Д.Алтанхуяг: -“Night of ballet” наадамд оролцохоор дэлхийн балетын урлагийн нүүр царай болсон шилдгүүд ирсэн
Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, Монгол улсын Соёлын элч, МУГЖ Д.Алтанхуяг тэргүүтэй найман орны 18 балетчин энэ сарын 4-ны өдөр үзэгчдэд дэлхийн сонгодог бүтээлүүдийг хүргэх гэж байна. “Night of ballet” олон улсын балетын наадмынхаа талаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Д.Алтанхуягтай цөөн хором ярилцлаа. 

-“Night of ballet” наадмын онцлогийн талаар яриагаа эхлэе? 
-“Анх 2011 онд “Night of ballet” олон улсын  наадмыг зохион байгуулж байлаа. Харин дараагийн жилд нь Японоос 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй балетийн хамтлаг ирж байсан юм. Сонгодог урлаг гэдэг бол үнэхээр глобал урлаг гэж боддог. Дэлхий даяараа глобалчлагдаж байгаа энэ цаг үед балетын урлагийг зөвхөн Монголдоо хөгжүүлээд, зөвхөн Монголынхоороо төсөөлөөд байх албагүй. Үүнийг мэргэжлийн балетчин хүнийхээ хувьд түрүүлж харсан гэх юм уу даа. Энэ жилийн хувьд сонгодог үзүүлбэрийг түлхүү оруулж өгсөн байгаа. 

-Тоглолтын талаар өөр задлах бэлэг юу байна?
- Манай тоглолтод дэлхийн сонгодог урлагийн нэр хүндтэй АНУ-ын “Бостон балет”, “Орландо балет”, “Синсинати балет”, Япон улсын “Комаки балет”, Канад улсын “Канадын үндэсний балет” болон Монгол улсын ДБЭТ-ын балет гоцлоочдыг Монголын тайзнаа нэгтгэж буйгаараа онцлог. Уригдан ирж буй бүжигчид маань ч их алдартай.  Родриго Алмаралес  гэх алдартай бүжигчинг манай үзэгчид сайн танина. Учир нь тэрбээр манай улсад хоёр дахь удаагаа ирж байгаа. Мөн Америкийн Жосеф Майкл Гатти, Бостоны Дасти Баттон гэх сонгодог урлагаараа төдийгүй  сошиал медиад нэр алдраа дуурсгасан мундаг бүжигчин ирж байгаа. Энэ жил анх удаагаа Канадын үндэсний балетаас бүжигчид  ирж байгаа. Канадад бүжиглэж буй япон бүжигчнээс гадна Япон, БНХАУ, ОХУ гэхчилэн олон сайхан бүжигчид оролцоно. Түүнчлэн наадамд урлаг шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авдаг “Тэсрэх бөмбөг” Жозеф, Майкли Гатти, уран техникийн илэрхийлэл Родриго Алмаралес, “Гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлын гайхамшиг” хэмээн нэрлэгдсэн Лаша Хозашвилий, Дасти Баттон нар оролцож, өөрсдийн гайхамшигт тоглолтоо ганцхан удаа толилуулах юм байна.

-Дуучин Г.Эрдэнэчимэгтэй хамтарсан үзүүлбэр үзүүлнэ гэж сонссон?
- Тоглолтын үеэр уртын дуучин Г.Эрдэнэчимэгтэй хамтран “Монгол бахархал” уран бүтээлийг анх удаа үзэгчдэд сонирхуулахаар бэлдэж байна.

-Дэлхийн шилдэг бүжигчид ирсэн байна. Мөн манай УДБЭТ-ын бүжигчдээс оролцож байгаа учир хамтарсан үзүүлбэрүүд үзүүлбэл үзэгчдэд сонин байх? 
-Тиймээ. Дэлхийн балетын урлагийн нүүр царай болсон шилдгүүд ирсэн учир манай Монголын бүжигчидтэй  хамтран тогловол үзэгчдэд таалагдах байх. Миний хувьд ангийн анд МУГЖ Ч.Ганчимэгтэйгээ “Уран хас”-ыг бүжиглэнэ. Манай УДБЭТ-ын гоцлооч О.Анужин Жозеф, Майкли Гатти  хэмээх шилдэг бүжигчинтэй хамтран тоглож байгаа. 

-Үзүүлбэрүүдийн хувьд сонгодгуудыг түлхүү оруулсан гэлээ. Тухайлбал ямар ямар шилдэг бүтээлүүд тайзнаа амилах вэ?
-“Night of ballet” олон улсын наадмын тайзнаа “Уран хас”, “Хунт нуур”, “Дон Кихот” зэрэг сонгодог урлагийн сор бүтээлүүд амилна. Мөн дэлхийн шилдэг балетын бүжигчдийн орчин үеийн сонгодог хөгжлийг харуулахаар бэлдэж байгаа. 

-Наадам зохион байгуулахад мэдээж багагүй хэмжээний зардал гарч байгаа болов уу. Эдийн засаг хүнд байгаа энэ үед наадам хийхэд, олон улсын алдартнуудыг урихад санхүүгийн бэрхшээлтэй байв уу?
-Эдийн засгийн хувьд мэдээж амар биш. Олон алдартныг урих тусмаа зардал өснө. Гэхдээ эдийн засгийн хүндрэлээс болж, наадмаа алгасахыг хүсээгүй. Энэхүү хүслийг минь хүндэтгэн “Night of ballet” наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй   Corporate Convention Centre компани болоод Т.Ганболд захиралдаа талархлаа илэрхиймээр байна. Тус төвийн концертын танхимд бид наадмаа хийнэ. Маш сайхан танхим, тайз. Сонгодог урлагийн тайз гэдэг бусдаас ялгаатай. Тэр бүхнийг хангахын тулд ажиллаж байгаа бүх хүмүүст талархал илэрхийлэх нь зөв болов уу. Цаашид хамтарч ажиллах урам зориг өгч байна.



Тоглолтод оролцохоор ирсэн балетчдын хувьд Монголд ирсэн талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм. 

“Бостон балет” театрын гоцлол бүжигчин Дасти Баттон: Монголд ирж энэхүү олон улсын наадамд оролцох болсондоо их баяртай байна. Тоглолтын бэлтгэл сайн хангагдсан. Маш сайхан тоглолт болно гэж бодож байна. Уг наадамд оролцож, олон сайхан найзуудтай болсондоо баяртай байна.
 
“Канадын үндэсний балет” театрын гоцлол бүжигчин Елена Лобсанова: Монголд анх удаагаа ирж, уг наадамд театрынхаа Наояа Эбэтэй хамт оролцох гэж байна. Монгол оронд ирж сургуулилтад оролцохоос гадна Хүүхдийн баярыг “Монголын шинэ балет” сургалтын төвийн хүүхдүүдтэй хамт нэг өдрийг өнгөрүүлж, сайхан байлаа. Ялангуяа олон орны бүжигчидтэй танилцаж, нэг баг болон ажиллаж байгаад таатай байна.

Сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлэх Night of ballet  наадам энэ сарын 4-ний 19.00 цагт Конвейншн центрийн Концертийн танхимд зохион байгуулах гэж байна. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч, 100,000-120,000 төгрөгөөр худалдаалж байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.