Хятад, БНАСАУ-ын харилцаа сайжирч байна

Пхеньян өнгөрөгч сарын 31-ний өдрийн үүрээр Японы тэнгисийн зүг пуужин хөөргөсөн ч амжилтгүй болсон талаар БНСУ-ын цэргийн штабаас мэдээлсэн. Вонсаны ойролцоох бүс нутгаас Мусудан гэх дунд зайн баллистик пуужин туршсан байж магадгүй гэж албаныхан үзэж байсан юм. Тэгвэл энэ өдрөөс яг нэг хоногийн дараа буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Хойд Солонгосын төр засгийн өндөр албан тушаалтан БНХАУ-д ажлын айлчлал хийлээ. Бусад улс орныг бодвол, Пхеньянтай ойрын харилцаатай гэгддэг Хятад улс ч НҮБ-ын тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлж, тус улсын эсрэг бодлого баримтлах болсон юм.

Тэгвэл энэ өдөр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны дэд дарга Ри Су Ён БНХАУ-д ажлын айлчлал хийж, тус улсын дарга Си Зиньпинтэй уулзжээ. Хойд Солонгос улсын өндөр дээд албан тушаалтны энэ удаагийн айлчлал хоёр орны хүйтэрсэн харилцаа эргэн сайжирч буйг харуулж байна хэмээн зарим эх сурвалж онцолж байна. Умард Солонгосын Гадаад хэргийн сайд асан Ри Су Ён саяхан Хөдөлмөрийн намын намын төв хорооны дэд даргаар тушаал дэвшсэн аж. Тэрбээр Хятадын даргатай уулзах үеэрээ өнгөрсөн сарын эхээр зохион байгуулагдсан Хөдөлмөрийн намын VII их хурлын тухай дурьдсанаас гадна Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны дамжуулсан үгийг уламжилсан байна.
 
Синьхуа агентлагийн мэдээлснээр Умардын удирдагч Солонгосын хойг, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд Хятадтай уламжлалт худалдааны харилцаагаа бэхжүүлж, хөгжүүлэхийн тулд хүчин чармайлт гарна гэдгээ илэрхийлжээ. Харин Си Зиньпин хоёр орны нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдгөө мэдэгдсэн байна. Мөн сүүлийн үед улам бүр хурцдаж байгаа Солонгосын хойг дахь нөхцөл байдлын тухайд Хятад улсын байр суурь өөрчлөгдөхгүй гэдгийг Си дарга сануулсан байгаа юм. Хөдөлмөрийн намын төв хорооны дэд дарга Ри Су Ён ч гэсэн Ким Жон Уны хэлсэн үгийг дайж, цаашид ч тус улсын Засгийн газар цөмийн зэвсгийн хөгжүүлэлт баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.
 
Хөдөлмөрийн намын VII их хурлаар Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөгжүүлэлт, эдийн засгаа сэргээх гэсэн хоёр чиглэлийг баримтлахаар болсон ажээ. Уулзалтын үеэр энэ талаар Ри Су Ён Хятадын даргад уламжилсан байна. Харин талууд харилцаагаа сэргээхэд чиглэсэн чухам ямар алхмуудыг хийх нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ БНСУ-ын төв хэвлэлийн өчигдрийн дугаарт Хойд Солонгосын албан тушаалтан Хятадын талаас нэг сая тонн хоол хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлэхийг хүссэн тухай мэдээлжээ. Харин Хятадын тал хэмжээг нь бууруулж, 500 тонн хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлэхээ илэрхийлсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Хойд Солонгос улсын эсрэг авсан хориг арга хэмжээний зүйл заалтыг зөрчихгүй гэдгийг албаныхан тодотгож байна. Си дарга Умард Солонгосын дээгүүр албаны төлөөлөлтэй 2013 оны тавдугаар сараас хойш анх удаа уулзаж байгаа юм.
 
Ямартай ч, Хятад, Умард Солонгосын харилцаа үл ялиг дулаарах байдал ажиглагдаж байна. Гэвч сүүлийн үед дахин пуужин туршсантай холбоотойгоор АНУ-ын Засгийн газар Хойд Солонгос эсрэг санхүүгийн хориг арга хэмжээгээ чангаруулж байгаагаа мэдэгдээд байна.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.