Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоног улс орон болоод улс төрийн амьдралд харьцангүй  тайван долоо хоног болж өнгөрлөө. Хамгийн их шуугиан дэгдээсэн мэдээлэл нь МАХН-ын  нойтон өлсгөлөн түүнийг тойрсон хэд хэдэн үйл явдал байлаа. Мөн УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад айлчилсан билээ. Түүнчлэн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр, авто машингүй өдөр тохиолоо. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын нэр бүхий гишүүд нойтон өлсгөлөн зарлав

МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарын зарим нэр дэвшигчдэд хууль хяналтын байгууллагаас УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй хэмээн мэдэгдээд байcан.  Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын нэр бүхий гишүүд гурван өдрийн турш нойтон  өлсгөлөн зарласан юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн шинэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжих учраас хуучин хуулиараа Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэх тайлбарыг цагдаагийн байгууллагын өгсөн. Н.Энхбаярын хувьд ялтайд тооцох хугацаа хэдийн дууссан хэмээн үзэж буйгаа хэлж байв. 
 

CЕХ Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын дөрвөн хүнийг бүртгэхээс татгалзав

Н.Энхбаяр нар нойтон өлсөглөн зарлаад  ч үр дүнд хүрсэнгүй. Сонгуулийн ерөнхий хороо Н.Энхбаяр болон намын дөрвөн хүнийг  бүртгэхээс татгалзсан. Тодруулбал, тус намаас 2016 оны сонгуульд өрсөлдөөөр нэр дэвшигчдээс дараах хүмүүсийг бүртгээгүй байна. -МАХН-аас 6 дугаар тойрогт нэр дэвшсэн Д.Чинзориг
-МАХН-аас 24 дүгээр тойрогт нэр дэвшсэн Ж.Энхбаатар
-МАХН-аас 39 дүгээр тойрогт нэр дэвшсэн С.Саранхүү
-МАХН-аас 65-р тойрогт нэр дэвшсэн Э.Эрдэнэжамъян
-МАХН-аас  75-р тойрогт нэр дэвшсэн Н.Энхбаяр нар тус тус багтжээ.Тэднийг бүртгээгүй шалтгаанаа баримт бичиг дутуу, өр төлбөртэйгээс хуулийн шаардлага хангаагүй гэж үзжээ.

МАХН-ын 18 гишүүн намаасаа гарав
 
МАХН-ын нэр бүхий 18 хүн намаасаа гарч байгаа талаарх мэдэгдэл хийсэн.  Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарын зарим нэр дэвшигчдэд хууль хяналтын байгууллагаас УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй хэмээн мэдэгдэхтэй зэрэгцэн Н.Энхбаяр өлсгөлөн зарласан. Энэ нь өлсгөлөнгөөр сонгуульд орох эрх олж авах гэсэн хэлбэр учраас намын гишүүд нь өлсгөлөнг эсэргүүцсэн аж.

АН зарим нэр дэвшигчдээ эргүүлэн татлаа


 
Ардчилсан намаас Увс аймагт нэр дэвшигч Х.Баянмөнх аваргын охин Б.Сүрэнжав, Өвөрхангай аймагт нэр дэвшигч Ч.Даваабаяр нар нэрээ татаж, олны анхааралд өртөв. АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаж  дээрх нэр дэвшигчийг өөрчлөх шийдвэр гаргасан байдаг.  Гүйцэтгэх зөвлөлөөр Б.Сүрэнжавын оронд “Оюуны ундраа” компанийн захирал С.Отгонбаярыг, Ч.Даваабаярын оронд “Дэлгэрэх хүнс” компанийн захирал Д.Жаргал нарыг нэр дэвшүүлэхээр болжээ. Түүнчлэн Өвөрхангай аймагт нэр дэвших эрхээ өвөртлөөд байсан Ч.Даваабаяр эмэгтэй дэвшигчдэд боломж олгохоор ийн нэрээ татсан хэмээн мэдэгдэж байсан ч удалгүй АН-ын гишүүнчлэлээсээ татгалзсан юм. 

Нам, эвсэл нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хүлээлгэн өгөв


 
Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд  оролцохоор бүртгэгдсэн 11 нам, гурван эвсэл  хуульд заасан хугацаанд багтаан нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд  өнгөрсөн Мягмар гарагт хүлээлгэн өгөв.Харин сонгуульд  бие даан нэрээ дэвшүүлэгчид бие даан нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт буюу 6 дугаар сарын 01-ний дотор багтаан баримт бичгээ  Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэв.Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдлээр нь хүлээн авсны дараа  тэдгээрийг нягтлан шалгах учиртэй Ингэснээр Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах юм.
 
УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад айлчлав
 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийлээ. Ажлын айлчлалын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки, Ерөнхий сайд Шинзо Абе нартай уулзаж хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. 
 
Мөн тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Уг санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол, Япон Улсууд харилцан тохиролцож ажиллах хүч илгээх, хөдөлмөр эрхлэлт, ур чадвар дээшлүүлэх мэргэжлийн боловсролын сургалтад манай улсын дадлагажигчид хамрагдах цар хүрээ өргөжин, баталгаажих юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас Япон Улсад 1500 гаруй дадлагажигч ажиллаж байна.Түүнчлэн Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэлээ. Ингэснээр Монгол Улсад үр ашигтай нүүрсний хэрэглээг дэмжих зорилгоор цэвэр нүүрсний технологийн солилцоог гүнзгийрүүлэх, хамтарсан судалгааг дэмжих, нүүрс хийжүүлэх технологи болон хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх зэргээр хоёр улс хамтран ажиллах боломж бүрдэнэ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиов


 
“Олон улсын хүүхдийн эрхийн өдөр”  манай орон 62 дахь жилдээ тэмдэглэн өнөгрүүллээ. Энэ л өдөр бяцхан үрсийн минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болдог. Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан билээ. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Хүүхдийн баяр: Жилээс жилд, үеийн үед 6 дугаар сарын нэгэн хүүхдийн хамгийн их хүсэн хүлээдэг баярын өдөр болсоор байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.