа гарахаас гурван сарын өмнөөс эхэлж харьяа дүүргийнхээ тэтгэврийн байцаагчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй байдаг л даа. Хүмүүс ихэвчлэн ажлаасаа гарсныхаа дараа тэтгэвэр тогтоолгох гэдэг. Зарим нэг материал нь дутуу, буцах тохиолдол олон гардаг. Иймд гурван сарын өмнөөс эхэлж бэлдвэл, дутуу бичиг баримт байвал гүйцээж болно. Тэгвэл асуудалгүй, хурдан тэтгэвэр олгогдоно.
 
-Тэтгэвэр анх тогтоолгосон хэмжээгээ өөрчилж болдог уу?
 
-Болно. Зөвхөн нэг удаа өөрчлөх боломжтой. Өмнө нь тэтгэвэр тогтоолгосон цалинг өөрчилдөггүй байсан. Нэгэнт тэтгэвэр тогтоолгосон бол өөрчлөх боломжгүй байлаа. Одоо бол нэг удаа тэтгэвэр тогтоолгосон цалингаа өөрчлөх боломжтой. Жишээлбэл, би 2010-2015 оны цалингаа сонгоод тэтгэвэр тогтоолгосон байлаа гэж бодьё. Гэтэл цалингийн индекс өөрчлөгдөж, 1995-2000 оны цалинг сонговол миний тэтгэвэр нэмэгдэх боломж байгаад байдаг. Гэтэл нийгмийн даатгалаас та 2010-2015 оны цалингаа сонгосон байна. дахиж сонгох боломжгүй гэдэг байсан. Үүнийг болиод аль их тэтгэвэр авч болох цалинг сонгодог болсон.
 
-Жилд нэг удаа солих юм уу?
-Үгүй. Амьдралдаа ганц л удаа солих боломжтой.

Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.