Зусланд амраахын зэрэгцээ эрүүл мэндийг нь нэг шалгуулчих
Сурагчдын зуны амралт эхэлж, зун цагийг зугаатай өнгөрүүлэх мөч ойртсоор байна. Хүүхдийн зуслангууд ч хүүхэд багачуудаа хүлээн авахаар бэлтгэлээ аль хэдийнэ базааж, зарим нь ч эрхийн бичгээ худалдаад эхэлжээ. Одоогоор нийслэлд 24 зуслан үйл ажиллагаа явуулахаар мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд төлбөрийн дундаж үнэ хоногийн 23-25 мянган төгрөг байх гэнэ. Түүнчлэн зуслангийн эхний ээлж энэ сарын 08-нд эхлэх тов ч гарчээ. Бэлтгэл ажлын хүрээнд “Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр” булгийн удирдагч багш бэлтгэх сургалтыг “Мөрөөдөл” хүүхдийн зусланд зохион байгуулж, нийт 90 оюутан залуус хамрагдсан юм байна. Мөн хүүхдийн зуслангийн эмч, тогооч нарын “Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй” сургалтыг ч явуулжээ.
 
Харин нийслэлийн Засаг даргын захирамжаар ногоон бүсийн 24 зуслангийн бэлтгэл ажил, Монгол Улсын стандартын хэргжилтийг хангуулах шалгалтыг ч хийгээд амжиж. Энэ бүх бэлтгэлээ базаасан болохоор Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас энэ зун ажиллах хүүхдийн зуслангуудыг олон нийтэд танилцуулсан. Ерөнхийдөө үйл ажиллагаа явуулах эрх бүхий зуслангуудын зөвшөөрлийг жил бүрийн зургадугаар сарын эхээр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу НЗДТГ, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар гэсэн зургаан байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг дээрх сургалт, шалгалтыг явуулсны дараа олгодог учиртай.
 
Гэсэн хэдий ч өнгөн дээрээ шалгалтад тэнцчихээд, цаана нь стандарт хангаагүй байж мэдэх тул сэрэмжтэй байхад илүүдэхгүй биз. Учир нь шалгалтад тэндсэн гэх зуслангуудад хоолны хордлогын өвчлөл жил тутам буурахгүй гарах болсон талаар эх сурвалжийн мэдээлэл батлаад байгаа юм. Түүгээр ч барахгүй 2014 онд гэхэд л хүүхдийн амралт дөнгөж эхэлж байхад “Ундраа” зуслангийн амрагч 20 гаруй хүүхэд хоолны хордлогод орж, түргэн тусламжийн машинаар хотын эмнэлгүүдэд хүргэгдэж ирж байсан гашуун түүх бийг мартах учиргүй. Нэг л удаагийн хоолны хордлого нэг насны өвчинг тээж ирдэг гэдэг. Тиймээс бяцхан хүүхдийг хүмүүжүүлэх нэрээр хордуулж байгаа газруудыг “сайн чангалах” шаардлагатай юм.
 
Үүнээс гадна энэ жилийн хувьд улаанбурхан, гар, хөл амны өвчний дэгдэлт их байгаа. Тиймээс зуслангуудад тавих хараа хяналтаа урьд урьдынхаас илүүтэй чангаруулж, эрүүл ахуйг дээд зэргээр сахиулах шаардлагатай байна. Бөөн бөөнөөрөө өвдөж, хордсоных нь дараа хариуцлага ярьж суухын оронд өвдөж, хордохоос нь өмнө арга хэмжээ авах нь зүйн хэрэг биз. Нөгөө талдаа эцэг, эхчүүд ч хариуцлагатай байх хэрэгтэй.
 
Уг нь зуслангууд амрагч хүүхдүүдийг хүлээн авахдаа эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх шинжилгээнд хамрагдсан эсэхийг шалгадаг. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдээ харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвд аваачиж үзүүлэхгүй танил хөнгөн хийсвэр хандаж, эрүүл мэндийн бичгийг танил талаасаа авчихдаг гэм бий. Эсвэл хуурамч бичиг тодорхой хэмжээний өртөгтэйгээр худалдан борлуулдаг этгээдүүдээс авчихдаг гээд асуудал их байдаг. Нэг удаа амраах гэсэн биш нэг насны өвчтэй болгочих вий гэсэн болгоомжлол эцэг, эхчүүдэд үнэндээ алга. Ер нь бол хүүхдүүдийг зусланд амраахын тулд www. child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авч, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэх хэрэгтэй. Харин хувийн болон харьяаллын бус эмнэлгээр бөглүүлбэл хүчингүйд тооцохыг албаны хүн нь анхааруулсан шүү.
 
Мөн зусланд амрах хүүхдүүд дотор, арьс, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгөх юм билээ. Харин өсвөр насныхан буюу 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн. Тиймээс л эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдүүддээ анхаарал хандуулах шаардлагатай болоод байгаа юм. 14 настай охин хүүхэд төрүүлж байгаа өнөө цагт зусланд амрахаар явахад нь ч сэрэмжлэх хэрэгтэй болох нь. Уг нь эцэг, эхчүүд л хүүхдүүдээ зусланд амраахын зэрэгцээ эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт биечлэн хамруулж, хүүхдийнхээ эрүүл мэндийг нэг удаа шалгуулчихад хэцүү зүйл үгүй мэт санагдана.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.